"Монгол гэрт амьдрах энгийн хэрнээ тансаг"

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

"Монгол гэрт амьдрах энгийн хэрнээ тансаг"

"Монгол гэрт амьдрах энгийн хэрнээ тансаг"

Алс холын Нидерланд улсад Монголын ардын урлагийг сурталчилж буй Рован Ли Харцуйкертэй ярилцлаа. Тэрбээр 18 насандаа анх Монголд ирж, үндэсний хөгжимд татагдан, өдийг хүртэл хичээллэж байна. Морин хуур, товшуур, хулсан хуур тоглодог бөгөөд одоо алтай ятга тоглож, уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд түүнтэй танилцаж, монгол ёс уламжлалын талаар яриа өрнүүллээ.


-Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Рован Ли Харцуйкер гэдэг. Би эхнэр хүүгийнхээ хамт Нидерланд улсад амьдардаг. Эхнэрийг маань М.Саран гэдэг, монгол бүсгүй бий. Хүү маань зургаан настай. Би мэргэжлийн график дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээсээ гадна хөгжмийн зэмсэг цуглуулах дуртай. Хөгжим сонирхдог юм.

-Ханьтайгаа яаж танилцаж байв?

-Би олон жилийн өмнөөс монгол ардын дуу, хөгжмийг сонирхож ирсэн. Миний хувьд дэлхийн олон орны хөгжим тоглож, цуглуулдаг. Анх 16 жилийн өмнө нэгэн монгол CD олж сонссоноос хойш монгол үндэсний урлагт татагдаж эхэлсэн. Надад хөгжим нь маш сонирхолтой санагдаж, сурахыг хүссэн. Тэгээд л 18 насандаа Монгол руу аялахаар шийдсэн юм. Тэнд би анхны товшуур хөгжмөө худалдаж авсан.

Одоо  ч гэртээ хөгжмөө тоглож, энэ сайхан, өвөрмөц өв соёлыг Нидерланд улсдаа түгээхийг хүсдэг. Би өмнө нь энэ тухай сонинд ярилцлага өгч байсан юм. Тэр сонины нийтлэлийг манай эхнэр уншсанаас хойш бидний түүх эхэлсэн. Бид танилцаад 11 жил болж байна.

-Монголд анх ирж байсан үеийг одоогийнхтой харьцуулбал?

-Би анх Монголд 18 настайдаа очиж байсан. Тухайн үед маш сайхан дурсамжуудыг үлдээж, олон сайхан найзтай болсон. Анх Монголд аялж байсныг бодоход одоо олон зүйл өөрчлөгджээ. Хөдөө орон нутгийн зам сайжирч, аялахад тохиромжтой болсныг анзаарсан. Бас Монголын хөдөөд гар утас байдаггүй, интернэт сүлжээгүй байсан бол одоо хаанаас ч ухаалаг утсаараа холбогдож, найзуудтайгаа ярьдаг болсон нь сайхан хэрэг.

-Дэлхийн олон орны үндэсний хөгжим цуглуулдаг гэлээ. Тэр дунд монгол үндэсний хөгжмийн онцлог юу вэ?

-Би монгол морин хуур, товшуур, төмөр болон хулсан хуур тоглоно. Өнгөрсөн жилээс алтай ятга тоглож, сурч байгаа. Энэ нь маш гоё хөгжмийн зэмсэг. Хөөмийтэй маш сайхан зохицдог нь надад таалагддаг. Миний хувьд цаашдаа алтай ятгатай уран бүтээл хийхээр төлөвлөгөөтэй байгаа юм. Монгол хөгжмүүд үндэсний утга агуулгатай байдаг нь таалагддаг. Европын хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуур, хийл зэрэг хөгжим нь энгийн учраас маш их бүтээлч байдал, бие даах чадвар шаарддаг.

Би олон төрлийн хөгжим тоглодог. Тэр дундаа монгол ардын хөгжмөөс гадна Шотланд улсын үндэсний бишгүүр хөгжим тоглоно. Олон төрлийн төмөр хуурын цуглуулга бий. Монгол морин хуур гэхэд арьсан цартай үндэсний болон орчин үеийн загварууд байдаг.

-Та монгол ёс заншил, уламжлалын талаар хэр сайн мэдэх вэ?

-Мэднэ ээ. Монгол ёс заншил маш өргөн хүрээтэй учраас бүгдийг нь мэдэх боломжгүй. Би өдөр бүр монгол ёс заншлын талаар шинэ зүйл сурсаар л байна.

-Удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Энэ баярын талаар мэдэх үү?

-Сар шинийн баярыг мэдэлгүй яах вэ. Би анх 2009 онд хөдөө Ховд аймгийн Чандмань суманд цагаан сар тэмдэглэж байлаа. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг. Тухайн үед нэг танилынхаа гэрт зочилсон юм. Хүмүүс намайг танихгүй хэрнээ найрсаг хандаж, дайлсан нь сайхан санагдсан.

Надад бас үзэг, бал, тамхи, дэвтэр зэрэг бэлэг өгсөн. /инээв/ Тамхийг нь би найздаа өгсөн. Харин дэвтэр, балыг нь зураг зурахдаа ашигласан шүү.

-Монголчууд цагаан сараар маш олон бууз хийдэг?

-Би зөндөө их бууз идсэн. Сүүлдээ бууз хармааргүй санагдсан./инээв/ Манай гэр бүл гэртээ бууз их хийдэг. Зөвхөн цагаан сар гэлтгүй энгийн үед бас хийж иднэ. Яагаад гэвэл манай гэр бүлийн дуртай хоолны нэг. Бид мах иддэггүй болохоор веган бууз хийдэг. Маш гоё амттай шүү.

Жишээлбэл, шар буурцагны мах, лууван, мөөг, брокли, байцаа, сонгино, сармис зэргийг хольж, соус болон гүнжидийн үр, тосоор амталдаг. Та бүхэн ч гэсэн хийж үзээрэй.

-Нидерланд улсад монгол гэр барьсан гэсэн үү. Бидэнд гэрээ танилцуулж болох уу?

-Бид байшинд амьдардаг. Бас том цэцэрлэгтэй. Тэндээ хоёр монгол гэр барьсан. Нэг нь таван ханатай том гэр. Нөгөөх нь дөрвөн ханатай гэр. Монголоос гэрээ худалдаж авсан. Жижиг гэрт нь миний ажлын өрөө байрладаг. Гэртээ ажлаа хийхээс гадна уран бүтээлээ хийдэг. Ажил хийхэд гэр маш тохиромжтой, тайван байдаг юм. Энэ бол энгийн амьдрал болон тансаг амьдралын төгс хослол гэж боддог. Би гэртээ цахилгаан болон интернэттэй.

Бид гэрээ монгол үндэсний болон европын сүүлийн үеийн хэв маягийг хослуулж, тохижуулсан. Манай гэрт монгол ор, гал тогоо байдаг. Бас кофены машин, ширээ, компьютер, хөргөгч, хэвлэгч машин зэрэг бий.

-Монголд хэзээ ирэхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид сүүлийн дөрвөн жил Монголд очиж чадаагүй. Гэр бүлээрээ очихоор төлөвлөсөн ч ямар нэгэн шалтгаанаар хойшлоод л байна. Гэхдээ бид өөрсдөө Монголд очиж чадахгүй ч хамаатан ах дүүгээ Нидерландад урьж, авч ирдэг. Энэ нь манай гэр бүлд их сайхан санагддаг. Бид сүүлийн хоёр жил монгол жуулчны жижиг “Алтай” баазаа нээхээр тун завгүй ажилласан. Жуулчны бааз маань нээгдээд удаагүй ч амжилттай ажиллаж байна.

Ерөнхийдөө манай эхнэр хариуцаж, зохион байгуулдаг. Эхнэр маань зочдоо хүлээн авч, монгол ардын урлаг, ахуй соёлоо танилцуулж, монгол үндэсний хоолоор дайлж, сонирхсон хүмүүст сургалт явуулдаг.

Хэрэв бүх зүйл төлөвлөснөөр болбол ирэх зун Монголд очно. Энэ дашрамд, Монголд амьдарч буй бүх ахан дүүс, найз нөхөддөө болон Монголынхоо бүх ард түмэндээ удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе. Та нар минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж