Дэлхийн улс орнуудын пасспорт албан өнгө загвартай байдаг. Ингэхдээ ихэвчлэн хүрэн, хар, хөх өнгөтэй, үндэстнийхээ бэлгэ тэмдгийг шигтгэж өгсөн байдаг. Гэвч Бельги улс өнөөдрөөс /2022.02.07/ эхлээд энэ жишгийг эвджээ. Тэд пасспортныхоо хавтас болон доторх хуудсуудыг даян дэлхийн хүүхдүүдийн дунд алдартай хүүхэлдэйн киноны баатруудаар чимэх болов.
Өнөөдрөөс эхлэн Бельгийн иргэд пасспорт дээрээсээ “Lucky Luke”, “Blake and Mortimer”, “Smurf”, “Tintin” зэрэг хүүхэлдэйн киноны баатруудыг харах боломжтой боллоо.
Гадаад хэргийн сайд Софи Вилмес хэлэхдээ “Пасспортны загвар өөрчлөгдсөн ч нууцлалын хувьд илүү өндөр технологитой болсон. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг пасспорт. Мөн Бельги үндэстний бахархал” гэжээ. Пасспорт хуурамчаар үйлдэгчидтэй тэмцэхийн тулд нууцлал, аюулгүй байдлыг улам сайжруулахаар Гадаад хэргийн яам тасралтгүй ажиллаж байгааг тэр мөн онцолсон байна.
Комик урлаг нь Бельгийн соёлын томоохон хэсэг бөгөөд энэ шинэчилсэн пасспортыг нэвтрүүлснээр гадаад улсуудад соёлоо таниулах сайхан боломж гарч ирж байгаа аж.
Уг үйл явдалтай холбогдуулан Бельгийн урлагийн музейд гуравдугаар сарын 6-ныг хүртэл тус улсын пасспортны түүхэн өөрчлөлтүүдийг харуулсан үзэсгэлэн нээгдэнэ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ