Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг жилийг ардаа үджээ. Эрс ширүүн, эмзэг, богинохон настай байдаг Монголын улс төрөөр тооцвол урт хугацаа. “Ял үүрэх” зорилготой гэхэд харин ч хангалттай “амьдрал”. Зарим сайд нарынх нь хэлж, төсөөлж байснаас ч хол замыг туулсан нь энэ. Хариуцлагаас зугтсан Засгийн буурийг сахигчдад өөрсдийн имиж, тэр гээд тодотгочих тогтсон нэршил ч алга.
“Цахим”, “Хариуцлага”, “Сэргээх”, “Аврах”, “Иргэдийн хариуцлага” гэхчилэн үгсийг хамгийн их ашигладаг ч үйлдэл нь үгүйсгэсээр… Иргэдээ буруутгах, давхар стандарт хоёр ч дээрх үгсээс зарим талаар илүү гарна уу гэхээс дутахгүй. Энэ Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хамгийн том ажил нь цар тахлын эсрэг вакцинжуулалт байв. Гадны улс орнуудад вакцингүйн зовлон гамшиг болж байхад Монголд сонголттойн дээр дархлаажуулалтаа хийлгээд мөнгө авах боломжийг олгов. Вакцинжуулалтын ачаар цар тахлыг харьцангуй хохирол багатай туулж байгаа ч хүн амын тоо, нас баралтыг харьцуулбал бас бахархмаар үзүүлэлт биш ажээ. Удаах нь мэдээж хэрэг Оюутолгойн өрийг тэглэсэн, гүнийн уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлсэн явдал түүх болон бичигдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ тоолонд “муу нэрт” Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газар яригдах нь маргаангүй.
“КОВИДГҮЙ ЗУН”< “КОВИДТОЙ НААДАМ, НАМАР, ӨВӨЛ”
Ерөнхий сайд өөрийн биеэр хамгийн эхний тун вакциныг хийлгэж, ковидгүй зуныг өнгөрүүлэх дэврүүн зорилт дэвшүүлсэн ч талаар болов. Халдварын тоо замаа алдаж, тоолохоо больжээ. Цар тахлаар нас барагсдын тоо 2000 хол давав.
Гэвч энэ бүхэн үхсэний хохь, амьдын зол болжээ. Харъяаллын бус гэх шалтагаар эмнэлгийн хашаанд тусламж авч чадалгүй амь эрсдсэн иргэнийг албан тушаалтнууд “архичин”, “амьдралын боломж тааруу”-гаар нь цоллон доромжлов. Нэгэнт цар тахлыг алдсан учраас “Ковидгүй наадам”, “Ковидгүй намар”, “Ковидгүй ёолк” тэмдэглэх тухай мөрөөдөл дэвшүүлсээр байсан ч ам ажил нийлээгүй учраас тэр бүх тоолонд амаа асуулгаж ирэв. Энэ хугацааны цар тахалтай тэмцэх бэлтгэлээ базааж чадаагүйг УОК, НОК-ын эргэж буцсан шийдвэр, нас барсан хийгээд өвчилсөн хүний тоо харуулсаар буй бол эрх баригчид “үүнээс ч олон хүн эрсдэх таамаглал бий” гэх үгсээр иргэдийг айлгаж, алдаагаа хаацайлж ирэв.
СЭРГЭЛТ БУС УНАЛТ
Засгийн газрын хамгийн түрүүнд танилцуулсан бодлого нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”, “Цахим Монгол” хөтөлбөр байлаа. Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр энэхүү бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрүүд эрх баригчдын “угжны” компаниуд, ураг саданд өөдлөн дэвжих боломж болсон байж мэднэ. Харин энгийн иргэдэд бол төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Ажлын байр улам бүр хомсдож, амьжиргааны түвшин уруудаж байна. Харин дараагийн төлөвлөгөө нь “Шинэ сэргэлтийн бодлого” болов. Өмнөхтэй нь харьцуулахад өнгөн дээрээ олон талаар илүү мэт харагдаж буй ч хөрсөн дээр буух эсэхээс их зүйл хамаарна. Анхны төсвөө урьдын жишгээс 2 дахин ихээр батлуулж чадсан Засгийн газарт орлого нь тасалдвал төсөв тасалдахад хүрэх бодит аюул бий.
Урд хөршөөсөө хэтэрхий хамгааралтай эдийн засагтай улс орны хувьд хилээ хаах төдийд л шууд эдийн засагт нөлөөлнө.
Монголчууд хамгийн бага шатахуун зарцуулдаг “prius”-ээ хүртэл шатахууны хомсдолоор түрж үзэв. Хилийн асуудлыг байнга ярьж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Монголчууд экспортлохоор төлөвлөсөн нүүрснийхээ тал орчмыг нь гаргаж чадаагүйд биднээс хамаарахгүй олон зүйл байсан ч биднээс хамааралтай нь мундахгүй олон бий.
Иргэд идэх хоолгүй байхад “Андлалын хөшөө” нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн явдалд Ерөнхий сайд холбогдсон бөгөөд олон нийтийн шүүмжлэлийг дагуулмагц буулгаж, буурин дээр нь “Тэнгэрийн андгай” болгон хандиваар барив. Баяр, наадам, асуудлаар нэгэн хүн хөлжиж буй нь Ерөнхий сайдын ах болов. Тэрбумаар тооцогдох наадмын клипийг тэд толилуулж байна. Наадмыг дарга нар тухлан үздэг бол жирийн иргэд дэлгэцээр харах ажээ.
Хөшөө дурсгалд мөнгө зарцуулах замаар төсвийн мөнгийг үрэн таран хийдэг явдал Богдзонховагийн хөшөө, айрагны өргөө гэхчилэнгээр 3,8-32 тэрбумын үргэлжилнэ. Учир нь энэхүү бүтээн байгуулалтын мөнгийг энэ онд тусгаагүй ч ирэх он руу шилжүүлсэн талаар Сангийн сайд мэдэгдэв.
Хамгийн бууралттай эдийн засагтай хэр нь хамгийн үрэлгэн бодлогыг Засгийн газар барьж байна.
АГААРЫН БОХИРДОЛ 50 БУУРСАН < БУУРААГҮЙ
“Утаа 50 хувь буурсан” гэх үзүүлэлтийг өнгөрсөн хоёр жилийн турш ярьж ирсэн ч бодит байдлыг тоог өөрчлөх төдийхнөөр хэмжиж болдоггүй аж. Утаа буураагүй гэдгийг цаас бус иргэдийн уушги, нүд нотлоод өгөв. Дүрдээ итгэсэн “Утааны сайд” дроноор айлын янданг хянах тухай ярьж байгаад суудлаасаа буув.
Оронд нь өөр нэгэн нөхрийг утаа хариуцсан сайд болгожээ. Гэхдээ утаа арилсангүй. Утааг арилгах бодлогоо өөрчлөөгүй, шахмал түлш гээд буй нунтаглаж, цавуудсан нүүрснээсээ татгалзах тухай бодолгүй байгаа хойно утаа ирэх жилүүдэд ч гамшиг хэвээрээ байх нь. Утаа эрх баригчдын “бизнес” болоод удав.
АВЛИГАГҮЙ ҮНДЭСТЭН < АВЛИГЫН ҮЗҮҮЛЭЛТ УХАРСАН НЬ
Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” 2021.07.19
Авлигатай тэмцэх газрын удирдлагыг тавих эрх мэдлийг бүрэн өөртөө төвлөрүүлсэн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хүртэл байгуулсан. Гэтэл бид авлигын индексээр ямагт ухарсаар буй төдийгүй хуучны үзүүлэлт болох хоёр тоонд оруулах тухай ярьж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн нийгмээрээ авлигыг жигших соёл руу яваад байна уу эсвэл нэг хэсэг хүнийг үзэн ядуулж, золиослох хор яваад байна уу гэдэг эргэлзээтэй болов.
ХАРИУЦЛАГА < ДАВХАР СТАНДАРТ
Шадар сайдаас эхлээд ЗГХЭГ-ын дарга Цар тахлын үед давуу эрх эдлэж, дүрэм, журам зөрчсөн ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин ч халдвар хамгааллаа сахихыг шаардсан иргэдийг барьж хорих болов. Албан тушаалтнуудад нэг, ард иргэдэд өөр хууль, журам үйлчилж байна. Хүний эрх хамгийн их зөрчсөн явдал эл Засгийн газрын үед болсон ч ганц, хоёрхон албан тушаалтныг эс тооцвол хариуцлага хүлээсэн тохиолдол алга. Уянгын, уран сайхан үг ашигласан захиа, зандарсан, загнасан мэдэглээр л энэ бүхэнд хариу үзүүлдэг болов.
БЭРХ ЦАГ, БЭРХИЙН ХҮҮ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан” Мэдээлэл хэлэх үеэрээ тэр ингэж хэлсэн юм.
1992 оноос хойшхи хамгийн хүнд цаг үеийг туулж буй Засгийн газар гэдгийг үгүйсгэхгүй ч түүнийг даван туулах оновчтой төлөвлөгөө, бодлого хэрэгжүүлж байна уу гэвэл харамсалтай нь үгүй.
Энэхүү Засгийн газрын “энтертаймент” нь бодлогоосоо илүү байв. Улс орны том асуудлыг ултай суурьтай ярихаас илүүтэй айл гэрийн жижиг асуудалд хүртэл хутгалдах нь өрөвдөлтэй. Бэрх цагт Бэрхийн хүү хэлсэн шигээ байсангүй. Цаасан дээр гоё гоё мөрөөдөл, хөтөлбөр дурайх ч бодит амьдрал дээр таагүй үзүүлэлтүүд давамгайлжээ. Цагийн бэрхийг иргэд ойлгож байгаа ч шаардлагатай, байгаа оносон бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна.
БЭЛЭГ
Ойн босгон дээрээ Засгийн газар тэтгэвэр нэмэхээр болж, төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн бариад хэлэлцэж байна. Энэхүү өөрчлөлтөө тэтгэвэр нэмэх зохицуулалтыг хийж буй юм. Хэдхэн хоногийн өмнө тэтгэвэр нэмэх боломжгүй гэж байсан Сангийн сайдын үгийг тоогоогүй нь Засгийн газрын шийдвэр судалгаа, шинжилгээнээс илүү улстөржиж гарах нь давамгай байгааг харууллаа.
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болох санааг Ерөнхийлөгч гаргасан ч амьтай, голтой байгаа Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ түүнээс ч өмнө гаргасан билээ. Жилийн ойн босгон дээрээ Засгийн газар ахмадууддаа бэлэг барив.
Бэрх цагийг даван туулах бодлогоос илүү “энтертаймент” тал руугаа анхаарал хандуулсан энэхүү Засгийн газраас хамгийн их хүсч буй зүйл бол хариуцлага.
Холбоотой мэдээ