Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг, “Хүнсний 4”-ийн орчимд зорчигч тээвэрлэж явсан гурван автобус суудлын гурван суудлын машинтай мөргөлдсөн осол өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд гарсан. Ослын улмаас нэг хүн бэртсэн. Өнөөдрийн байдлаар осол гаргасан жолооч нарын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.
Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ “Нийтийн тээвэр осол гаргасан хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд гурван автобус суудлын гурван автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас хүн бэртсэн учраас хэргийг шалгаж байна. Иймд жолооч нарт ямар хариуцлага тооцсон тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Мөн хүнсний нэгдүгээр дэлгүүрийн орчимд нийтийн тээврийн автобус осол гаргасан” гэсэн юм.
Цагдаагийн албан хаагчдын өгч буй мэдээллээр нийтийн тээврийн жолооч нар осол гаргасан зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Зарим тохиолдолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ч гарч байсан аж. Энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой гомдол мэдээлэл тасардаггүй. Ялангуяа жолооч нар бүхээгтээ тамхи татах, хурд хэтрүүлэх, огцом тоормослох, зорчигчдыг загнах, хараал хэлэх зэргээр нийтийн тээврийн стандартад нийцсэн туршлагатай жолооч нар дутагдалтай болохыг ч нийтийн тээврийн салбарынхан хүлээн зөвшөөрсөн билээ. Иймд нийтийн тээврийг тойрсон асуудлаар Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.
–Нийтийн тээврийн жолооч нар бүхээгт тамхи татах, хурд хэтрүүлэх, зорчигчидтой маргалдах зэрэг иргэдийн гомдол мэдээлэл тасардаггүй. Зөрчил гаргасан жолооч нарт ямар хариуцлага тооцдог вэ?
-Нийтийн тээврийн газрын 7004-4040 иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг дугаарт өдөрт дунджаар 50-60 гомдол мэдээлэл бүртгэгддэг. Үүний дийлэнх нь жолооч нар бүхээгт тамхи татсан тухай гомдол эзэлдэг. Энэ дагуу авто тээврийн 20 гаруй улсын байцаагч хяналт тавьж ажилладаг. Жолооч нарт тогтмол амны хаалтаа зүүх шаардлага тавьдаг. Иймд сүүлийн үед жолооч нар бүхээгт тамхи татах, амны хаалтгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарах зөрчил харьцангуй буурсан. Мөн иргэний гомдол мэдээлэл үндэслэлтэй бол жолоочийг Зөрчлийн тухай хуулиар торгох, сургалтад хамруулах арга хэмжээг авдаг.
–Та хэлэхдээ тухайн гомдол мэдээлэл үндэслэлтэй тохиолдолд хариуцлага тооцно гэлээ. Утсаар өгсөн гомдол мэдээллийг шийдвэрлэдэг үү?
-Зөвхөн жолооч нар бус зорчигч нар хоорондоо маргалдаж гомдол гаргах тохиолдол ч байна. Ийм гомдол мэдээллийг Нийслэлийн тээврийн газар шийдвэрлэх боломжгүй. Тухайн өргөдөл гомдол өгсөн хүний мэдээлэлд авто тээврийн улсын байцаагч нар ажиллаж үндэслэлтэй бол хариуцлага тооцно. Жишээ нь, жолооч нар зорчигчдыг хэл амаар доромжилсон үйлдэл бичлэгээр нотлогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
–Зөрчил гаргасан жолооч нарыг давтан сургалтад хамруулснаар үр дүн гарсан уу?
-Зорчигч тээврийн нэгтгэлийн “Нарны зам” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг. Тус төвд давтан зөрчил гаргасан жолооч нарыг сургалтад хамруулдаг. Сургалтад хамрагдсан жолооч нарын хувьд давтан алдаа гаргах нь маш бага. Учир нь, нийтийн тээврийн үйлчилгээний соёл, жолооч нарын харилцаа хандлагын тухай сургалт ордог.
–Сар шинийн баярын өмнө нийтийн тээврийн гурван автобус суудлын гурван суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Осол гаргасан жолооч нарт хариуцлага тооцов уу. Ийм тохиолдолд жолооч нарт ямар арга хэмжээ авч байна вэ?
–Тээврийн цагдаагийн албанаас тухайн осол болсон газарт ажиллаж хөдөлгөөний аюулгүй байдлын талаас арга хэмжээ авна. Мөн жолооч нарт хариуцлага тооцно. Бидний зүгээс "ДЮЦ" ХХК автотээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Мөн тухайн байгууллага дотоодод холбогдох арга хэмжээ авна.
–Нийтийн тээврийн үйлчилгээний газарт стантартад нийцэх туршлагатай жолооч нар дутмаг байгаа тухай яригддаг. Жолооч нарт ямар шалгуур тавьдаг вэ?
-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэх жолооч нь D ангилалтай, 21-ээс дээш настай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэхчлэн заалт бий. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд нийтэд үйлчлэх соёл, тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд заалгасан гэсэн үг.
Гэсэн ч нийтийн тээврийн үйлчилгээний газарт цар тахлын үед хүний нөөцийн асуудал гарсан. Жолооч нар халдварт өртөх тохиолдол цөөнгүй гарсан. Хоёрдугаарт, жолоочийн цалингийн асуудалтай холбоотой мэргэшсэн шаардлага хангасан жолооч нар илүү өндөр цалинтай уурхайд ажиллах, ачаа тээвэрт явсан асуудал ч бий. Ийм боловч бид үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Одоогоор салбарын хэмжээнд ямар нэгэн байдлаар хүний нөөцийн тасалдал үүсэх нөхцөл байхгүй.
–Жолооч нараас гадна автобус өвөлдөө хүйтэн, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн үед хүрэлцээгүй, удаан хүлээгддэг асуудал нийтлэг. Удахгүй оюутан сурагчдын хичээл эхэлнэ. Энэ үед нийтийн тээвэр ямар зохицуулалтаар ажиллах вэ. Нийтийн тээвэр нэмэлтээр үйлчилгээнд гарах уу?
-Нийтийн тээвэрт 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 17 нь хувийн аж ахуйн нэгж бол хоёр нь төрийн өмчит. Тухайн аж ахуйн нэгжүүд өглөө бүр тээврийн аюулгүй байдал, жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Хэрэв эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай бол тухайн жолоочийг ажилд гаргадаггүй. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хүртээмж түгжрэлтэй салшгүй холбоотой. Нийтийн тээвэр өдөр тутамд 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гардаг. Үүний 300 орчим нь 2009 оных. Хамгийн өндөр насжилттай гэсэн үг.
Эдгээр автобусыг шинэчлэх том зорилт тавьж төлөвлөөд байна. Үүнээс гадна, автобусны аюулгүй байдалд хяналт тавьж, халаагуурын систем ажиллаагүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй бол үйлчилгээнд явуулахгүй. Монголын эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд автобус хооронд 300-500 метр яваад тухайн автобусны хаалгаар хүйтэн агаар орж ирнэ.
Ийм нөхцөлд автобусны халаагуур ажиллаагүй тохиолдол байхгүй. Мөн өвөл автобус хүйтэн байгаа нь насжилттай холбоотой. Бид автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэлт хийх талаар ярьж байна. Энэ хүрээнд 60 автобусыг хоёрдугаар сард багтаан авна. Дараа нь энэ онд багтаан 250 орчим автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Хэдийгээр автобусны тоог нэмсэн ч авто замаас хамааралтай. Ажил эхлэх үед хотын захаас төв рүү чиглэсэн ачаалал нэмэгддэг бол ажил тарах үед төвөөс зах руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Нийтийн тээврийн газраас тухайн автобусны чиглэлд иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр 5-12 минутын давтамжтай төлөвлөлт хийдэг. Гэвч төлөвлөгөөний дагуу автобуснууд үйлчилгээнд гарсан ч түгжрэлээс хамаарч нэг талд авто замын түгжрэл, бөөгнөрөл үүсдэг. Иймд ачаалалтай хэсэгт богино эргэлтийн тээврийн хэрэгслүүдээр зохицуулалт хийж байна.
Холбоотой мэдээ