Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Сумын дарга

Урд голын дунд гарамны доохнотойд, Тахианы байрны артдхантайд, Цагаан бургасын дээхнээд Т.Санжаа баавайн гэр хотол зусдаг. Манай сум нэгдлийг цөөөнгүй жил удирдан залсан энэ хүний өглөө эрт нааш цааш алхалж, зэлний чагт барилж үзэн, голын эхэн, адаг руу дээш доош хараа саравчилж, чийг хяруу унаж хоносон тохом дэлгэж хатаах, хажуухны ногооны талбайн дэргэдээс сувай үхэр холдуулан гилэх зэргээр хүнд үл анзаарагдам ч өглөөний дадсан дасгал мэт эдгээр  үйл аяс мундрааж үзэгддэг нь санаанд тодхон.

 Эдүгээ эргэн санахул, хуучны, ажил амьдралын нөр туршлага болсон, цагийг ер зүгээр өнгөрүүлдэггүй, алсын дүн нуруугаараа угаас ажилч хичээнгүй, хөдөлмөрч дүнэгэр хүмүүс, тэр цаг үеийн буйд нутгийн толгой сэхээтнүүдийн илэрхийлэл байжээ.

Т.Санжаа дарга бол ус нутагтаа бага дунд сургуулиа дүүргэж, Урд, Хойт голоороо нутаглаж, энэ л нутгаасаа эрдэм мэдлэгийн аянд мордсон хүн. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг байдаг. Нутаг орны тулхтай, монгол хар цөлх ухаан ханасан эгэл жирийн  ардын том хөвгүүн. Ус голдоо бүтэн нэртэй, бүлээн зүстэй, олонтой, буянтай сайхан улс Монголын хөдөөд хаана ч түгээмэл байдаг. Санжаа даргын эцэг Адиа Түвдэн бол ийм л нэг жирийн сайхан монгол эцэг. Түвдэнгийн Санжаа Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Монголын хөдөөгийн нэгдэл нийгмийн үеийн удирдлагын нэгэн тодорхой төлөөлөл юм. Түүний ажил амьдралын гараа Говь-Алтай аймгийн Төгрөг сумын  Тал дахь гэрэл нэгдэлд эдийн засагчаар ажилласнаас эхтэй. Залгамжлаад мөн аймгийн Халиун, Хөхморьт сумдад эдийн засагч, сум нэгдлийн даргаар ажилласан байдаг. Хэтдээ төрөлх тоонот Ховд аймгийн Чандмань сумынхаа даргаар ч ажилласан билээ. Ерөөс түүний амьдралын замнал өөрөө сум нэгдлийн даргаар ажиллах хувь тавилан, зохионгуйтай өгөгдсөн ажээ гэж ээдрээгүй ойлгогдохоор. Сум орныг удирдах гэдэг бол авсаар, хялбар ажил биш нь ойлгомжтой.  Нэн ялангуяа буйд нутгийн малчин, ажилчин, сэхээтэн, уурын захын галчаас залгуулаад нийгмийн олон тодорхой давхарга бүлгэмээс бүтдэг засаг захиргааны энэ чухаг нэгжийг удирдана гэдэг, тэр тусмаа он удаан жил дамнан засаглана гэгч тухайн хүний нуруу дүн, тэн тэнхлэгийг аяндаа сорин бүтээдгийг тэмдэглэх нь илүүц биз. Түвдэнгийн Санжаа бол дүнхийсэн сайхан буурь суурьтай хүн. Залуугаасаа л тийм шинж төлөвтэй байсан нь анзаарагддаг.

Амьдралын хал, ажлын хэцүүг үл ажран ачааг даасан шиг дааж, үүрсэн шиг үүрч он жилүүдээ бүтээснийг зам мөр нь хэлээд өгдөг. Тэрбээр жинхэнэ аж ахуйн хүн. Аж ахуйн ажлын эв дүй уран. Хүнд сурталч, улхаг назгай занд гойдын дургүй. Энэ хэрээр удирдсан сум орныхоо хүмүүсийг эрхэлсэн ажил үүрэгтээ онцгой шамдуу байхыг шаарддаг.

Гараасаа юм гаргасан, үүрэг даалгавараа биелүүлж чадсан хүнийг бусдад нь үлгэрлүүлэх, идэвхжүүлэх аргаар захиргааны ажлыг тун чадмаг гүйцэтгэж ажлаа явуулдаг. Сум нэгдлийн даргаар ирэээд хамгийн түрүүнд орлогч нараа, дунд тушаалын ажилтнуудыг хариуцлагажуулан идэвхийлүүлэх талаар онцгой санаачлагатай ажилласан.  Энэ нь ч үр дүнгээ өгч сум нэгдлийн ажил аяндаа чамбайраад ирсэнийг нутаг орны тэргүүлэх сэхээтнүүд таатайгаар цохон дурсдаг. Харин малчид, жирийн ажилчидтай тун энгийн, нилээд болгоомжтой аядуу зөөлөн харьцаж,бүтээлч үйл ажиллагаанд залан удирддаг өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Тэрбээр нэгдлийн гишүүдийнхээ үг саналыг тогтмол сонсч, эдийн засаг, бүтээлч үйлдвэрлэлд тэднийхээ байр суурийг шигтгэн, удирдлага арга барилдаа шингээн ажилладаг нь амжилттай, оночтой байж. Нэгж хөдөлмөрчиний  санаа бодлыг, ажлын төлөвлөгөөндөө тусгаад, өөрөө үлгэрлэж, “чирж” хөдөлмөрлөөд байсан нь тэр үеийн дарга нарын чинхүү зүтгэл. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэл, өдий цараа, зах зээлийн эдийн засагт аж ахуйг шилжүүлэн залах нөр үйл хэрэгт  нэгдлийн олон дарга нар манлайлж ирсэний тэргүүн эгнээнд Түвдэнгийн Санжаа явсан нь хилсгүй бөгөөд үйл хэрэг нь нотолдог. Түүний өөр нэгэн чухаг дэвшилт үзэл санаа бол амины өмчийг тууштай өсгөх санаачлага, арга барилын нь эв тулгуур байв. Энэ бол өнөөдрийн чөлөөт зах зээлийн нийгмийг бий болгоход , улс орны энэ тогтолцоог эртнээс харж, өмчид хандах, цул бүхэл, том эдийн засгаас бүгдээрээ хожихын язгуурыг эртнээс урьдчилан мэдэрч сэрж  байсан онцгой нөлөөлөл билээ. Т.Санжаа дарга ажил хөдөлмөрийнхөө ид үед эдийн засгийн аргаар бүтээлч үйлдвэрлэл, өртөг шингэсэн мал аж ахуй, түүний бүтээгдэхүүний үр ашигтай тооцооллыг чадамгай төлөвлөн биежүүлж байсан  стратегич. Тэрбээр ажиллаж байсан нэгдлүүддээ малын үүлдэр угсааг сайжруулахад онц шамдаж, үхрийг казахын цагаан толгойтоор, хонийг чамар, ямааг доны үүлдрээр сайжруулан сүлж, чанар, үр ашгийг амжилттай нэмэгдүүлэн өсгөж үржүүлж байсан нь тухайн үеийн улс орны эдийн засгийн даац, нуруу сэлбээ болсон нь эргэлзээгүй.

Т.Санжаа дарга Анхдугаар Шинэ Үндсэн хууль батлахад депутатаар сонгогдон, Үндсэн хуулийг хэлэлцэхэд тэргүүлэх эгнээнд үг саналаа хэлж, бодол ойлголтоо батлуулан шингээж хэлэлцүүлсэнийг  сум-буйдад цэнхэр дэлгэцээр нутгийн зон бахдан харж, ярьж хэлэлцэж суусныг санах билээ. Тун саяхан, Үндсэн хуулийг баталсан өдрийн түүхэн тохионгуйг таширлуулан Түвдэнгийн Санжааг Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор төрөөс шагнасан нь зүй ёсны хүртээл байлаа. Зах зээлийн эдийн засагт зайлшгүй шилжих шаардлагатайг хамгийн түрүүнд мэдэрч, өөрөө ч түүнд үйл ажиллагаагаараа бэлтгэгдсэн байсныг нутаг орныхон ам нэгтэй ярьдаг.  Угаас цаг үеэс хоцрох дургүй нь  түрүүлж харах өгөгдмөл мэдрэмжтэйн илэрхийлэл. Бие дааж гаргасан шийдвэртээ туйлын туйлбартай. Гадаад өнгөнөөсөө дуугүй дүнсгэр гэмээр ч халдаад ирэхээр огт тийм бус, харин тун нийцэмжтэй. Алив хүнийг ямар зүйл дээр гар нийлж, харилцан үр бүтээлтэй байж чадахыг мөнөөх дуугүй дүнсгэр мэт явахдаа хэдийнэ олж харсан байдаг. Чингээд аяндаа үзэл бодол, бүтээлч сэтгэлгээнд зам нийлсэн хүнийхээ санаа өгөгдлөө илэрхийлэхэд нь бахтай нь аргагүй дэмжиж, хамтарч чаддаг байсаан гэж түүнтэй мөр зэрэгцэн зүтгэж асан, удирдлагад нь ажиллаж байсан  Чандмань сумын иргэдийн өгүүлснээс улбаалан ийн өчиж байгаа хэрэг ээ.

Т.Санжаа дарга бол хөдөлмөрч зан чанарыг хийгээд биеийн эрүүл мэндийн ёс суртахуунаа өв төгш авч явж ирсэн хүн юм. Тэрбээр Халиун сумын нэгдлийн даргын ажлыг Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүгээс залган өртөөлсөн удирдахуйн болон ажил амьдралын үлэмж туршлагатай нэр нөлөө бүхий дарга Г. Базараас залгамжлан авсан байдаг.

Энэ хүмүүс бол Монголын нэгдэлжих хөдөлгөөний манлайлагчийн жинхэнэ төгс илэрхийлэл болсон алдартнууд. Түвдэнгийн Санжаа энэ гайхалтай хөдөлмөрч хүмүүсээс ажлаа авсан, тийн мөнөөх домог болсон аваргуудаас ажил залгамжилна гэдэг нэр төрийн ч хэрэг, бас үүрэг хариуцлагын ч өндөр ноогдол билээ. Ийм үлгэр зохионгуйн учир, угаас бага залуугаас хашир, хөдөлмөрч дадалтай учир Т.Санжаа дарга мөн тийн Лодойхүү, Базар гуай нарын адилаар сум нэгдлээ амжилттай удирдсан байна. Т.Санжаа даргын зам мөр дадлыг ажаад байхад онцгой эрүүл саруул уур амьсгал илэрхийлэгддэг. Үргэлж хийж бүтээж, завгүй байдаг хүнд буруу зуршил огт үгүй байдаг. Бас хийж бүтээгч хүн эрүүл мэнд, бие оюунаа ухаалагаар авч явж чаддаг. Оюун санааны , бүтээлч хөдөлмөрийн эрүүл хайгуул эрүүл бие, саруул ухааныг олгодог. Энэ нь эл хөргийн эзэнд аяндаа хамааран хашигддаг. Түүний ажиллаж амьдарсан түүхэнд үргэлж нэг эмх цэгц, чигч шударгуу хандлага бат дагалдсан байдаг. Хүлээсэн үүрэг хариуцлагат ажилдаа хоёргүй сэтгэлээр хандан, зөвд зөөлөн, бурууд хатуу байхуйн зарчмаар ажил амьдралын зам мөрөө тэгшитгэж ирсэн нь ойлгогддог. Ингэж ойлгогддог нь хийсэн бүтээсэндээ амжилт гаргаж, ахиж дэвшиж ирсэнээр нь, хүн зон хийгээд засаг захиргааны итгэлийг хүлээн бататгаснаар нь, хамгийн гол нь нэр цэвэр, үйлс ариун явж ирсэнээр нь хэмжигддэг. Ийм хувь тавилан, заяа замын харгуйг энэ хүмүүн уудамхан бүтээж иржээ.

Бага залуугаас барилдаж, уншиж, танин мэдэж оюун санаа бие бялдрын хүмүүжлийг өөртөө төлөвшүүлэн дадуулж ирсэн. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг ямагт чухалчлан гадаад дотоодод сурч, эдийн засаг, менежмэнтийн ухаанаар тогтмол өөрийгөө цэнэглэн хөгжөөж ирсэн нь ажил үүргээ нэр төртэй явуулж ирсэний эмээл хазаар байсан нь эргэлзээгүй. Идэр залуугаас хэрсүүжин буурь сууж, цаг явахын хэрээр хашир цэнээ ханан, ажил мэргэжлийн болоод амьдралын аливаа цалгар назгайд ер авталгүй яруухан амьдарч ирсэнийг наян нас зооглосон эдүгээн зам харгуй аяндаа илэрхийлнэм.

Хар залуугаас сум нэгдэл удирдаж, цаг мөч бүрт хариуцлагат ухамсарын дор амьдарч, улс орныхоо өмнө удирдсан засаг захиргааны нэгжээ хүний дайтай авч явжээ. Энэ учир дараа дараагийн шилдэг залуу боловсон хүчнүүд, ажил хөдөлмөрийн үр дүнт үзэл ухамсарыг  ажилласан газар бүртээ өвлүүлэн залгамжлуулж байсан нь нот. Ингэж залгамж халаа, үйл хэргийн зөв өвөөр дамжин улс орны үйл хэрэг дэвжин хөгжих зүй тогтолтой.

Энэ түгээмэл үүргээ Т.Санжаа дарга нэр төртэй биелүүлж ирсэнийг удирдлагад нь ажилласан хүмүүс, үр хүүхдүүд нь ч хэлээд өгч байна.  Сум нэгдлийн даргаар өнө удаан жил ажилласан түүний олон шавь, залгамжлагчид үлгэрлэл төгс ажиллаж амьдарч байгаа бөгөөд өөрийн нь хүүхдүүдээс аймгийн дарга, яамны дэд сайд төрөн, улс орондоо зүтгэж явна. Энэ бол яах аргагүй бүтээлч хөдөлмөрч хүний нандин сайхан нэр төр, амьдралын залгамжлал, бас дэгжин дэвшиж буйн тод нотолгоо. Ямарваа амжилт , хийж бүтээсэндээ эрдэх занг огт үл таашаах бөгөөд насан туршдаа төлөв даруу, энгийн намуун амьдарсан. Олныхоо дунд явж, ахсын үгийг сонсч, ахмадыг хүндэлж, дүү нараа өргөж , залуусыг хичээмжлүүлж явахыг амьдралын баримтлал болгож цагийг туулсан. Ноён нуруутай, өв тэгш амьдралыг буйлуулах сийрэг ухаанд үлгэрлэн амьдарч иржээ, Т.Санжаа гэдэг энэ хүмүүн. Дотоод оюун санаа нь хүчирхэг оршиж, амьдралын энхэл догол, ээдрээ нугачаанд ер үл өвдөг сөгдөн тэнхлүүн амьдарч, хувь хүний бахархалт шалгарлыг  үзүүлж яваа азай буурал билээ.  Он цагийг хүчирхэгээр бүтээж, он цагийг үр бүтээлтэй жаргалтайгаар өнгөрүүлж, сайн сайхны гэгээнд ойр, садан төрөл, өргөн түмэндээ буян заяаны эн хэмжүүр өргөж, оршихуйн тулах цэгээ байнга ихэмсэг тогтоосон энэ хүмүүнд эрхгүй бахархал хүндэтгэл дагуулнам.

Т.Санжаа даргын гэргий М.Галсанжав гуай бол ханиа өдий зэрэгтэй явахын үндсэн түшиг тулгуур.  Өнөөдрийн Т.Санжааг бүтээж, түүний найман хүүхдийг төрүүлсэн гавьяатан бол энэ сайхан буурал билээ.  Өөдөө явсаныг өргөж, уруугаа явсаныг ундалж яв хэмээх эерүү сайхан үг ерөөлөөр хорвоог сүлсэн буянт ээжүүд олон.  М.Галсанжав гуай бол ийм өр сэтгэлт, халуун сайхан хандлага илэрхийлэлтэй хүн билээ.  Халиун, Төгрөг, Хөхморьт, Чандмань сумдын  эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж, нутаг орны ард иргэд, ахан дүүст чинхүү сэтгэлээр зөвлөн хэлж, амьдралын алив зовлон жаргал дунд хамт байж,  ахай, ижий болж ирсэн гэгээн цагаан сэтгэлт хүмүүн. Тэрбээр зургаан хөвүүн, хоёр охин төрүүлж өсгөсөн ачтан. Т.Санжаа дарга , М.Галсанжав гуай хоёр бол үр хүүхдүүдээ эрдэм номтой, өв тэгш хүмүүжилтэй, олноо гэсэн эв сэтгэл хандлагатай, зөв ариун амьдарч, нэр төртэй явахыг  зарчим болгосон хүмүүс.  Гэр бүлээ зөв сайхан байгуулж, сайн сайхан үр хүүхдүүдээрээ гоёж, хүүхдүүд нь аав ээжээ, аав ээж нь үр хүүхдүүдээ гэх өндөр дээд, нандин сайхан хувь зохионгуйгаар өнө удаан, тэгш сайхан амьдрахуйн нэгэн загварыг Т.Санжаа даргын гэр бүлээс бэлхэнээ харах. Амьдралд зовлон жаргал ээлжлэн, мөч хором бүрээр шинэ бүтээгдэн он жилийн цуваа үргэлжилдэг. Энэ он жилүүддээ баяр баясал, аз жаргалтай өдрүүд илүү олон тохиолдож, инээмсэглэл, хайраар бялхаж гэмээнэ хүний амьдралын жинхэнэ утга учир бүтэх билээ л. Жаргалтай сайхан амьдралыг бүтээгч нь хүмүүс бидэн өөрсдөө.  Нутаг орны сайн сайхан хүмүүсийн үлгэр жишээ, илэрхийлэл төгс Т.Санжаа гуайн гэр бүлийнхэний зохист сайхан оршин амьдрахуйн жин нөр байг ээ. Урд голынхоо урсгалыг сонсон, Дөрвөлжингийн буурал талынхаа цэцгийн үнэрийг хүртэн он он жилүүдийг   туулаарай, буурлууд минь.

     Б.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж