НЭМЭЛТ:
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар үргэлжилж байна. Улсын онцгой комиссоос өгсөн мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулж байна. Нийт тохиолдлын 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болжээ. Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 2153 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Хүүхдүүдийн 45.5 хувь нь 5-11 насны хүүхдүүд байна. Мөн УОК болон Эрүүл мэндийн яамнаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Ингэснээр нэгдүгээр сарын 18, 30-нд агаар, газрын ачаагаар татан авалт хийсэн. Мөн 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар зорилтот бүлгийн 52 хувь нь цар тахлын эсрэг вакцины III тунд хамрагдсан бол IV тунд 80 мянган хүн хамрагдсан байна. Дараагийн асуудал нь Монгол-Хятадын Шивээхүрэн, Бичигт, Сэхээ, Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ганцмод, Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа хэлэлцээрийн явцын талаар холбогдох яамны төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг баталгаажууллаа.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 тоот тогтоолыг баталлаа. Тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэрийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлсэн. Харин бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг болгож буй. Тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уяалдуулан 15 хувиар нэмэгжүүлэх боллоо. Энэ оны хэрэглээний үнийн индекс 13.4 хувьтай байна.
Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэтгэвэр нэмэхэд нийт 637 орчим тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Ингэснээр 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянган төгрөгөөс дээш, 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж байгаа юм. Харин дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрч байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувь болон түүнээс дээш хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Дашрамд дурдахад, нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр гэлтгүй тэтгэврийн сангаас тэтгэвэр авч буй нийт 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчлэх юм байна. Засгийн газрын шийдвэр гармагц Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс банкуудтай холбогдож нэмэгдсэн дүнгээрээ жагсаалтаа олгосон. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд дээр үнийн дүнгийн жагсаалт уншигдаж, эхнээсээ иргэдийн дансанд мөнгө орж байна. Ойролцоогоор 3-4 цагийн дотор бүх шилжүүлэг хийж, өнөөдрийн дотор тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө иргэдийн дансанд байрших болно.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг. Гэвч энэ долоо хоногийн Лхагва гаригт Сар шинийн 1-ний өдөр тохиож байгаа учир хуралдааныг наашлуулж өнөөдөр /2022.02.01/ товлон хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанаар Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол, Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц, Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. Мөн Сар шинийн баярын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх аж.
Сонирхуулахад, өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ингэснээр төсөвт тодотгол оруулж, тэтгэврийг нэмэхээр болсон.
Холбоотой мэдээ