Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарийн цанын холбоотой хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцарь дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаасан юм.
“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарийн цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тосолгоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж.
Мөн Швейцарийн цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Бээжинг зорьсон Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд хоёрдугаар сарын 8-наас тэмцээндээ орж эхэлнэ.