2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 93.90 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 92.65 ам.доллар/баррель ханштайгаар хаагдсан нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд, харин 2022 он гарснаас хойш нийт 17 орчим хувиар өссөн байна.
Газрын тосны үнийн энэхүү өсөлттэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын шатахууны дундаж үнэ 1.24 ам.доллар байгаа бөгөөд тухайлбал АНУ-д дунджаар 0.98 ам.доллар, ОХУ-д 0.67 ам.доллар, БНЭУ-д 1.38 ам.доллар, БНХАУ-д 1.17 ам.доллар, БНСУ-д 1.38 ам.доллар, Израйль улсад 2.17 ам.доллар байгаа бол манай улсын шатахууны дундаж үнэ 0.97 ам.доллар байна.
Монгол Улсад импортолж байгаа шатахууны хилийн үнэ Сингапурын бирж дээрх түүхий нефтийн үнийн хөдөлгөөнтэй уялдаж, зах зээлийн зарчмаар сар бүр шинэчлэн тогтоогдож байна. 2022 оны хоёрдугаар сард ОХУ-аас нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 833 ам.доллар, дизель түлш тонн тутамдаа 799 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 86-94 ам.доллараар нэмэгджээ.
Монголын дотоод дахь газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэтэй шууд хамааралтай байдаг.
Холбоотой мэдээ