Израйлийн Тел-Авив их сургуулийн эрдэмтэд худлаа яриж буй эсэхийг илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээжээ. Тэд хоёр төрлийн худлаа ярилтыг тогтоосон байна. Нэг нь худлаа ярих үедээ өөрийн мэдэлгүй хөмсгөө хөдөлгөдөг бол нөгөө нь уруулаа үл ялиг татвалзуулдаг ажээ.
Тэдний бүтээсэн төхөөрөмж худал ярианы 73 хувийг илрүүлэх чадвартай бөгөөд цаашид улам хөгжүүлэхээр ажиллаж байна. Уг төхөөрөмж нь хүний хацар, дух, ам орчимд тусгай электродуудыг байршуулж, булчингийн хөдөлгөөнийг хянах байдлаар худал яриаг илрүүлдэг аж.
Хүн худлаа яриж буйгаа биеийн хэлэмжээрээ өөрийн мэдэлгүй илэрхийлдэг бөгөөд МЭӨ 1000 онд хүртэл үүнийг илрүүлэх аргатай байжээ. Тухайн үед сэжигтний аманд хуурай будаа хийгээд хэсэг хугацааны дараа шалгахад хуурай хэвээрээ байвал тэр хүн буруутай гэж үздэг байсан. Учир нь хүн айж сандрах юм уу, худлаа ярих үед аманд шүлс ялгардаггүй гэсэн онол байдаг.
20-р зууны эхэн үед худал яриаг илрүүлэх анхны машин буюу полиграфыг зохион бүтээжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь "аналог полиграф" юм. Энэ нь сэжигтний хуруу, гар, биед мэдрэгч суурилуулаад, амьсгалын тоо, судасны цохилт, цусны даралт, хөлс зэргийг хэмжиж, хэд хэдэн асуултад хариулуулдаг.
Нидерландын эрдэмтдийн шинээр зохион бүтээсэн төхөөрөмж нь “MRI” аппаратын тусламжтай худлаа ярилтыг илрүүлдэг. Хүн асуултанд хариулах үед тархины сканнерт өнгөний өөрчлөлт харагддаг байна. Үүнээс гадна Юта мужид байрладаг “Converus” компанийн төхөөрөмж нь 50 гаруй оронд ашиглагдаж байгаа бөгөөд нүдний хөдөлгөөнөөр худлаа яриж буй эсэхийг илрүүлдэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ