НЭМЭЛТ:
Бээжин-2022 олимпийн уран гулгалтын багийн тэмцээний медальтнууд тодорлоо. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрүүд өнөөдөр/2022.02.07/ болж, багийн дүн эцэслэв. Анхны олимпдоо оролцож буй Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэж, энэ техникийг олимпийн мөсөн талбайд амилуулсан анхны эмэгтэй тамирчин болжээ.
Багийн нийт дүнгээр Оросын олимпийн хорооны баг 74 оноотой алтан медаль хүртсэн бол АНУ-ын шигшээ баг 65 оноотой мөнгөн медаль, Японы шигшээ 63 оноотой хүрэл медаль тус тус хүртжээ.
Багийн төрөлд өрсөлдсөн Оросын бүрэлдэхүүн Камила Валиевагаас гадна Марк Кондратюк, Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов нар багтжээ. Маргааш эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр эхэлнэ. Харин эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 15, 17-ны өдрүүдэд болно.
“КАМИЛА ВАЛИЕВА ШИГ АВЬЯАСТАН АМЬДРАЛД ГАНЦ Л ТОХИОНО”
Бээжин-2022 өвлийн олимпийн анхаарал татаж буй спортын төрлийн нэг болох уран гулгалтын тэмцээн эхэлсэн. Өчигдөр/2022.02.06/ багийн төрлийн ээлжит үзүүлбэрүүд тоглогдов. Энэ өдөр 15 настай Орос охин Камила Валиева шуугиан тарьж, олныг алмайруулсан. Тэрбээр багийн төрлийн эмэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэрийн хүрээнд 90.18 оноо авч, өөрийн тогтоосон дэлхийн рекордыг эвдэхэд 0.28 оноо дутав.
Камила Валиева үзүүлбэрийнхээ дараа “Богино үзүүлбэрийнхээ төгсгөлд би маш их эрч хүчтэй байсан. Би эмээгийнхээ төлөө гулгаж байгаа болохоор тэр мэдрэмж намайг хөглөлөө” гэжээ.
Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр гурвалсан аксель үсрэлт гүйцэтгэж, олимпийн түүхэнд энэ үсрэлтийг хийсэн дөрөв дэх эмэгтэй тамирчин болсон. Түүний үзүүлбэрийг харсан 1998 оны олимпийн аварга Тара Липински “Түүн шиг авьяастан амьдралд ганц л тохионо” гэсэн бол олимпийн аварга "BBC”-ийн тайлбарлагч Робин Козинс татар охиныг үзүүлбэрийг “өөгүй” хэмээн тодорхойлж “Тэр яг л ийм. Түүний үзүүлбэрт баяр баясал, илэрхийлэмж байна. Түүний үсрэлтүүд агаарт хөвж байгаа мэт харагддаг. Түүний бие огтхон ч хөдөлдөггүй. Түүний насан дээр яаж ийм ур чадвар, итгэл үнэмшил гардгийг нь мэдэхгүй юм. Үнэхээр онцгой” гэжээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрүүд болж, багийн төрлийн аваргууд тодорно.
Холбоотой мэдээ