Хөвсгөл далайн эрэг аялагчдын хөлд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайн эрэг аялагчдын хөлд дарагджээ

Хөвсгөл далайн эрэг аялагчдын хөлд дарагджээ

Хөл хорионоос залхсан хотынхон Цагаан сарын баяр тэмдэглэхээр хөдөө нутгийг зорив. Тиймдээ ч орон нутгийн зам хөл хөдөлгөөнтэй, зам зуурын хоолны газрууд үйлчлүүлэгч ихтэй байв. Иргэд баярын амралтын өдрүүдээ аль болох агаар салхинд хөдөө амрахыг илүүд үзэцгээжээ, энэ жил.

Улаанбаатарын утаа, стресс, уур бухимдал зэргээс залхсан уу,  хөдөө өвөө эмээ, аав ээж, ахан дүүстэйгээ золгох хүмүүс байхад нөгөө хэсэг нь цэвэр агаар, тайван орчин, байгаль эхээ сангалзан Хөвсгөл нутгийн зүг чиглэх иргэд ч их байв. Бид ч бас Хөвсгөл нутгийг зорилоо.

Зуны цагт хүнээр дүүрдэг Хөвсгөл аймаг, өвлийн улиралд ч мөн адил аялагчдаар дүүрэн угтав.

Байгалийн тогтоцоороо чимж, усны тунгалгаа гайхуулдаг, Монголын диваажин гэгддэг Хөвсгөл нутгийн Хатгал сум, Жанхай эрэг, Хөвсгөл далай цас мөсний орон болсон байв. Эрэг дагуу байрлах амралтын газрууд аялагч, амрагчдын хөлд дарагджээ.

Мөсөн өргөө шиг хөлдсөн Хөвсгөл далай дээр сүлжилдэн давхих машинууд, цана чаргаар гулгах хүүхдүүд, тэдний цангинасан инээд, хээрийн цайны уур, улаа бутрах хацрын туяа, уушги дүүрэн амьсгалах цэвэр агаарыг мэдэрч буй хүмүүсийг хараад, өвчин зовлонтой цөвүүн цаг байгааг мартах шиг л болсон.

АМРАЛТЫН ГАЗРУУД ДҮҮРЭН ЗОЧИДТОЙ, ЗАХИАЛГА ИХТЭЙ БАЙВ

Жанхайн эрэгт байрлах нэгэн амралтын газарт очив. Амралтын газрын галч залуу нутгийн зүг чиглэх машины цуваа тасрахгүй, иргэдийн хөлд дарагдаж байгааг хэлж байв. Цэвэр агаар, ой мод, хөдөө нутагт ирсэн хүн бүр амны хаалтгүй. Халдварт өвчин тэнд алга болжээ. Хүмүүс аль болох маскнаас салж, цэвэр агаарт уушгиа эмчилнэ.

Эндхийн амралтын газрын зуны байшин, гэрт ээлжлэн ирэх зочдыг хүлээн авч, өглөөнөөс үүр цайтал галч галлагаагаа хийнэ.

Хөвсгөл нутагт үзэх зүйл олон, явах газар хол. Гэхдээ өвөл болж, нуур хөлдсөн учраас хүмүүс машинтайгаа нуурын хоёр эргийн дундуур, мөсөн дээгүүр зам товчлон салхи татуулан явсаар. Жанхайн баруун эргээс Ханх сум хүртэл уул мод сүлжин, шороон замаар явбал нэг өдрийг зарцуулах байсан бол нууран дээгүүр нэг цаг гаруй ямар ч саадгүй давхиад орчих нь тэр.

Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс 130 орчим км сунаж тогтон, цасанд хучигдсан Хорьдол сарьдагийн нурууг үзэх гэсэн иргэдийн хөлд дарагдсан амралтын газруудын ачаалал нэмэгдэхийн хэрээр үнэ нь ч бас нэмэгджээ.

Хамгийн өндөр цэг нь 3130 метрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг билээ.

Хөлдсөн нуур дээгүүр давхих нэг бодлын айдастай ч цасанд хучигдсан гүн цэнхэр Хөвсгөл нуурын тогтоц сэтгэл баясгаж, зуны цагт завьтай ч хүрч үзээгүй бяцхан арлыг нүдээр үзэх нь таашаалтай.

Зам зуур нууран дээр газар хөдлөлтөөс үүссэн бага зэргийн цууралт ихтэй, түрлэг нь хөлдсөн байв. Гайхамшигтай байгалийн тогтцыг харсан бид буцаад Хөвсгөл аймгийн мөрөн хотыг зорилоо. Тус аймгийн төвд гудамж талбай нэгээс нөгөө рүү айлд золголт хийхээр явж байгаа ганган дээлтэй иргэд харагдана. Гэвч хүмүүсийн дийлэнх нь мөн л маскгүй. Хүүхдүүд ч мөн адил. Үндсэндээ орон нутгийн иргэд цар тахалгүй мэт, маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа нь тун ховор байв. Оройн цагаар хүнсний дэлгүүрээр баяртаа бялхсан халамцуу иргэд үйлчлүүлнэ. Тэврэлдэн золгож, хэлхэлдэн олноороо явах иргэд цагаан сарын баяр ихэд сайхан болж байгаа талаар ам уралдан ярина.

Засгийн газраас Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглосон ч, шийдвэр иргэдийн өмнө хүчин мөхөстөж байх шиг. Хөл хорио, цар тахал гэх хэдэн үг хүн бүрийн амны уншлага шиг мөртлөө, хамгийн сонсох дургүй үг нь хэдийнэ болжээ.

ХӨДӨӨ НУТАГТ ХАЛДВАР АЛГА БОЛЖ, ХОРИО ҮЙЛЧЛЭХЭЭ БАЙЖЭЭ

"Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ" гэх иргэдийн амны уншлага алга болсон уу, халдварт өвчин баярын "амралтаа" авсан уу гэмээр хүн бүр хацар нүүрээ нийлүүлэн золгож, өдөр шөнө алинд ч айл хэсэх хүмүүсийн цуваа аймаг суманд тасрахгүй байх нь тэр. Ямартай ч хотоос л хол баяраа тэмдэглэж байвал холын бидэнд өвчин наалдахгүй л бололтой гэх иргэдийн яриа чихнээ сонсогдоно.

Цагаан сарын баярын өдрүүдэд хот эзгүйрч, хүмүүс хөдөөд цугласан бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж