"Төгс буянтын зурхай алдаагүй тул монголчууд буруу өдрөө шинэлээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

"Төгс буянтын зурхай алдаагүй тул монголчууд буруу өдрөө шинэлээгүй"

"Төгс буянтын зурхай алдаагүй тул монголчууд буруу өдрөө шинэлээгүй"

Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Усан бар жилийн шинийн гурван энэ жил тасарч, шинийн 7-н хоёр өдөр тохионо гэдгийг ч зурхайч нар хэлж байгаа. Нөгөө талд, битүүний өдөр хавирган сар гарч, шинийн 2-нд хормын дотор үзэгдээд өнгөрдөг сар энэ жил шинийн 3-ны сартай адил байсанд хүмүүс эргэлзэх болов.

Энэ мэтчилэн монголчуудын хувьд буруу өдрөө шинэлэв үү, цаг тооны бичиг алдав уу гэх зэрэг эргэлзээ үүсээд байна. Энэ асуудалд зурхайч нарч хоёр талд хуваагдаад байна.  Шар зурхайч М.Намсрайгийн зүгээс монголчууд буруу өдрөө шинэлсэн гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэрбээр “Шар зурхайд хоёрдугаар сарын 1-нд шинийн 1 гэж бичигдсэн. Харин битүүн нь нэгдүгээр сарын 31. Нийтээрээ буруу өдөр шинэлчихлээ. Энэ шинэ үзэгдэл ч биш. Залуу наснаасаа л нүүдэлчин монголчуудынхаа уламжлалт аргаар зурхай зурлаа. Ингэж зөрсөн, буруу өдрөө шинэлсэн тохиолдол гарч л байсан” гэсэн.

Мөн энэ жил шинийн 3 тасарч шинийн 4 тохиож байгааг үгүйсгэсэн билээ. Энэ тухай цааш нь  үргэлжлүүлэн ярихдаа “Өдөр алгасна, эсвэл давхардана гэж байхгүй. Ийм л зүйл хийж байгаа улс. Дараа жил энэ зурхайгаар Цагаан сар нь бүр нэг сараар зөрнө. 2025 онд гуравдугаар сарын 1-нд цагаалахаар байгаа. Би болон шар зурхайгаа дагадаг монголчууд хоёрдугаар сарын 1-ндээ шинэлж, мөрөө гаргасан” гэсэн билээ. Харин Гандантэгчинлэн хийдийн зүгээс төгс буянтын зурхай алдаагүй тул монголчууд буруу өдрөө шинэлээгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ талаар тус хийдийн зурхайч Д.Амгаланбаатараас  тодруулав.

Төгс буянтын зурхайгаар цаг тооны бичгийг зөв тооцсон уу гэдэгт эргэлзээ үүслээ.Өчигдрийн тухайд шинийн 2 бус шинийн 3-ны сар гарлаа гэж хүмүүс ярьж байна. Иймд буруу өдөрөө шинэлсэн гэсэн байр суурийг зарим зурхайч нар илэрхийлж, хүмүүс ч эргэлзэх боллоо?

-Төгс буянтын зурхай бол нүүдэлчин ахуйд тохирсон, эцэг өвгөдөөс дагаж ирсэн уламжлалтай. Иймд эргэлзэж, хоорондоо талцах шаардлагагүй. Төгс буянтын зурхайд цаг тооны бичиг алдаагүй. Шинийн 2-ны сар гарсан эсэх тухай өчигдрийн маргааны тухайд хүмүүс сарыг шууд хараад мэдэх боломжгүй. Ер нь сар арвидаж гарах, сар түрэх гэж бий. Сар арвидаж гарах үед зарим жилд шинийн 2-ны сар харагдахгүй тохиолдол бий. Харин сар түрж гарах нь шинийн 2-ны сар илүү том, удаан  гардгийг хүмүүс шинийн 3-ны сартай андуурдаг. Энэ нь байгалийн үзэгдэл, нарны татах хүч, физикийн хууль зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Үүнийг одон орон судлаач, зурхайч нар нарийн тооцож гаргадаг тул иргэд хоорондоо маргалдаж эргэлзэх шаардлагагүй. Тиймээс өчигдөр шинийн 3-ны сар гарч, шинийн 1-нд нь шинийн 2-ны сар гарсан зүйл байхгүй гэсэн үг. Төгс буянтын зурхайгаар шинийн 3 тасарсан учир сар түрж байгаа юм.  Шинийн 15-ны сарыг ажиглавал урьд жилүүдийнхтэй харьцуулахад хүрээ нь том, маш тод байх болно. Ерөнхийдөө хоёрдугаар сар бол цатгалан буюу сар түрж байна гэж ойлгож болно. Иймд монголчууд буруу өдрөө шинэлээгүй.

Энэ жилийн тухайд шинийн 3 тасарч шинийн 4 тохиож байгаа нь маргаан, шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-Өнөөдөр билгийн тооллын шинийн 4-н. Учир нь дээр дурдсанаар нар, сарны татах хүч, далайн түрлэг зэргээс хамаарч од эрхэсийн хөдөлгөөн нэгэн хэвийн биш. Үүнээс шалтгаалан сарны тооцооллыг урагшлуулах, хойшлуулах зэргээр  нэг удаад хөдөлгөж тооцдог. Тэгэхээр зурхайн тооцооллоор шинийн 3 тасарч, шинийн 7-ны өдөр хоёр тохиож байгааг шинийн 2-ны сарны маргаанаас л ойлгохоор байгаа.

Бар жилийг хүмүүс ихэд билэгшээж байна. Таны хувьд бар жилийн өнгийг хэрхэн харж дүгнэж  байна?

-Миний ажигласнаар бар жилд байгалийн гамшигт үзэгдлүүд багагүй тохиох болов уу. Хяруу мөндөр их унах, зуны цагт  хур бороо,  үер бууж магадгүй.  Мөн газар хөдлөх зэрэг байгалийн үзэгдлүүд гарч болзошгүй. Хаврын эхэн сард салхи шуурга, хавсарга ихтэй, намар нь ургац тариа арвин байна.  Хүмүүсийн амьдралд таатай жил болно. Идэр залуус хөдөлмөрлөж чадвал эд баялаг хурааж үр ашгийг нь хүртэнэ. Өндөр настан, нялхасын эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Идэр залуус нь тайван амгалан байх жилийн өнгө харагдаж байна.

Үхэр жилийн тухайд ямархуу байв?

-Жилийн өнгөөр харвал үхэр, бич жил угаас хатуу жил байдаг. Тиймээс ч үхэр жил хатуухан жил болж өнгөрөх шиг боллоо. Цар тахлын улмаас иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд эрээнтэй бараантай л байлаа.

Монголчуудын хувьд шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэж ном уншуулдаг уламжлалтай. Заавал шинийн 15-ны дотор багтаж засал хийлгэх ёстой юу?

-Жил нь орж буй, даруй засал хийлгэх шаардлагатай хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж ном уншуулснаар жилийн өнгөн дээр аж амьдрал нь тэгшрэх, зам мөр нь засагдна гэсэн л утгатай. Энэ ч үүднээс хүмүүс ч шинийн 15-ны дотор ном уншуулж, засал хийлгэхийг зорьдог. Гандантэгчинлэн хийд бол  365 хоног л өдөр бүр ном уншиж, засал хийж байгаа. Тиймээс тухайн жилдээ л багтаж ном уншуулж заслаа хийлгэвэл заавал шинийн 15-нд багтаж ном уншуулах шаардлагагүй. Буян үйлдэхэд өдөр харах ч хэрэггүй.

Сар шинийн дараа заавал ном уншуулж засал хийлгэх шаардлагатай юу.  Ер нь засал хийлгэхгүй байвал яах вэ?

-Хувь хүнээс л шалтгаална. Тухайн хүн заавал ном уншуулж засал хийлгэх шаардлагагаүй гэж үзэж байгаа бол заавал ном уншуулах албагүй. Өөрийгөө жилийн өнгө нь сайн гэж үзвэл заавал ном уншуулж, засал хийлгэх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
125
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж