Олон жил маргаан дагуулсан төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай энэ сарын 5-нд албан ёсоор уулзах үеэр хэлэлцэж, шийдвэрлэв. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтыг Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон билээ. Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан тухай мэдээлж байгаа. Харин эдийн засагчдын зүгээс төмөр барих асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДЛАА ДАРУЙ ШИЙДЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.ЭНХБОЛД:
-Төмөр зам баригдсаны дараа л гацаанаас гарсан тухай асуудал яригдах болов уу. Бидний зүгээс төмөр замаа барьж тээвэрлэлтийн асуудлаа даруй шийдэх хэрэгтэй гэсэн байр суурийг 2008 оноос хойш илэрхийлж байна. Нэг үеэ бодвол хоёр улс төмөр замын өргөн, нарийн царигтай холбоотой маргааныг эцэслэж тохиролцоонд хүрсэн нь ахицтай үйл явдал боллоо. Хамгийн чухал нь төмөр зам хэзээ баригдаж дуусах вэ гэдэгт л гацчихаад байна. Хэрэв төмөр замтай болбол цар тахлын үед тулгамдаж буй тээврийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Гэхдээ төмөр зам баригдаж дуусахтай зэрэгцэн цар тахалгүй болсон байх вий. Тэгэхээр ялгаа байхгүй. Нөгөөтэйгүүр, цар тахлаас үл шалтгаалан төмөр замтай болсноор авто тээврийн өртөг эрс буурна. Мөн экспорт нэмэгдэхийн хэрээр уул уурхайн компаниуд ашигтай ажиллана. Өнөөдрийн нөхцөлд хоёр улсын хооронд тээвэрлэлтийн асуудлаар шийдлээ олох гэж удлаа. Хэдийгээр экспорт тэг зогсоогүй ч өвлийн олимпийн дараа нүүрс тээвэрлэлт жигдрэх эсэх нь тодорхой болох болов уу.
ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ БОДИТ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЁСТОЙ
Эдийн засагч Б.ЛАКШМИ:
-Төмөр замын асуудлыг маш олон жил ярьж байна. Хэдий төмөр замын гацааг арилгалаа гэж ярьж байгаа ч хэрэгжүүлэх шаардлагатай. Бодит байдал дээр ажил хэрэг болдоггүй гацдаг. Ерөнхийдөө мөрөөдлөө ярьж байгаа юм шиг л харагддаг. Хамгийн чухал нь төмөр зам барих бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгох. Тиймээс хамгийн том алдаа оноо нь хэрэгжүүлэх шатанд л гардаг гэж харж байгаа. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр замын тээвэрлэлт маш чухал. Энэ асуудлыг Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хэлэлцэж хоёр улсын хооронд тохиролцоонд хүрсэн тухай мэдээллүүд цацагдаж байна. Гэхдээ цаашид өргөн, нарийн цариг болон хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх вэ зэрэг олон асуудал батлагдаагүй, ТЭЗҮ хийгээгүй тул төмөр замын бүтээн байгуулалт богино хугацаанд эхлэх боломжгүй гэж бидний зүгээс харж байна. Мэдээж урт хугацаанд төмөр зам барих, эдийн засагт үр ашигаа өгөх зэрэг тодорхой үр дүн гарах болов уу. Өнөөдрийн байдлаар Бээжингийн өвлийн олимптой холбогдуулан гуравдугаар сар хүртэл ачаа тээвэрлэлтийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэх болов уу.
Нөгөөтэйгүүр, дэлхий дахин ногоон эдийн засгийг чухалчилж эхэлж байна. Энэ нь цар тахлын үед илүү хурцаар яригдах болсон. Олон улс нүүрснээс татгалзах хандлагатай байгаа тул бид зөвхөн нүүрс биш илүү том зургаар л харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, экспортын орлогыг нүүрсэд түшиглэх бус гол төрлийн экспортуудыг нэмэгдүүлэх гарц хайх шаардлагатай. Хоёрдугаарт, нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг цаашид түүхий эдээр нь экспортлох уу, тодорхой хэмжээгээр боловсруулж нэмү өртөг шингээж улсын эдийн засагт илүү үр ашиг авчрах уу гэдгийг бодох цаг нь болсон болов уу гэж харж байна.
НҮҮРСНИЙ ГАЦАА АРИЛААГҮЙ
Эдийн засагч Н.ЭНХБАЯР:
-Төмөр зам барих тухай асуудал олон жил яригдсан. Иймд зөвхөн эдийн засагтай холбогдохгүй. Улс төр, геополитик, үндэсний аюулгүй байдлын асуудал ч болж шийдлээ олохгүй удаж байна. Өнгөрсөн 14 жил төмөр замын асуудлыг ярилаа. Тухай бүрт л хоёр улсын хооронд тохиролцож, нүүрсний экспорт гацаанаас гарсан тухай яригддаг. Үүний үргэлжлэл нь Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд боллоо гэж харж байна. Нэг үеэ бодвол төмөр зам барих асуудлыг үе шаттайгаар ахиулж байгаа нь сайн. Харамсалтай нь энэ жилдээ үр ашгийг нь хүртэхгүй. Ойрын хоёр жилдээ төмөр замаа барьж дуусахгүй. Өмнө нь арваннэгдүгээр сард төмөр зам барих тухай хэлэлцээр тохирсон тухай яригдаж байсан. Хэрэв одоо л тохиролцож байгаа бол ТЭЗҮ хийнэ. Дараа нь төсөв батална.
Мөн өргөн, нарийн царигийн алинаар нь төмөр зам барих нь ойлгомжгүй. Нарийн царигаар төмөр зам барих тухай сураг л байна. Хилийн цэг дээр өргөн, нарийн царигийн аль нь байх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Дараа нь бид экспортын тухай ярина. Хоёр улсын хил учраас зайлшгүй нөгөө талтай тохирдог. Зөвхөн хатуу дэд бүтэц биш зөөлөн дэд бүтцийг хослуулснаар тээвэр ложистикийн гацаа арилж хөгжинө. Цогц үр дүнд хүрэхгүй бол асуудлыг дангаар нь шийдэх боломжгүй. Үүнийг ойрын хоёр жилийн хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хэцүү. Төрөөс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь маш оновчгүй, удаан байна.
ТӨМӨР ЗАМТАЙ БОЛСНООР ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИЙН ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ БОЛНО
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Гашуун сухайт боомтоор төмөр замын тээвэр хийх боломж бүрдсэн гэж ойлгож байна. Уг нь нарийн цариг тавьсан бол бидэнд эдийн засгийн үр өгөөж нь илүү байх байсан болов уу. Тус боомтоор төмөр зам нэвтэрдэг болсноор эдийн засаг, экологийн хувьд олон талын давуу тал үүснэ. Монголын талд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Автозамын ачаалал буурах төдийгүй хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар сайжирна. Энэ бол нүүрсний экспортын тухайд томхон дэмжлэг болж эдийн засагт өндөр ач холбогдолтой. Ерөнхийдөө төмөр зам барих тухай ажил уриа лоозонгийн шинжтэй байна. Бодит ажил хэрэг болгох нь чухал.
Холбоотой мэдээ