МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулаад хоёр жил болох гэж байна. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр улс төрд ямар эерэг болон сөрөг үр дүн гарсан гэж та дүгнэж байна вэ?
-Үндсэн хуулийн 20 гаруй хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж судлаач, хууль тогтоогчид ярьдаг. Хамгийн томоохон шинэтгэл бол шүүхийн шинэчлэл. Тухайлбал, томилгоонд оролцох субъектыг цэгцэлж өгсөн.
Өөрөөр хэлбэл, шүүх засаглалтай холбоотой бие даасан байдлыг хангасан. Мэдээж үр дүн гартлаа удах байх.
Мөн төсвийн тодотгол хийхдээ тухайн жилийн төсвийн дүнг өөрчлөхгүй байх гэх мэт асуудлууд нэлээд нааштай үр дүн өгөх байх. Бидний хүлээж байсанчлан яг парламентын засаглалтай байх юм бол Ерөнхий сайд эрх мэдлээр давуу байхыг тод харуулж өгч буй гэж найдаж байна. Улс төрийн намтай холбоотой гурван нэмэлт өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, хөгжлийн бодлого боловсруулдаг байх ёстойг тусгасан. Хоёрдугаарт, эвлэлдэн нэгдэх эрх болон дотоод ардчилалтай байх, гуравдугаарт, намын санхүүжилтийг ил тод болгох. Үүнээс гадна парламентын засаглалтай болно гэдэг зорилтын дагуу Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоонд анхаарах хэрэгтэй гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд улс төрийн системд өөрчлөлт гарахуйц шинэчлэл хийгдэж чадсан гэж хувьдаа харж байна.
–Монголчууд төрийн тогтвортой байдлын тухай олон жил ярьж ирсэн. Нэг нам засгийн эрхийг дангаараа барьснаар Монголын улс төрд, ардчилалд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэх хүмүүс олон болж?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх бүрэн эрхтэй болсон. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад нэг нам дангаараа ноёрхоод байгааг иргэд шүүмжилдэг. Энэ бол нийгмийн зүгээс гарах зүй ёсны асуудал. Тэгэхээр парламент яаж ажиллах ёстой вэ гэхээр ил тодоор, ямар асуудлыг ярилцах уу, аль болох сувгаа нээлттэй байлгах хэрэгтэй. Нөгөө талаар сөрөг хүчний хяналт сул байна. Хяналт тавих процесс хийхгүй байгаа учраас сөрөг байдал ажиглагдаж байна. Иймээс сөрөг хүчин идэвхтэй байх хэрэгтэй.
Өнөөдрийн үүссэн асуудлыг засах механик арга бол сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Мэдээж хэрэг хөгжлийн процессын хувьд сөрөг хүчин идэвхтэй байх, бусад улс төрийн намууд хөгжиж төлөвшиж гарч ирсний дүнд улс төрийн тэнцвэртэй байдал бий болно.
"ЭРХ БАРИГЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭЭ ЗАРЛАСАН НЬ 2024 ОНЫ СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ"
-МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ, хүний эрх, эрх чөлөөг хангана гэдгээ зарласан. Гэхдээ хүний эрх чөлөөг хөсөрдүүлдэг, авлига авдаг нам бол МАН гэж шүүмжилдэг. Тэгэхээр МАН өөрчлөгдөж чадна гэдэгтэй та санал нийлэх үү?
–Хүний эрхийн асуудал бол ардчилсан засаглалтай улс орны нэгдүгээрт тавих асуудал байдаг. Аль нэг нам ардчиллыг өмчлөх гэхээс илүүтэй, бүх улс төрийн институт хүний эрхийг хангах, хамгаалахын төлөө явах ёстой. Эрхээ эдэлдэг бол үүргээ давхар биелүүлдэг байх нийгмийг бүрдүүлэхийн төлөө улс төрийн намууд ажилладаг байх ёстой.
Хүний эрх ардчиллын тухай асуудлыг намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр болгож, өөрсдийн мэтээр эзэмшиж ярьдаг нь буруу.
Ардчилал нийгмийн өмч болохоос биш намуудын өмч биш. Ямар ч нам гарч ирсэн хүний эрхийг хамгаалдаг, дээдэлдэг байх ёстой. Мөн эрх баригч нам авлигатай тэмцэхээ тунхаглаж байна гэдэг нь намын дотоод зорилтын дагуу 2024 оны сонгуульдаа бэлдэж байна гэсэн үг.
-АН сөрөгч хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй хоёр хуваагдсан, ХҮН, МАН-тай өрсөлдөхүйц хэмжээнд томорч чадаагүй байгаа. Энэ байдал нь Монголын ардчилалд цаашид ямар сөрөг нөлөө үзүүлэх бол?
-Сөрөг хүчин хяналт тавих ёстой. Хууль баталж буй процессыг сөрөг хүчин маш үр дүнтэйгээр ашиглах ёстой. Хийж буй үйлдэл болгон дээр сөрөг байна гэдэг нь сөрөг хүчний ажил биш. Парламентад хууль батлах процесс яаж явж байгааг бид харж байна. Үүн дээр сөрөг хүчин хууль батлагдсаны дараах үр дагавар эдийн засгийн тооцоо судалгаа зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа хиймээр байна.
"МОНГОЛД ТОДОРХОЙ ЭРХ АШГИЙНХАА ХҮРЭЭНД ХУУЛЬ БАТАЛДАГ ЖИШИГ ТОГТЧИХООД БАЙНА"
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэх ёстой гэж олон жил ярьж байгаа. Одоо ч бас тодорхойгүй байна. Энэ хуулийн шинэчлэлийг ямар байдлаар хийж байж улс төрийн намууд шинэ түвшинд гарах боломжтой вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нам нь үндэсний хэмжээний бодлого боловсруулагч байна гэж заасан. Мөн улс төрийн нам байгуулахын тулд сонгуулийн насны нийт иргэдийн нэг хувьтай тэнцэхүйц дэмжигч гишүүдтэй байна гэж заасныг Улс төрийн намын тухай хуульд шингээж өгөх ёстой.
Намуудын улс төрийн санхүүжилт, дотоод ардчилал, намын дотоод бүтцийг намын тухай хуульд шингээх ёстой.
Хамгийн гол зүйл нь намын дотоод ардчилал, санхүүжилтийн асуудал байна. Санхүүжилт бүртгэлийн асуудалд санаа зовж байна. Улс төрийн намын тухай хуульд олон ургальч үзлийг бий болгох, иргэд эвлэлдэн нэгдэх боломжийг хангасан байх ёстой. Нэг ёсондоо улс төрийн намын тухай хууль гишүүнчлэлийн асуудал болон хуулийн хүрээнд бодлогын нам болгон чиглүүлдэг хууль байх ёстой. Тогтсон байдлаасаа ангижрахын тулд зоригтойгоор сонгуулийн холимог систем рүү шилжиж хэрэгтэй.
-Сар шинийн өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд иргэдэд хэвийн боов, бэлэн мөнгө тараасан. Үүнийг хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хүлээж авлаа. Үүнийг та хэрхэн дүгнэв?
-Энэ бол санал худалдан авах процесс.
Бусад улс орнуудад гишүүд мөнгө, бэлэг сэлт тараахыг хориглодог. Монголд улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байхгүй учраас хорьж чадахгүй байна. Гишүүдийн тарааж байгаа бэлэг сэлт ямар санхүүжилтээс бүрдэж байгаа нь хардлага төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн гишүүний хувийн сангийн мөнгө үү, эсвэл хандив, өөрийнх нь хөрөнгө үү гэдгийг хянах боломж одоогоор байхгүй байна. Үүнийг хянах талаар ХҮН, АН-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ. Тэд “Орчин үеийн улс төр хийдэг байя, хууль тогтоогч бол мөрийн хөтөлбөр боловсруулдаг, бодлогоор мэтгэлцдэг, иргэдийн саналыг бэлэг сэлт тараах буюу санал худалдан авдаг увиагүй соёлоос салья” гэж ярьж байсан. Мэдээж бэлэг сэлт, хэвийн боов тараах нь улстөрчийн хувьд увиагүй соёл мөн.
-Цар тахлын хуулийг сар шинийн өмнөхөн сунгачихлаа. Нэг ёсондоо эрх баригчид баяр, ёслол далимдуулж хууль баталдаг жишиг тогтоочихлоо. Энэ байдал нийгэмд хэр хортой вэ?
-Бид хууль баталж буй процессын гадна талд байгаа хүмүүс. Судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд иргэд өөрсдөө хяналт тавих ёстой. Монголд баяр ёслолын өмнө хууль батлагдахад судалгаа, эдийн засгийн сөрөг, эерэг үр дагаврын тооцоо судалгаа огт хийдэггүй. Иймээс хууль батлах процесс маш замбараагүй болдог. Тэгэхээр тухайн хууль нийгэмд хэрэгтэй эсэхэд хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс хууль баталж буй процессыг харах хэрэгтэй. Тухайн хуулийг судлаач, сэтгүүлчид урьтаж харж, хууль чанартай байсан эсэхэд хяналт тавих ёстой. Монголд тодорхой эрх ашгийнхаа хүрээнд хууль баталдаг жишиг тогтчихоод байна.
Холбоотой мэдээ