АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар Хойд Солонгостой дипломат хэлэлцээ хийх саналыг удаа дараа тавиад буй. Харин Пёньянаас уг саналыг хүлээж аваагүйгээр зогсохгүй АНУ-тай харьцах стратегиа дахин шинэчилж байгаа бололтой. Хойд Солонгос өнгөрсөн оны төгсөлд буюу арванхоёрдугаар сарын 27-31 хооронд хийсэн намын хурлынхаа үеэр гадаад бодлогоо тойм төдий л танилцуулж, оронд нь Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээгээр нүүр тахалсан. Гэсэн хэдий ч тэд илүү дэвшилтэт зэвсгийн туршилт хийж, ойрын ирээдүйд олон улсын хамтын нийгэмлэгүүд болон АНУ-ын анхаарлыг татахын тулд цэргийн парад зохион байгуулах төлөвтэй байна. Үүнийг Хойд Солонгосын үндсэн хэв маяг болох “дарамтлалын стратеги” гэж хэлэхэд болно. Энэ нь стратеги нь Пёньяны нэрлэснээр “дайсагналын бодлого” буюу АНУ-ын Хойд Солонгост чиглэсэн үндсэн бодлогыг өөрчлөх зорилго агуулна.
ХОЙД СОЛОНГОСЫН 2022 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын наймдугаар төв хорооны жилийн эцсийн хурлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн хэдий ч, 2022 оны гадаад бодлого, стратегийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй нь гайхмаар. Хуралдаанаар олон улсын хурдацтай өөрчлөгдөж буй улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах болон холбогдох стратегийн чиглэлийг хэлэлцсэн аж.
Тэд гадаад бодлогынхоо талаар тоймтой мэдэгдэл хийхгүй байгаа явдлыг тодорхойгүй нөхцөл байдалд “стратегийн уян хатан бодлого баримтлах” буюу маневр хийхээр төлөвлөж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Өдгөө зохион байгуулж буй олимпийн наадмын үеэр Хойд Солонгос элдэв асуудал тарьчихгүй бол Хятад улс тэдний хийсэн пуужингийн туршилтыг нүдээ аниад өнгөрөөж болзошгүй.
Үүнээс гадна удахгүй болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль, Украин, Тайваньд үүсээд буй ярвигтай нөхцөл байдал зэрэг бүс нутгийн хэмжээнд тодорхойгүй асуудал олон бий. Эдгээр үйл явдлууд нь Хойд Солонгосын гадаад харилцааны бодлогыг тодорхойлоход их бага хэмжээгээр нөлөөлөх юм. Түүнчлэн, Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран тэдний Хойд Солонгост чиглэх бодлого нь АНУ-ын зөвшөөрөлгүйгээр өөрчлөгдөхгүй билээ.
Иймээс Хойд Солонгос “өрсөлдөгчийхөө хамгаалалтын шугамыг эвдсэн”, “хүчийг хүчээр” гэсэн стратеги баримтлах маягаар өөрсдийн гадаад бодлогынхоо чиглэлийг аль хэдийн тодорхойлчихсон ч байж болох юм. Стратегиа нууцалж буй мэт боловч АНУ-ын хориг арга хэмжээний хариу болгож шинэ он гарсаар хэд хэдэн пуужин харвасныг бид харсан. Мөн удахгүй болох Өмнөд Солонгос ба АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтанд зориулж буйг ч үгүйсгэхгүй. Түүгээр ч зогсохгүй ирээдүйд хийгдэх цөмийн туршилтууд, цэргийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан байж болзошгүй байна.
Ким Жон Ун 2021 онд үндэсний цэргийн чадавхиа бэхжүүлэх амлалт өгч байсан. Тэгвэл 2022 он гарсаар даруй зургаан удаа пуужин харвасан нь энэ амлалтын илрэл юм. Ирэх саруудад ч технологийн дэвшлээ харуулахын тулд дахин пуужингийн туршилт хийсээр байх болов уу. Цөмийн зэвсэг болон пуужингийн сүр хүчийг үзүүлэх замаар шахаанд оруулах нь АНУ-ыг буулт хийлгэх цор ганц арга зам гэж Ким Жон Ун үзэж буй аж.
ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ХАМГААЛАЛТЫН ШУГАМЫГ АМЖИЛТТАЙ ЭВДСЭН НЬ
Цөмийн хэлэлцээрийн мухардал, дээрээс нь урьд өмнө хэзээ ч байгаагүй цар тахлын үймээн гээд энэ жил удирдагч Кимийн хувьд онцгой чухал болж байна. Тэрбээр тус улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ой, Ким Чен Ирийн мэндэлсний 80 жилийн ой буюу дөрөв, хоёрдугаар сард тохиох тус тусын ойгоор өөрийн хүчирхэг манлайллаа харуулах хэрэгтэй болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон намын нэгдсэн хуралдаан дээр Ким НҮБ тэргүүтэй эдийн засгийн хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, цар тахал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж улам дордоод буй улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарыг голчлон хөгжүүлэхэд анхаарах болно гэдгээ илэрхийлсэн.
Гэсэн хэдий ч Хойд Солонгосын хэт бие даасан тусгаар байдал оршин тогтносоор байгаа цагт улс орны хүнсний хомсдолыг даван туулахад бэрх. Цар тахлын эсрэг хатуу арга хэмжээнүүд нь аль 2020 оны эхэн үеэс л Хойд Солонгосыг бүх дэлхийгээс бүрмөсөн таслав. Энэ нөхцөл байдалд улс орны эдийн засгийн байдлыг сайжруулах урт хугацааны цорын ганц шийдэл бол одоогийн хориг арга хэмжээгээ бүрэн цуцлах буюу Хятадтай хилээ нээх эсвэл АНУ-тай цөмийн хэлэлцээрийг сэргээх явдал гэж шинжээчид үзэж байна.
Цар тахлын хориг хоёр жил үргэлжилсний эцэст Хойд Солонгосын ачааны хоёр галт тэрэг нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Хятадаас нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн авахаар хил давсан. Хилийн бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулсан тул эдийн засгаа сэргээхийн тулд Хятадтай худалдаагаа дахин эхлүүлэхээр шийдсэн байж магадгүй. Цаашилбал Хятадын тусламжтайгаар Хойд Солонгос энэ онд цөмийн стратегээ шинэ түвшинд хүргэх боломжтой. Хэрвээ ингэвэл Хойд Солонгос цаашдын хориг арга хэмжээнээс бүрэн хамгаалагдана гэсэн үг. Дэлхийн хамгийн том хоёр гүрэн болох АНУ, Хятад хооронд ноёрхлын өрсөлдөөн улам ширүүсч буй.
Энэ цаг үед Хойд Солонгос гадаад худалдаагаа сэргээх замаар Хятадтай нягт хамтрах нь АНУ-ын хориг арга хэмжээний хариу үйлдэл гэж үзэж болно. Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт нь Умардын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж байна гэж тэд үздэг. Тиймээс пуужингийн туршилтууд нь бусад улс орнуудыг онилсон бус өөрсдийгөө хамгаалж буй зорилготой гэдгээ илэрхийлээд буй. Өөрөөр хэлбэл, Пёньян уг туршилтуудаа хүчийг хүчээр хариулах бодлого хэмээн тайлбарладаг6
ХЭТИЙН ТӨЛӨВ
АНУ буулт хийхгүй л бол хэзээ ч хэлэлцээрийн ширээнд суухгүй гэдгээ Ким Жон Ун хэлсэн. Тэгвэл АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалж, өөрсдийн цэргээ Өмнөд Солонгосоос гарган хамтарсан цэргийн сургуулилалтаа зогсоох нь буулт болох юм. Эндээс дүгнэхэд, АНУ дипломат яриа хэлэлцээ хэвийн болохыг хүлээсээр суувал Хойд Солонгос эцэстээ цөмийн хүчин чадлаараа дийлдэшгүй болох эрсдэлтэй.
Цаашилбал, Өмнөд Солонгос ч мөн адил өөрсдөд нь ирж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатай болох юм. Нөхцөл байдал даамжирвал Солонгосын хойг дахь зэвсгийн уралдаан аюултай тоглоом болж хувирч болзошгүй байна.
Байдены засгийн газар шинэчилсэн цөмийн бодлогоо танилцуулсан. Түүнчлэн Байден болон Ши Жиньпин нар дээд хэмжээний виртуал уулзалтынхаа үеэр зэвсгийн хяналтыг хэрэгжүүлэх хэлэлцээ хийхээр тохирсон. Энэ нь Байдены засгийн газар дэлхий дахины цөмийн зэвсгийн өрсөлдөөнийг таслах зогсооход зэвсгийн хяналтын хэлэлцээр хэчнээн чухал болохыг ухамсарлаж буйг харуулна. Цөмийн зэвсгийг хянах олон талт арга хэмжээ нь Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг томоохон орнуудын хоорондох зэвсгийн өрсөлдөөнийг намжаах, бүс нутаг дахь хүчин чадал, хөрөнгийг бууруулах замаар цөмийн зэвсгийн тархалтыг хянах ашигтай хэрэгсэл болох юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ