Л.Оюун-Эрдэнэ зөвхөн олимп үзэх гэж яваагүй байгаасай!

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ зөвхөн олимп үзэх гэж яваагүй байгаасай!

Л.Оюун-Эрдэнэ зөвхөн олимп үзэх гэж яваагүй байгаасай!

Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш өглөө эх орноосоо мордох юм. Түүний айлчлалын баг ерөнхийдөө маш цомхон, голдуу сайд дарга нар албаны төлөөлөгчид багтжээ. Цар тахлын халдвараас сэргийлж, Хятадын зүгээс цомхон баг төлөөлөгч хүлээж авахаар тоо заасан агаад Ерөнхий сайдыг айлчлалын багт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар багтжээ.

Токиогийн олимпоос хойш Монголдоо “нам суусан” Ерөнхий сайдын хувьд энэ нь гадаадад хийж буй хоёр дахь ажлын айлчлал бөгөөд түүнийг зөвхөн олимп үзэх гэж яваагүй байгаасай гэх хүлээлт нийгэмд бий.  Нэн ялангуяа эдийн засгийн түгжрэлээ шийдэж, Эрээн, Гашуунсухайтын гацааг хэзээ гаргах вэ гэсэн асуулт Ерөнхий сайдын айлчлалыг дагалдаж байна.

Өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сарын  14-нөөс хойш Эрээний хил хаалттай, Гашуунсухайтын хилээр гарах нүүрний экспорт урьдын сайхан цагтай харьцуулах юм бол бараг тэг зогссон гэж хэлж болно. Товчхондоо, Эрээн найтаах төдийд л Монголын эдийн засаг доргиж, баялгаа хав дараад хэдэн малтайгаа сайхан амьдарч болохгүйг хэн хүнгүй мэдэрсэн биз. Адаглаад л авдаг, иддэг бүх барааны үнэ хөөсөрч, хятад жимс, ногоог “үзэн яддаг” монголчуудын хувьд эрээд олдохгүй эрдэнэ болж хувирсныг мөн дэлгүүрийн лангуун дээр нэг кг алим цалингийн доод хэмжээний 6 хуваасны нэгтэй тэнцэж буй нь бодит үнэн болжээ. Хэрэглээний бүтээгдэхүүний 80 хувийг Хятадаас импортолдог Монгол Улсын хувьд Эрээн хаагдсан хоёр сар гаруйн хугацаанд барилгын материалаас эхлээд гялгар уут нь хүртэл ховордож, үндэсний үйлдвэрүүд нь үүдээ хаахад хүрч байна.

Шадар сайд нь “49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсны дотор хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн байна” гээд мэдээлэл өгч, үүнд олноороо баярлаж суугаа нь үнэндээ гутамшиг л даа. Монголчууд гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг. Одоо, яая гэхэв, гуйхаас өөр арга чарга бидэнд алга.

Экспортын төмөр замаа тавьж, боомтуудынхаа хүчин чадлыг сайжруулсан бол ядаж ийм “дорой” байдалд орохгүй байх боломжийг нэг “эх оронч”-оос болоод алдчихсан хойно. Үнэндээ,  “Монгол ялна” гэж улсаараа хөөрцөглөсний үр дагавар шүү дээ. Эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, төгрөгийн уналт зэргээ харвал  Монгол ялах биш эсрэгээрээ  ялагдчихсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Энэ мэт эх орончдынхоо  гайгаар ч юм уу, гавъяагаар ч гэх үү монголчууд  хөмөрсөн тогоон дотроо амьдрах нь холгүйд хүрэв. Өдгөө ч энэ байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй, хилийэ боомтуудынхаа гарцыг нэмэгдүүлэхийг эсэргүүцээд явж байгаа тэнэг ард түмэн шүү дээ, монголчууд бид.

Далайд гарцгүй монголчуудын хувьд авто зам болон төмөр замын сүлжээгээ нэмэгдүүлэх, хилийн боомтуудаа нээхээс өөр боломж байхгүй. Тэнгэрээр ачаа бараагаа зөөгөөд авчихна гэж тэнэгтэх бүр ч хэрэггүй. МИАТ нь уртаашаа тавхан онгоцтой. Тэгэхээр  Ерөнхий сайд олимпийн нээлт үзэхээс илүү хаалттай хилээ нээх, импорт, экспортоо нэмэгдүүлэх  талаар Хятадад ямар хэлэлцээр хийх нь гол анхаарал татаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан ээлжит бус чуулганы  өчигдрийн хуралдаанд оролцохдоо айлчлалын талаар “ам алдсан” нь хил, боомтоо нээх асуудлаар хятадуудтай ярилцах тухай товч мэдээлэл байлаа.

Монголчуудын хувьд олимпод тамирчид маань амжилттай оролцоосой гэх хүлээлтээс гадна Ерөнхий сайд явсан газраасаа ядаж “яс зууж” ирээсэй гэж бүр ч илүү хүлээж байна.

Учир нь, Хятад хилээ нээхгүй удах тусмаа монголчууд бүсээ улам чангална гэсэн үг.

Б.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж