Анхаар: Баярын өдрүүдэд халдвар намжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Анхаар: Баярын өдрүүдэд халдвар намжихгүй

Анхаар: Баярын өдрүүдэд халдвар намжихгүй

Халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх эрсдэл их байгаа учир аль болох халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг Эрүүл мэндийн яам иргэдээс хүссэн. Цагаан сараар шинэ хувилбар дотоодод орж ирэх эрсдэл өндөр. Тэр дундаа шинэ хувилбар 5-аас доош насныхны дунд тархах эрсдэл өндөр байгааг албаны хүмүүс анхааруулсан. Баярын өдрүүдэд ч халдварын тохиолдол нэмэгдэх бөгөөд цагаан сарын дараах долоо хоногоос оргилдоо хүрэх эрсдэлтэй. Иймд иргэдэд Улсын онцгой комисс болон яамны мэргэжилтнүүд дараах зөвлөмж мэдээллийг өгч байна.

ОРОН НУТАГТ КЛАСТЕР ӨВЧЛӨЛИЙН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙГАА УЧИР АЛЬ БОЛОХ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал, доктор Ц.Билэгтсайхан:

-Тохиолдлын тоо өдөр ирэх бүрд нэмэгдэж байна. Нийт халдварын батлагдах тохиолдлын 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь хөдөө, орон нутагт байгаа юм. Тэр дундаа сүүлийн долоо хоногт Өмнөговь, Дорноговь аймагт кластер өвчлөл өндөр болжээ. Омикроны давлагаа дельта болон альфа хувилбартай харьцуулахад нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байгаа. Гэхдээ кластер өвчлөл тархаж байна. Мөн үүнээс гадна томуу, томуу төст өвчний халдвар ихэсч байна. Тодруулбал, зургаан аймаг томуугийн өндөр эрсдэлтэй, 12 аймаг бага, зургаан аймаг алаг цоохор буюу улбар шар түвшинд байна. Тэгэхлээр халдварын дэглэмийг сахих чухал. Орон нутагт кластер өвчлөлийн тархалт өндөр байгаа учир аль болох гэртээ шинэлэхийг уриалж байна.

Дархлаажуулалтын тухайд иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Цаашид ч вакцины бүрэн тунд хамрагдахыг хүсч байна.

ОМИКРОН ХУВИЛБАРЫН ҮЕД ХАВЬТЛУУДЫН ТАРХАЛТ ХУРДАЦТАЙ НЭМЭГДЭЖ БАЙГААГ ИРГЭД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА:

-Омикроны тархалтын хурд маш эрчтэй болж байна. Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байна. Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл SARS, Covid-19 хоёрын бусад хувилбаруудтай адилхан. Эмзэг бүлэг, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдсан. Эдгээр бүлгийн хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Омикрон хувилбарын үед кластер өвчлөл, хавьтлуудын тархалт хурдацтай тархаж байна. Тэгэхлээр олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзаж, вакцинаа хийлгэхийг зөвлөе. Монгол Улс дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг адилхан хийж байгаа. Иргэд үүнийг ухамсарлах хэрэгтэй.

Нууц үе богиносч, хүн бүрийг өвчлүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа. Гол нь шинж тэмдэггүй үед нь бусдаас халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс эрсдэлтэй хүнтэй уулзсан бол хариуцлагатай байхыг хүсч байна. Халдварын тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэмэлт тунгийн дархлаажуулалтаас гадна хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс. Тэд нийт тохиолдлын 30-аас дээш хувийг эзэлж байгаа юм. Тиймээс шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдварын нууц үедээ байгаа үед халдварлуулах чадамж өндөр байдаг.

Хэрэв иргэд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа л бол түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандаж, зөвлөгөө аваад, өөрийгөө аль болох тусгаарлах нь зөв. Цагаан сараар айл хэсэхгүй байх, гэр бүлийн хүрээнд бус гэр гэртээ шинэлэхийг ЭМЯ-наас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж