Монголчууд цар тахалгүй мэт өргөн дэлгэр шинэллээ

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

Монголчууд цар тахалгүй мэт өргөн дэлгэр шинэллээ

Монголчууд цар тахалгүй мэт өргөн дэлгэр шинэллээ

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


МОНГОЛЧУУД ЦАГААН САРЫН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн цагаан сар энэ долоо хоногт тохиож, монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Засгийн газраас төрийн золголтыг энэ жил өнжихөөр шийдвэрлэсэн ч сар шинээр ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тогтоогоогүй. Тиймдээ ч монголчууд  цагаан сарын баяраар цар тахалгүй мэт аашилж, халдвар хамгааллын дэглэмээ умартан шинэлж байгаа нь харагдав. Тодруулбал, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 1-нд шалган нэвтрүүлэх долоон цэгээр Улаанбаатар хот руу 17,390 иргэн орж, 31,093 хүн гарсан гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садны хүрээнд иргэд шинэлж байгаа ч амны хаалттай яваа хүн цөөн харагдав. Гэтэл шинэ жилийн баярын дараа халдварын тоо огцом нэмэгдэж байсанчлан цагаан сарын дараа өвчлөл нэмэгдэнэ гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас сануулсаар байсан.

Тодруулбал, УОК-оос цагаан сарын дараа өдөрт бүртгэгдэх халдварын тоо 60 мянгад хүрэх тооцооллыг гаргаж, сэрэмжлүүлсэн. Мөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа хэлэхдээ, "Омикроны тархалтын хурд маш эрчтэй болж, өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байгааг анхааруулсан. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чинбаярын өгсөн мэдээллээр эрсдэлт бүлгийн хүмүүс /архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд/ омикроноор өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь өндөр аж.

Цагаан сарын баярын өдрүүдэд хоногт бүртгэгдэх халдварын тоо буурсан мэт харагдаж байгаа ч энэ нь иргэд шинэлж, шинжилгээ өгөх хүний тоо багассантай холбоотой гэж үзэж болно. Тухайлбал, өчигдөр улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 570 тохиолдол шинээр батлагдсаны 366 нь Улаанбаатарт, 204 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хэдийгээр иргэдийн шинжилгээ өгөх, дархлаажуулалтад хамрагдах идэвх баярын өдрүүдэд буурсан ч Улаанбаатар хотод өдөр бүр суурин 152 цэгт 1000 орчим эмч, ажилтан ажиллалаа.

Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 цар тахал гарч, богино хугацаанд дэлхий нийтэд тархсанаар хүн төрөлхтөн бүтэн хоёр жилийг хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өнгөрүүлсэн. Монгол Улсад цар тахлын халдвар бүртгэгдэхээс ч өмнө хилээ хааж, анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илрэхэд нийтээрээ айдаст автан, дэлгүүрийн лангуу хоосолж байв.

Харин олон улсын эрдэмтэд цар тахлын эсрэг вакциныг гарган авч, дэлхий нийтээрээ дархлаажуулалтыг эхлүүлснээр олон сая хүний амь насыг эрсдэлээс хамгаалж байна. Гэсэн ч вакцинжуулалтын хувь олон улсад харилцан адилгүй байгаагаас вирус мутацилагдаж, илүү халдварламтгай болж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.

Монгол Улс нь 2021 оны хоёрдугаар сард вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш 2.1 сая хүн вакцины бүрэн тунг тариулж, дархлаа сэргээх бүүстэр тунд 1 сая хүн, дөрөвдүгээр тунд 82 мянган хүн хамрагдсанаар дэлхийн олон оронтой харьцуулахад дархлаажуулалтын хувь өндөр байна.


БЭЭЖИНГИЙН ОЛИМПОД МОНГОЛЫН ДАЛБАА МАНДЛАА

Хятадын нийслэл Бээжин хотноо өвлийн XXIV Олимпын наадам хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулж, Монголын баг 79 дэх ээлжинд цэнгэлдэхэд орж ирсэн юм. Монгол Улсаас олимпийн наадамд хоёр тамирчин эрх авч өрсөлдөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны өргөн бүрэлдэхүүн Хятад улсад айлчилсан юм. Айлчлалын зорилго нь олимпийн наадам үзэх гэхээс илүү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны  асуудлуудыг хэлэлцэх, хил гаалийн асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна.

Монгол Улс гүйлтийн цанын төрөлд хоёр эрх авсан бөгөөд Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцож байна. Харин паралимпийн наадамд Б.Ганболд цанын төрөлд өрсөлдөх бөгөөд тэрбээр ийнхүү гурав дахь паралимпдоо оролцох гэж байгаа аж. Паралимп гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.


 АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙГ НЭМЭВ

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн. Уг нэмэгдэлд 52.693 нийгмийн халамжийн тэтгэвэр авагч иргэн, 10145 байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд, нийт 62.838 иргэн хамрагдаж, 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг авчээ.

Мөн ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон. Тэтгэврийн нэмэгдлийг сар шинийн баяраас урьтаж батлахаар УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулж баталснаар хоёрдугаар сарын 1-ны битүүний өдөр ахмадуудын дансанд шилжүүлсэн юм. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой төсвийн тодотгол хийж, Богд Зонхоюа, айрагны өргөө зэрэг 123 төсөл арга хэмжээний төсвийг царцааж, ирэх жил рүү шилжүүлсэн.


 

ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ 5 ДАХЬ УДААГАА СУНГАВ

Цар тахлын тухай хуулийг анх зургаан сарын хугацаанд үйчлэх зохицуулалттай оруулж ирсэн ч эрх баригчид тав дахь удаагаа сунгахаар 2022 оны төсвийн тодотголыг дагаж өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийсэн. Тэгвэл 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дунд цар тахлын хуулийг сунгаж, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар оруулж иржээ.

Хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч өдгөө УИХ тав дахь удаагаа сунгаад байна.

  • 2020.04.29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ний өдөр.
  • 2020.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.06.29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2022.06.30-ний өдөр хүртэл дахин зургаан сараар сунгасан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж