Омикроны ВА.2 дэд хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Омикроны ВА.2 дэд хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд

Омикроны ВА.2 дэд хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд

Их Британийн эрдэмтэд Covid-19-ийн омикрон хувилбарын BA.2 дэд хувилбарын үед илрэх гол шинж тэмдгүүдийг тодорхойлжээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн газраас мэдээлснээр, дээрх дэд хувилбарын үед өндөр халуурах, тасралтгүй ханиалгах, үнэр, амт мэдрэх чадвар алдагдах, өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандаж, Covid-19ийн шинжилгээ өгөхийг Их Британийн эрдэмтэд зөвлөжээ. Хэрэв шинжилгээний хариу халдвартай гарвал тав хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатайг анхааруулсан байна.

Их Британийн Эрүүл мэндийн газар уг дэд хувилбарыг “анхааралдаа авах" хувилбаруудын ангилалд оруулснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хэрэв өвчлөл нэмэгдсээр байвал BA.2 хувилбарыг “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулах аж. Тус улс уг ангилалд омикрон, дельта, альфа, гамма, бета хувилбаруудыг оруулаад буй юм.

Омикрон хувилбарыг BA.1, BA.1.1, BA.2, BA.3 гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлсон. Үүнээс BA.2-ыг омикроны анхны хувилбараас илүү “нууцлагдмал” хэмээн үзэж, генетикийн зарим шинж чанар нь илрүүлэхэд илүү хүндрэлтэй байгааг судлаачид мэдээлсэн билээ.

BA.2 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх илэрсэн, халдварлах чадвар өндөр хувилбар бөгөөд зарим газар хурдацтай тархаж буй байдал ажиглагдсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байгаа юм. Судлаачдын мэдээлж буйгаар, BA.2 нь маш олон удаа мутацид орсноос 20 орчим нь вирусийн сөртөнгийн уурагт явагджээ. Дани улсад эхний шатны дүн шинжилгээгээр BA.2 болон анхны омикроноор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтэд ямар нэг ялгаа ажиглагдаагүй байна.

Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мэдээлснээр, BA.2 нь BA.1-тэй олон талаараа ижил төстэй ч халдварлах чадвар, илрэх байдал, дархлаанаас “зугтаж” болзошгүй мутациудаараа ялгаатай аж. Гэвч цуглуулаад буй нотолгоонууд нь хоёр дэд хувилбарын ялгааг үнэлэхэд хангалтгүй байгаа тул дотоодын тохиолдлуудыг хянаж, хилийн чанад дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судлах шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: DAILY EXPRESS, RT
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж