"Э.Бат-Үүлд холбогдох шүүхийн шийдвэр өнөөдөр бичгээр гарна"

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

"Э.Бат-Үүлд холбогдох шүүхийн шийдвэр өнөөдөр бичгээр гарна"

"Э.Бат-Үүлд холбогдох шүүхийн шийдвэр өнөөдөр бичгээр гарна"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард дөрвөн жил хорих ял оноож, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл өдгөө хоёр сар гаруй хоригдох хугацаанд шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа учраас давж заалдах боломжгүй байгаа талаар түүний өмгөөлөгч хэлж байв.

Шүүхийн шийдвэр бичгээр, албажиж гараагүй шалтгааныг эх сурвалжаас тодруулахад шүүгч нь Covid-19-өөр өвчилсөн байсан тул өнөөдөр шүүхийн шийдвэрээ бичгээр албажуулна гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бичгээр албажсанаас хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах хуулийн хугацаатай байдаг.

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.

Түүнийг улс төрийн хоригдол гэж олон хүн ярьж байсан. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хүмүүс өмөөрч байв. С.Баяр жиргээндээ “Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадаадын "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү" гэж жиргэж байсан удаатай.

Харин түүний хүү Б.Чулуудай энэ хэргийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж, хилсээр хэлмэгдсэн талаар хэлж байв. Ийнхүү Э.Бат-Үүлд холбогдох шүүхийн шийдвэр шүүгчийн биеийн байдалтай холбоотой сунжирч, өнөөдөр албажиж гарах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж