Улаанбаатараас баярын өдрүүдэд 41615 тээврийн хэрэгсэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас баярын өдрүүдэд 41615 тээврийн хэрэгсэл гарчээ

Улаанбаатараас баярын өдрүүдэд 41615 тээврийн хэрэгсэл гарчээ

Сар шинийн өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэснээс болон санамсар болгоомжгүйгээс хэчнээн гэмт хэрэг, осол гарч бүртгэгдсэн талаар холбогдох газруудаас тодрууллаа.


ЦЕГ: 10 МЯНГА ГАРУЙ АЛБА ХААГЧ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажилласан байна.

Хоёрдугаар сарын 5, 6-ны өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1591 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 73, хүний биед халдсан 59, гэр бүлийн хүчирхийллийн 178, согтуугаар автомашин жолоодсон 122, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 42 дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад баярын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна. Цагаан сарыг угтаж цагдаагийн алба хаагчид орон сууцны хотхон болон гэр хорооллын гудамжинд тавих хяналтыг чангатгаж ажиллажээ. Мөн орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулж буй аж.

ОБЕГ: ЦАГ ХОЖИЖ, ЗАМ ТОВЧЛОСНООС БОЛЖ ЦАС, МӨС РҮҮ ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА НЭМЭГДСЭН

Баярын өдрүүдэд санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага дийлэнх хувийг эзэлжээ. Мөн хөдөө, орон нутагт зорчиж байгаа иргэд машинтайгаа осолдох, замгүй хэсгээр зорчих, цасанд суух зэрэг дуудлага мэдээлэл их бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төв найман давхарт гал гарч Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан байна. Харин хувийн өмчид гарсан галын хувьд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын Богины-Амны задгайд иргэн Ш-ийн 17×4 метрийн хэмжээтэй байшингийн 3×3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.

Орон нутагт зорчиж буй иргэд зам андуурч төөрөх, цас шаварт суусан дуудлагын хувьд тухайн аймгийн онцгойгийн албах хаагчид шуурхай ажилласан байна. Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Хэрлэн голд цөмөрч орсон иргэний "Приус-30" загварын суудлын автомашиныг татан гаргажээ. Үүнээс гадна гол мөрөн хөлдөөгүй хэсгээр зорчиж, гарамгүй хэсгээр гол гарснаас болж машинтайгаа цөмөрч орсон дуудлага ч бүртгэгдсэн байна.

Цаг хожиж, зам товчлох гэснээс болж шинийн 1-ний өдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд сууснаас гэр бүлийн таван хүн, бага насны гурван хүүхэд тусламж дуудах хүртэл олон цаг саатсан байна. Иймд ОБЕГ-аас гол, нуурын мөсөн дээгүүр аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.

ТЦА: СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИД ГАЗАР ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 2000 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Сар шинийн өдрүүдэд орон нутгийн зам болон нийслэлийн замд эргүүлүүд ажиллаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн жолоочдод хариуцлага тооцож ажиллажээ.

Хоёрдугаар сарын 2-6-ны өдөр Улаанбаатараас руу шалган нэвтрүүлэх долоон товчоогоор 30.615 тээврийн хэрэгсэл, 69.823 зорчигч орж, 41.615 тээврийн хэрэгсэл 97.859 зорчигч гарчээ.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ГССҮТ: ТАРХИНЫ ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ӨВЧТНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭЖ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төв өчигдөр /2022.2.5-6/ 414 хүнд тусламж үзүүлжээ. Баяртай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, гэмтсэн болон чаргаар гулгаж байгаад бэртсэн тохиолдол нэмэгдсэн байна. Тодруулбал, өчигдөр тус эмнэлэгт хандсан хүмүүсээс 365 хүн нь нийслэл, 49 нь орон нутгийн харъяат иргэн байжээ. Эдгээрээс найман хүнд яаралтай мэс засал хийсэн байна.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Мөн гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс засал хийжээ.

Тус төвөөс мэдээлснээр хоногт дунджаар 380 гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг. Эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тухайд, баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон, бусдад зодуулсан, ахуйн осолд өртсөн зэрэг олон шалтгаантай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж