Бүтэн сар үргэлжилсэн Африкийн үндэстнүүдийн цомын финалын тоглолт өнөөдөр/2021.02.07/ болж, Сенегал улс тивийнхээ аваргаар тодорлоо. Тэд аваргын төлөө Египетийн шигшээ багтай учраа таарч, хоёр баг үндсэн цагт хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор Сенегалын шигшээ ялсан юм.
Английн Ливерпүүл болон Сенегалын шигшээн довтлогч Садио Мане тоглолтын долоо дахь минутад торгуулийн цохилтоо алдаж, тоглолтыг улам сонирхолтой болгосон. Энэ тоглолтод хоёр багийн хаалгачид болох Габаски, Менди нар онцгой байлаа.
Тивдээ түрүүлсэн Сенегалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Алиу Сиссе тоглолтын дараа “Хэрэв шаргуу хөдөлмөрлөж, тэвчээртэй байвал хүссэн зүйлдээ хүрнэ гэдгийг харуулж чадлаа. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Учир нь Сенегалын ард түмэн энэ цомыг 60 жил хүлээлээ” гэжээ.
Сенегал улс өмнө нь 2002 болон 2019 онуудад финалд шалгарч байсан ч ялагдаж байв.
Египетийн шигшээ багийн хаалгач Габаски энэхүү тэмцээний турш нийтдээ дөрвөн торгуулийн цохилт амжилттай хаасан ч финалын чухал тоглолтод бүтэлгүйтэв.
Хөлбөмбөгийн тоглогч асан өдгөө аналист, тайлбарлагч хийж буй Жермайн Женас энэхүү тоглолтын талаар “Садио Мане эх орноо нуруун дээрээ үүрч, тэдэнд цомыг авчирлаа. Энэ бол Сенегалын хөлбөмбөгийн алтан үе. Тэд үүнийг бүтээлээ. Сенегал улсын түүхэнд томоохон үйл явдал тохиолоо. Мане торгуулийн цохилтыг эргэлзэх зүйлгүйгээр гүйцэтгэлээ. Та бүхэн Манег багийн лидер гэдгийг нь харж болно. Бид бүгд түүнийг топ хөлбөмбөгчин гэдгийг мэднэ. Харин өнөөдөр тэр энэ чухал мөчид үүнийгээ илүү тодоор харууллаа” гэжээ.
Тэмцээний шилдэг мэргэн буучаар Камеруны шигшээ багийн довтлогч Винсент Абубакар найман гоолтойгоор тодорсон бол шилдэг тоглогчоор Сенегалын Садио Мане, шилдэг хаалгачаар мөн Сенегалын Эдуард Менди тус тус тодорчээ.
2023 оны Африкийн үндэстнүүдийн цом ирэх оны зургадугаар сард Зааны Ясан эрэг буюу Кот-Дивуар улсад болно.
Холбоотой мэдээ