Флоридад оршин суудаг, 19 настай Жэк Суини нэртэй хүү Элон Маскийн санал болгосон 5000 ам.доллараас татгалзав. Жэк Суини нь тэрбумтаны хувийн онгоцыг бот ашиглан мөрдөж байсан бөгөөд түүнийгээ твиттертээ тайлагнадаг байжээ. Ингэхдээ “Элон Маскийн онгоц” нэртэй твиттер хуудсаар дамжуулан нислэг бүрийн хугацаа, хаанаас хаа хүрсэн байршлыг дэлгэрэнгүй жиргэдэг байсан. Уг хуудас нь 150 мянга гаруй дагагчтай аж.
Тэр хүү Билл Гэйтс, Жефф Безос зэрэг технологийн акулуудын аяллыг тагнадаг 10 гаруй бот хаягийг хөгжүүлсэн байжээ.
Элон Маск өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Жэк рүү анхны зурвасаа бичжээ. Тэрбээр зурвастаа “Энэ хуудсаа устгана уу. Аюулгүй байдалд минь эрсдэл учруулж байна” гэсэн байв.
Теслагийн захирал тэрбумтан тэр хүүд 5000 ам.доллар санал болгосон хэдий ч хариуд нь 50 мянгыг нэхэмжилсэн байна. Жэк Суини 50 мянган ам.доллараараа коллежийн төлбөрөө төлж, Теслагийн шинэ загварыг худалдаж авна гэжээ.
Харин сүүлд нэгдүгээр сарын 19-ний Лхагва гаригт "Твиттер хуудсыг хаахын тулд мөнгө төлөх нь тийм ч зөв арга биш" гэж Элон Маск хэлжээ.
Жэк Суини 2018 оноос хойш “SpaceX”-ийн шүтэн бишрэгч болсон бөгөөд түүний аав нь агаарын тээврийн компанид ажилладаг учир нисэхийн салбарыг маш их сонирхдог аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ