Жерри Уэст: Лэйкерстэй эвлэрэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2022.02.03-нд нийтлэгдсэн

Жерри Уэст: Лэйкерстэй эвлэрэх шаардлагагүй

Жерри Уэст: Лэйкерстэй эвлэрэх шаардлагагүй

Лос-Анжелес Лэйкерс баг өөрсдийн домог, “NBA”-ийн логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэстийг гомдоожээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус багийн эзэн Женни Басс “All the Smoke” подкастад оролцох үеэрээ Карим Абдул Жаббар, Коби Брайант, Мэжик Жонсон, ЛеБрон Жэймс, Фил Жексон нарыг Лэйкерсийн түүхэн дэх хамгийн чухал таван эрхэм гэж нэрлэсэн. Үүнд нь Уэст гомдож, “доромжууллаа” гэж байв.

Асуудал үүгээр дууссангүй. Жерри Уэст саяхан “The Athletic” сайтад өгсөн ярилцлагадаа Лэйкерстэй харилцаа муутайгаа хэлж, тэдний төлөө тоглосондоо харамсдаг гэжээ. Тэрбээр “Миний сэтгэл дундуур байдаг нэг зүйл бол Лэйкерстэй харьцах харилцаа минь аймшигтай. Яагаад гэдгийг нь одоо болтол мэдэхгүй байна. Одоо бодоход Лэйкерсээс өөр надад талархдаг, намайг анхаардаг газар тоглосон ч болоосой гэж боддог” гэлээ.

Лэйкерсийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, тамирчны замналаа ганцхан энэ багт зориулсан Жерри Уэст зодог тайлсан хойно ч дасгалжуулагч, ерөнхий менежерийн хувиар ажилласан билээ. Тэрбээр энэ хугацаандаа Коби Брайантыг драфтаас авч, Шакил О’Нилийг чөлөөт агентаас авчирч, Фил Жексоныг нэгтгэж, багтаа үнэтэй хувь нэмэр оруулсан.

Жерри Уэст сүүлийн жилүүдэд Уорриорсын зөвлөхөөр ажиллаж, Клипперст Кавай Леонард, Пол Жорж нар ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Багийн эзэн Женни Бассын аав Жерри Басс нас барахаасаа өмнө Жерри Уэстэд амьдралынхаа туршид Лэйкерсийн тоглолтыг үнэгүй үзэх эрх өгчээ. Харамсалтай нь, одоогийн Лэйкерсийн удирдлагууд энэ эрхийг нь хурааж, үүнийгээ Уэстэд бус эхнэрт нь мэдэгджээ.

Жерри Уэст үргэлжлүүлэн “Эхнэрийн минь утсанд нэг зурвас ирсэн. Хэн ч над руу залгах зориггүй байсан хэрэг л дээ. Тийм л өчүүхэн байсан. Би Лэйкерст хайртай, тэдний сайн байгааг харах дуртай. Тэнд хийсэн бүх зүйлээрээ би бахархдаг. Тэнд намайг байхгүй үед тохиосон зүйлүүдээр нь ч бахархдаг. Гэхдээ заримдаа хаягдсан юм шиг, яг л хогийн сав шиг санагддаг. Лэйкерст нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Женни биш шүү. Би үргэлж түүнтэй сайн харилцаатай байсаар ирсэн. Ядаж л би тэгж боддог. Одоо ямар болсныг нь мэдэхгүй юм” гэжээ.

Жерри Уэст болон Женни Басс

Сэтгүүлч түүнээс Лэйкерстэй эвлэрэх найдвар байгаа эсэхийг асуухад толгой сэгсрэн “Үгүй ээ, хэтэрхий оройтсон. Надад одоо эвлэрэх шаардлага байхгүй. Надад үнэхээр хэрэггүй. Хүмүүс их өөрчлөгдөх юм. Үүнийг л би ойлгохгүй байна. Гэхдээ зүгээр ээ” хэмээн хариулав.

Жерри Уэст 1960-1974 онуудын хооронд Лэйкерсийн төлөө тоглож, 1972 онд аварга авч байсан билээ. Мөн түүний 44 дугаарыг Лэйкерс мөнхөлсөн. Ерөнхий менежерийн хувиар Лэйкерстэй зургаан удаа аварга авсны дараа Уэст Мемфис Гриззлес, Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Клипперс багуудад зөвлөхөөр ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж