Цэргийн төв эмнэлэгт өнгөрсөн Баасан гаригт /2022.01.28/ мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгджээ. Тэдэнд хордлого тайлах эмчилгээ үзүүлж, биеийн байдал сайжирсан учир эмнэлгээс гаргасан байна. Энэ хэрэгт холбогдуулан мөнгөн устай бүтээгдэхүүн зарсан байж магадгүй худалдаа эрхлэгчдийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
Цагдаагаас өгсөн мэдээллээр 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон гэх хэрэг бүртгэгдсэн. Тэдний худалдаанаас авсан аарцнаас мөнгөн ус ялгарсан гэх мэдээллийн дагуу шалгалтын ажил явуулж байна. Гэр бүлийн хүмүүсийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн ба биеийн байдал тогтворжиж, өчигдөр эмнэлгээс гарсан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байна" гэлээ.
Хэрэгт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ. Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байгаа аж.
Мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг. Ингэж хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болох ба мөнгөн ус дамжсан газар бүрт хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаар даамжирдаг. Яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орох өндөр эрсдэлтэй байна
Иймд иргэд, сар шинийн баярын энэ өдрүүдэд иргэд задгай зах, талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж, хаана, хэзээ үйлдвэрлэсэнийг шалгах хэрэгтэй аж.