Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон гаргаж, туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг. Өмнөд хөрш өнөөдөр ямар өндөрлөгт хүрч, дэлхийн хөгжлийг тодорхойлох болсноо өөрсдийн зохион байгуулж буй өвлийн олимпийн нээлтээр харуулав.
Өргөн хүрээнд тэмдэглээгүй Цагаан сараар үндэсний өв соёлыг сурталчилсан, үүх түүхээр үнэн зөвөөр аялуулсан телевизийн нэвтрүүлэг тун чиг маруухан…
Монголчуудын ёс заншлын талаар өгүүлэх нэвтрүүлэгт дуучид голдуу олны танилууд оролцон их мэдэгчийн дүр эсгэх нь гаслантай. Нэгэн телевизээр нэгэн дуучин монгол бичгийг Чингис хаан Тататунгаагаар зохиолгосон гэж залахыг сонссон нөгөө дуучин “Мундаг хариуллаа” гэж байх нь энүүхэнд. Монгол судлаачид байхгүй болсон уу, Монголын телевизүүд тоохоо больсон уу, судлаачид нь өөртөө зориулж судалдаг болсон уу, бүү мэд. Хэдэн дуучин, жүжигчин Монголын судлаачдын төдийгүй бүхнийг төлөөлдөг болжээ.
Арилжааныхан нь байг гэхэд өрх бүрээс татвар авдаг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийг үзээд бушуухан сувгаа сольмоор… Аймаг аймгийн алдартнуудыг оролцуулсан цуврал нэвтрүүлэг үнэхээр бачимдуулав. Монголын цорын ганц сансрын нисэгчийг булганчуудын хүүхэд шиг хойноо суулгаж, охид, бүсгүйчүүдийг “бузарласан” гэх хэрэгт холбогдсон улстөрчийг, хэн ч мэдэхгүй /бодвол өндөр албан тушаалтан бололтой/ урдаа залсан нь хүчирхийллийг “дэмжсэн” аястай. Ганц Жүгдэрдэмидийн Гүррагчааг ч бус Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээс эхлээд Монголд төдийгүй гадаадад нэрээ дуурсгасан алдартантнуудаа ийнхүү ижил суудалд суулгасан нь тухайн оролцогч гэхээсээ илүүтэй мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг зарчмыг барьсан бололтой. Үүгээрээ ах зах, ахмад буурлаа хүндэтгэн дээдэлдэг Цагаан сарынхаа мөн чанарыг үгүйсгэж орхив.
Цагаан сараар хийц, донж сайтай, лам хуварга, эрдэмтэн мэргэд оролцсон нэгэн нэвтрүүлэг гарсан нь сайшаалтай боловч агуулга бас л… Тэрхүү нэвтрүүлгээр бол монголчууд анхнаасаа бурхны шашинг шүтдэг байсан төдийгүй бөө мөргөлийг үгүйсгэсэн нээлтэй байв. Ингэхдээ хүннү нарын булшнаас дэн олдсон нь бурхны шашныг шүтэж байсны баталгаа гэх нь бүр гайхшрал төрүүлнэ. Галаа шүтдэг монголчууд гэрэл гаргах дэн хэрэглэдэг байсныг бурхны шашны зул гэж улайм цайм гөрдөж болох уу даа. Монголчуудын өв соёл, ёс заншлаас илүүтэй удахгүй зүтгүүлэх хуулийн төслийн өмнөх тархи угаалт гэж үүнийг харах уу, эрдэмтэд хүртэл ингэж хэлсэн гээд сохроор итгэх үү?
Ер нь бид чинь гадныг шүтээд өөрсдийгөө мэдэхгүй үгүйсгэсэн. Мэдэхээ байсныг нь далимдуулсан мэргэн бөөдийнүүдэд л итгэдэг болчихсон улс юм биш үү?!
Сонгосон нийгмийнхээ үнэт зүйлс рүү байнга нулимж, хуучны хүлээсийг сурталчлах мэт коммунизмын үзэл суртлын киногоо ядаж бүгд гаргана. Мориндоо хайртай монгол хүний сэтгэлийг сэргээсэн “Хийморь” МУСК-г эс тооцвол үнэндээ үндэсний гэх контент байсангүй. Харин үндэсний соёлоо үгүйсгэсэн нь олон байлаа.
Дээр нь нэмэгдээд хошин урлагийнхан гэх "салбадайнууд" Монголын их түүхийг эмээх зүйлгүй гутаан доромжилж, тэрийгээ урлаг гэж дэвсэлдэг явдал баяраас баярын хооронд нэмэгджээ.
Ийм болохоор телевизүүдийн бэлтгэсэн баярын нэвтрүүлэг баяр бахдалаас илүү бухимдал, дургүйцлийн хүргэх төдийгүй үндэсний өв соёлоо үгүйсгэх бодлого яваад байна уу гэлтэй.
Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх, соёл хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас бидний өвөг дээдэс болсон анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьсан ч гэлцдэг. Гэтэл бид өөрсдийгөө улам бүр гээсээр… Жил бүр Цагаан сар ямар учиртай болох тухай дуучдаар хичээл заалгасаар…
Ургамал бүхэн амь орж, гол горхи сэргэн хоржигнон мяралзах уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар ирсэн эрх чөлөөт нүүдэлчдэд нэгэн хавар ирэхэд үзэх олигтой контент байсангүй. Чөлөөт уран бүтээлчдийн “Бэхи” баримтат кино олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэн телевизийн эфирийн цагийг бөглөв. Хаа очиход битүүний барилдаан сайхан болов. Бусдаар гэртээ байсан монголчуудад телевизийн өмнө уях ганц зүйл нь өвлийн олимп байсан гэвэл хилсдэхгүй.
Тиймээс Цагаан сарыг “ногоорсон” телевизүүд бус цасны олимп аварлаа. Өрх бүрээс мөнгө авдаг шиг өргөн сувгийн телевизүүд нь ядаж ичмээр…
Холбоотой мэдээ