“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохоос тодрууллаа.
-Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Үүний дагуу иргэд шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхээр Гандантэгчэнлин хийдийг олноор зорьдог. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлгэшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.
Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.
Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой.
Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй.
Гариг эрхсийн нөлөө гэж байдаг шүү дээ. Тухайлбал, 33-ны жил орох үед хүний сүлд хийморь доройтох нөлөө бий. Тэр тусмаа гал дээр сууж буй толгой өвдөх, гариг эрхэсийн нөлөөнд их орох нигууртай болохыг номонд бичсэн байдаг. Эмэгтэй хүн усан дээр суудаг тул эмэгтэйчүүдийн өвчин өртөх, цаашилбал гариг эрхэсийн нөлөөнд автах нөлөөлөл их байдаг учраас тусгайлан хийлгэх засал номыг цаг хугацаанд нь хийлгэвэл ононо. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм.
Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай.
Мэдээж засал номоо хийлгэх нь зөв. Бар жилд үхэр, туулай, могой, хонь тахиа гахай жилтэй хүмүүс ажил үйлс сайжрах, аваар осолгүй байх тухайд суудлын засал хийлгэх хэрэгтэй. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Хийморь доройгоос ажил үйлс, эрүүл мэндэд саад гарч магадгүй. Тэгэхлээр сүсэгтэн олон цахимаар болон Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж хаврын эхэн сардаа багтаж засал номоо хийлгэх нь тухайн жилийн өнгө сайжирч, ажил үйлс бүтэмжтэй байхыг бэлгэдэж буй юм.
Холбоотой мэдээ