Голын мөс цөмөрч, гэр бүлийн таван гишүүн автомашинтайгаа осолдсон байсныг Онцгой байдлын албан хаагчид аварсан байна. Тодруулбал, энэ сарын 2-нд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд суужээ.
Энэ тухай дуудлагын дагуу онцгой байдлын аврах багийнхан "Пажеро" маркийн суудлын автомашинд 32 настай эр, 26 настай эм, хоёр, дөрөв, зургаан настай хүүхэд байсныг эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг голоос татаж гаргасан аж.
Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарыг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа. Гэвч иргэдээс мөс цөмөрсөн, автомашинтайгаа суусан зэрэг дуудлага тасрахгүй байна.
Холбоотой мэдээ