Цар тахлын хуулийг сунгаж, сүржигнэхээ больё!

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулийг сунгаж, сүржигнэхээ больё!

Цар тахлын хуулийг сунгаж, сүржигнэхээ больё!

Монгол Улс хатуу хөл хориог гурван удаа тогтоосны эцэст 2021 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дахин  хөл хорио тогтоохгүй. Иргэдийнхээ ухамсарт найдаж буйгаа” мэдэгдсэн. Улмаар Засгийн газраас Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан. Гэсэн ч өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас золголт хийж, уламжлалт баяраа өргөн хэмжээнд тэмдэглэж чадаагүй иргэд энэ жилийн цагаан сараар “тэсрэлт” хийв.  “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн байнга шүүмжилдэг ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л боллоо. Ахмадаа хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэв.  

Золголт хийж яваа хүмүүс нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил амны хаалтаа чихэндээ углаад эрүүн доогуураа татаад явж байх жишээний. Зарим нь бүр амны хаалтыг ор тас мартжээ. Тэр ч байтугай улаан бүсэд ажиллаж байсан сувилагч тусгаарлалтын хоногоо гүйцээхгүй айл хэсээд явж байхтай таарав.

Тэгэхээр өнөөдрийн тухайд Ерөнхий сайдын хэлсэн иргэдийнхээ ухамсарт найдах тухай яриа бараг худлаа болжээ. Үүнээс харахад иргэд цар тахлаас айж сүржигнэхээ больсон байна.

Харин эрх баригчид л цар  тахлаас айж байгаа бололтой. Учир нь тэд 2022 оны төсөвт тодотгол хийх үеэр Цар тахлын хуулийн үйлчлэлийг он дуустал сунгасан. Уг нь Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг өнгөрсөн онд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлээд байв. Хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч УИХ  тав дахь  удаагаа сунгав

  • 2020.04.29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ний өдөр.
  • 2020.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.06.29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан. 
  • 2022.01.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.

Энгийнээр бол энэ хуулийн дагуу эрх баригчид хүссэн арга хэмжээгээ авах, томилгоогоо төрийн албаны хуульгүйгээр хийх, хөрөнгө оруулалт, зарцуулалт, тендергүй худалдан авалт хийх гээд онцгой хуультайгаар бүх асуудлаа шийднэ гэсэн үг. 

Засгийн газрыг зардлаа хэтрүүлэхгүй байх, цар тахлын хуулийг далимдуулан төрийн албанд хүн томилох, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийх зэрэг асуудалд ямар нэг хяналтгүй байгаа хэмээн сөрөг хүчний зүгээс үзэж буй.

Мөн энэ хууль батлагдсанаас хойш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш төрийн албанд нийтдээ 1036 хүнийг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэдгийг албаныхан хэлж байна.

ХУУЛИЙГ ДАХИН ЗУРГААН САРААС СУНГАХ ҮНДЭСЛЭЛ НЬ

  • Нэгдүгээрт, дэлхий нийтэд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Мөн цар тахлын шинэ хувилбар гарч бусад улс оронд халдварын нөхцөл байдал аюултай түвшинд хүрч болзошгүй.
  • Хоёрдугаарт, цар тахлын улмаас Монголын хил гааль хаагдсан. Үүний улмаас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй учраас хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүснэ гэж үзжээ. Дээрх хоёр үндэслэлээр тус хуулийг 2022 он дуустал сунгасан байна.

Эрх баригчид Цар тахын хуулиар халхавч хийж, төрийн албанд маш олон тооны “цүнх баригч”-ийг томилсон. Хэдийгээр Цар тахлын хуулийн хэрэгжилтийн явцад ил цагаандаа төрийн албаны зөвхөн удирдах албан тушаалд л гэхэд 1036 хүний томилгоо хийгдсэн байна. Цар тахлын хуулийн хугацааг 2022 он дуустал сунгасан гэдгийг дээр дурдсан.  Тэгвэл энэ хэрээр Төрийн  албан хаагчдын тоо дахин нэмэгдэх бололтой. УИХ-ын чуулганы хуралдаануудад Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй, цар тахлын хуулиар далимдуулж, олон томилгоо хийсэн хэмээн чичлүүлсээр ирсэн.

Үнэхээр ч 2020 онд төрийн албан хаагчийн тоо 6886-гаар нэмэгдсэн байдаг.  Энэ нь өнөөх Цар тахлын хуулийн “халхавчаас” гадна 2020 оны УИХ-ын сонгуулийн дараах сонгон шалгаруулалтгүй, “цүнх баригч”-дын томилгоотой ч холбоотой.

Үүнд хяналт тавих ёстой Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Засгийн газар цар тахлын хуулийн дагуу томилгоо хийж байгаа. Ямар томилгоо хийх гэж байгаагаа манайд мэдэгддэггүй. Төрийн нарийн бичгийн даргын томилгоо л гэхэд олон шалгууртай. Гэвч Цар тахлын хуулийн дагуу томилж байгаа гэдэг үндэслэлээр ямар нэгэн шалгуур тавихгүй байна. Ер нь Цар тахлын хуулиар шалгуургүй томилгоо хийж байгаа нь  төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Орон даяар ийм томилгоо хийж байгаа нь хэтэрхий хавтгайрсан үйлдэл болчих гээд байна” гэдгээс өөр хэлэх үггүй сууж байна.

Төрийн албаны хуульд аливаа иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг,боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах мерит зарчмыг баримтална гэж тусгасан байдаг. 

Гэтэл Цар тахлын хуулийг мөрдөж эхэлсэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш  

  • Төрийн захиргааны удирдах албан тушаалд 264 хүн  
  • Төрийн тусгай албаны удирдах албан тушаалд 90 хүн 
  • Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн томилогджээ.

Хуульч Ч.Өнөрбаяр "Цар тахлын үеийн улсын төсвийн зарцуулалтыг ил тод болгох ёстой. Ингэхдээ хөндлөнгийн аудит оруулах нь зөв. Цар тахлаар далимдуулж төсвийн мөнгийг үргүй зардаг байдал замбараагаа алдлаа. Цар тахлын тухай хууль зорилгодоо хүрч чадаагүй. Үр дүнгүй хууль байгаад, түүнийг хэрэгжүүлэх хэрэг байна уу. Асуудлыг шийдэх гэж л хууль байдаг. Асуудал шийдэж чадахгүй тоо бөглөх хуулиар яах юм. Цаасан дээр гоё хууль биччихээд тэр нь иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Мөн чанартаа тус хууль үндсэн зорилгодоо хүрч чадсангүй” гэдгийг онцолж байсан  удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж