Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэв. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.