Монголын баг тамирчид нээлтэд жагслаа

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Монголын баг тамирчид нээлтэд жагслаа

Монголын баг тамирчид нээлтэд жагслаа

НЭЭЛТЭД ЖАГСАХ ТАМИРЧИД ТУГАА ГАРДАН АВЛАА

НЭМЭЛТ:

Олимпийн наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин төрийн далбаагаа гардан авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн тугийг Монголын багийн ахлагч Ц.Сандуй тамирчдад гардуулан өгөв. Манай хоёр тамирчин нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно. Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжинд цэнгэлдэхэд орж ирэх юм.

БЭЭЖИН-2022 ОЛИМП ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Бээжин-2022 өвлийн олимпийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2021.02.04/ 19:30 цагаас эхэлнэ. Хэдийгээр нээлт өнөөдөр ч көрлинг, цана, хоккейн төрлийн тэмцээнүүд хэдийнэ эхэлсэн. Олимп эхэлж буйтай холбогдуулан та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс нийтлэг асуултуудад хариуллаа.


Өвлийн олимп хаана, хэзээ эхлэх вэ?

Өвлийн 24 дэх олимпийн наадам өнөөдөр Бээжин хотод албан ёсоор нээлтээ хийж, хоёрдугаар сарын 20-н хүртэл Бээжин, Жанчхүү, Яньцин зэрэг гурван хотод тэмцээн уралдаанууд болно. Зарим тэмцээнүүд хоёрдугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

Нийт 19 өдрийн турш 15 спортын 109 багц медалийн төлөө баг тамирчид өрсөлдөнө.

Бээжин-2022 өвлийн паралимп гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.

Монгол Улсыг төлөөлөн хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр оролцох вэ?

Монгол Улс гүйлтийн цанын төрөлд хоёр эрх авсан бөгөөд Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцох болно. Харин паралимпийн наадамд Б.Ганболд цанын төрөлд өрсөлдөнө. Тэрбээр ийнхүү гурав дахь паралимпдоо оролцох гэж байна.

Монгол Улс өвлийн олимпийн түүхэндээ ямар амжилт үзүүлж байсан бэ?

 Монгол биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цанын спортод тамирчдаа илгээж байсан түүхтэй. Гэвч гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарчээ.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өвлийн олимпийг шууд дамжуулах эсэх нь тодорхойгүй байна.

Гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 2002 оны Солт-Лэйк Ситигийн өвлийн олимпод оролцож, тухайн үед Г.Жаргаланчулуун, Б.Октябрь нар өрсөлдөж байв. Харин биатлончид тэртээ 1968 оны Греноблийн өвлийн олимпод оролцоход Б.Дашгай, Б.Дамдинжав нар эх орноо төлөөлж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд болсон 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Б.Ачбадрах өрсөлдөж 97 дугаар байранд орсон бол эмэгтэйчүүдийн цанын гүйлтийн 10 км зайд Ч.Отгонцэцэг өрсөлдөж, 84 дүгээр байрт орж байв.

Монголын багийн өмсөх хувцсыг хэн урлах вэ?

Монголын багийн ёслолын болон бэлтгэлийн хувцсыг “Michel Amazonka” урласан. Тэд өмнө нь Токиогийн зуны олимпод оролцсон баг тамирчдын хувцсыг урлаж байсан.

Ямар улсууд дипломат бойкот хийсэн бэ?

Олон улсын хүний эрхийн байгууллагууд, улс орнуудын зүгээс Хятадын засгийн газрын Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөрмонгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Үүний улмаас АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг улсууд дипломат бойкот хийж буйгаа зарлав.

Дипломат бойкотын хүрээнд дээрх улсуудын төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнууд, албаны хүмүүс олимпод оролцохгүй бөгөөд харин баг тамирчид нь чөлөөтэй оролцоно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Ямар улсууд өвлийн олимпод оролцохоос татгалзсан бэ?

Хойд Солонгос өвлийн олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэд цар тахлын улмаас Токиогийн зуны олимпод мөн баг тамирчдаа илгээгээгүй билээ.

NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тамирчид омикроны улмаас өвлийн олимпод оролцохгүй.

Өвлийн олимпийн үеэр цэнгэлдэхэд үзэгч оруулах уу?

Оруулна. Гэхдээ хязгаарлалттай, цөөн тооны үзэгч оруулах төлөвлөгөөтэй байна. Хятадын эрүүл мэндийн байгууллагууд олимпийн үеэр мөрдөх цар тахлын журмыг боловсруулсан бөгөөд цэнгэлэдэхэд нэвтэрсэн үзэгч зөвхөн алга ташиж болно. Харин орилох хориотой гэнэ.

Спортын шинэ төрлүүд олимпийн хөтөлбөрт багтсан уу?

Зургаан төрлийн тэмцээн энэ удаагийн олимпод нэмэгдэж байгаа.

  • Цанын чөлөөт гулгалт: Холимог багийн агаарын үзүүлбэр
  • Цанын чөлөөт гулгалт: Эрэгтэйчүүдийн уртын харайлт
  • Цанын чөлөөт гулгалт: Эмэгтэйчүүдийн уртын харайлт
  • Шорт-трейк: Холимог багийн буухиа
  • Цанын харайлт: Холимог багийн тэмцээн
  • Снөүбоард: Холимог багийн кросс

Өвлийн олимпийн хөтөлбөрт ямар спортууд багтдаг вэ?

-Уулын цана, биатлон, бобслей, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, цанын чөлөөт гулгалт, шайбтай хоккей, луж, цанын хос төрөл /Nordic combined/, скелетон, цанын харайлт, снөүбоард, гүйлтийн тэшүүр зэрэг спортууд өвлийн олимпийн хөтөлбөрт багтдаг.

Дараагийн олимп хаана, хэзээ болох вэ?

Ирэх зуны олимп 2024 онд Парист болно. Харин 2026 оны өвлийн олимп Италийн Милан болон Кортина хотуудад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж