Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл | News.MN

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв.

1. Талууд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг санал нэгтэй тэмдэглээд, Бээжингийн өвлийн олимпын наадам нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үйлсэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдаж байгаад монголын тал баяр хүргэн амжилт хүсэв. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Монголын тал идэвхтэй дэмжиж байгаад Хятадын тал талархал илэрхийлэв.

2. Талууд Монгол, Хятад нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд гэдэгт санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улс урт хугацааны стратегийн хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцон эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршино. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов.

3.  Талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бататгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцов. Цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлнэ. Хоёр талын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулна.

4. Талууд коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.

5. Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв.

–           Монголын тал “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

–           Талууд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулна.

–           Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр талууд хоёр улсын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх ажиллагааг хангах, улмаар боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Талууд харилцан тохиролцсон төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжинэ.

–           Талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно.

–           Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална.

–           Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.

–           Талууд экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлооно. Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.

–           Талууд “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг оросын талтай хамтран урагшлуулна.

6. Талууд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлаас хамааран хоёр улсын иргэд харилцан зорчих, хүмүүнлэгийн солилцоог сэргээхэд түлхэц үзүүлж, хоёр улсын ард иргэд хоорондын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр тохиролцов.

7. Талууд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд мэргэжилтэн, судлаач, оюутны харилцан солилцоог явуулахаар тохиролцов.

8. Талууд олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулж, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад НҮБ голлох үүрэгтэйг нотлов. Түүнчлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго болон зарчимд тулгуурласан олон улсын харилцааны суурь зарчмыг баримталж, олон талт үзлийг хамтран хамгаалах, мөн энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний талаарх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

9. Талууд “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол”-д тус тус гарын үсэг зурж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцов.

эх сурвалж: www.mongolia.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Живж буй онгоцноос бүгд л хулгай хийж бна даа...тэд ч яахав завинд суучлаа... 2022-02-07 66.181.161.37

600 тэрбум үнэлгээтэй ордын 400 тэрбумыг нь өгөөд уурхай ухуулах гэсэн, цаадуул нь авсан 400-даа бид хариуцна, та нар өөрсдөө тэр 34-ийн зардлаа гаргаарай гэсэн байдаг. РИО-д 400 тэрбумыг зүв зүгээр өгчихсөн. Тэгээд татварыг нь нэмээд хөнгөлж өгсөн. Монголын үндэсний компанид ч ийм боломж олддоггүй. Монголын ҮНБ 10 тэрбум доллар. Монголын 40-50 жил идэх баялгийг гадны компанид зүгээр май гээд татваргүй бэлэглэсэн. Биднээс бол ясыг нь тултал татвардаж дээрэмдэж, суутгана.

Avatar

Зочин 2022-02-07 150.129.142.10

b**s

Avatar

иргэн 2022-02-07 202.9.40.60

"Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав." гэсэн өгүүлбэрийг …" тууштай тэмцэхийн сацуу цар тахлыг улс төржүүлэхийг …" гэвэл илүү зөв болох байв.

Avatar

Оноч 2022-02-07 119.40.98.106

Худлаа шаацгаахаа зогсоо. Оюу Толгой 600 тэрбум ордын 400 тэрбумыг өгөөд уурхай ухуулах гэсэн, цаад авсан тал х** өөрсдөө 34-т ноогдох зардлаа гаргаарай гэсэн байдаг. Монголчууд 400 тэрбумыг РИО-д зүв зүгээр бэлэглэсэн. Бүүр татварыг хөнгөлж өгсөн. РИО энэ 400 тэрбумын ордоо 40 жил зөөнө. бага татвартай. Хүнээс үнэгүй юм аваад татварыг нь бууруулуулаад авчихсан. Таван толгойг Шинхуад яг ингэж өгөх гэж байхад нь зогсоосон. Төмөр замыг нь бойкотлож байж зогсоосон юм.

Avatar

Г 2022-02-07 203.98.76.100

Сайн ажиллаж байгаа

Avatar

Зочин 2022-02-07 202.9.40.77

Хүмүүсийн яриад бичээд байсан шиг зүгээр нэг олимп үзэх гэж яваагүй байна шүү дээ. Олон том ажил амжуулжээ.Улс орныхоо эрх ашгийн төлөө сөрөг хүчин байсан ч гэсэн хамтарч ажиллах ёстой. Сөрөг намын нөхөд гэхээр л бүх зүйлийг харлуулж болохгүй. хөрш хоёр улстайгаа эвтэй найртай хамтарч ажиллах нь манай улсын гадаад бодлогын ягуур нь юм шүү дээ нөхдөө.Хятад руу явлаа гэж олон хүмүүс шүүмжилж сэтгэгдлээ бичсэн байна. Тэр тэнэг хүмүүст хөнжлийнхөө хэрээ мэдэж хөлүү жийдгийг сануулъя. Ухаантай
бай

Avatar

Зочин 2022-02-07 66.181.179.45

Хятадын хөрөнөг оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалж Африкийн араас орлоо гэж .Удахгүй МОНГОЛ бол Хятадын ханлиг дагуур улс мөн гэх юм байна.даа.

Avatar

Зочин 2022-02-07 66.181.190.130

Хятад улстай найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлсэн орон л Хятадын хамаарал бүхий дагуул улс болчихдог юм уу .Дэлхийн бараг бүх улс манайхаас илүү энэ улстай хамтын ажиллагаа өрнүүлж хамтран ажиллаж байна

Avatar

зочин 2022-02-07 202.126.90.2

оюунэхдэнэ овооштээ сайн ажиллаж байна шүү амжилт хүсве

Avatar

зочин 2022-02-07 192.82.65.56

Үхсэн хойноо, нэг гадаад явсан чинь аймар сайн ажиллаж байна уу?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж