Бүсээ чангалах байдлаар тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг гаргалаа
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 44 гишүүн дэмжлээ.
Хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа. Ингэснээр төсөвт тодотгол оруулж, тэтгэврийг нэмэхээр боллоо.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-УИХ-ын ээлжит бус чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчөөс санаачилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Ингэснээр 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна. Цар тахлын дэгдэлт иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, төр засаг хэмнэлтийн горимд шилжиж бидний хүсэл зорилгоос үл хамаарсан хязгаарлалтын дэглэмд ажиллаж амьдарч буй ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх шийдвэрийг гаргалаа. Энэ арга хэмжээнд нийтдээ 637 тэрбум төгрөг зарцуулагдана.
Тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ. ТБХ богино хугацаанд хуралдаж, 310 тэрбум төгрөгийг шийдэж, урсгал зардлыг танах замаар бүсээ чангалах байдлаар энэ эх үүсвэрийг гаргалаа.
Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянгад хүргэж байна. Хууль маргаашаас хүчин төгөлдөр болж хэрэгжинэ.
Цар тахлын хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Төлөвлөсөн бодлого зорилт дэвшүүлсэн бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Төрийн бодлого тогтвортой байхын тулд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баталсан. Одоо тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан төсөвт тодотгол хийж байна. Энэ онд инфляци өсөх хандлагатай байна. Инфляцийг 6.7 хувь гэж авсан байна. Бодитой төлөвлөдөг баймаар байна. Зургаан хувьдаа барьж чадах уу?
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
-Инфляцийг Засгийн газар 6.7 хувь гэж оруулж ирсэн. Дэлхий нийтээр явагдаж буй үнэ, инфляцийн өсөлт өндөр байна. Төсвийн байнгын хороод гишүүд гишүүд ийм л байр суурийг илэрхийлж байгаа.
Инфляцийн түвшин энэ жил дор хаяж инфляци 13.4 хувиас дээшээ байна. Гэхдээ Засгийн газар 6.7 хувьд барина гэж байгаа. Барих эсэхийг цаг хугацаа харуулна.
Мөн дээрээс нь тээвэр ложистик, хэрэглээг нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө мөнгийг батлаад өгчихлөө. Хүн барина гээд байхад та нар барьж чадахгүй гээд өөрчлөлттэй нь биш.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэгийг хийж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Ард түмний амьдрал дундуур байна. Мөнгө, боов тараалт нэг зүйл хэлээд байгаа шүү. Цөөнхийн бид ямар юмны авлига авахав дээ. Хууль бидэнд үйлчилдэг. Ард түмний дунд яваад үзэхэд дутуу гутуу, байна. Ард түмний амьдралыг боов тараадаггүй, цалингаараа хангалттай амьдрахад зориулж төсвийн тодотгол явах ёстой. Та бүхэн зургаан жил төрийн эрхийг барьчихлаа. Зөвхөн сонгуулиар мөнгө тараадаг байж болохгүй шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Тэтгэврийн нэмэгдэл ямар зарчмаар нэмэгдэх ёстой вэ. Төрийн үйлчилгээний албан хаагчид цалин хөлсний доод хэмжээ 680 мянга болж, 260 орчим мянгаар нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн ачаалал нэмэгдэнэ. Мөн хувийн хэвшилд ачаа нэмэгдэнэ. Үүнд төрийн үйлчилгээний албан хаагч хамрагдах ёстой. Тэд хамгийн бага цалинг авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
-Тэтгэврийг 15 хувиар нэмж байгаа. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байсан бол үүнийг 400 мянга болгож байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсан бол 500 мянга болгож байна.
Жишээ нь 15 хувиар нэмээд 500 мянгад хүрэхгүй байлаа гэж бодъё. Тэгвэл 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн байлаа гэж бодоход 460 мянган болно. Үүнийг дээш нь татаад 500 мянган төгрөг болгоно гэсэн үг.
Харин 499 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүний тэтгэвэр мянган төгрөгөөр нэмэгдэхгүй. Шууд 15 хувиар нэмэгдэнэ гэсэн ерөнхий тооцоо танилцуулсан.
Мөн 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авч хүнийх 15 хувиар нэмэгдэнэ. Жишээ нь 2 сая төгрөгийн тэтгэвэр авч буй хүнийх 15 хувиар нэмэгдэхэд 2.3 сая төгрөг авна гэсэн тайлбарыг ТБХ-д хэлсэн.
Зарим аймгуудад төрийн үйлчилгээний албан хаагчдын тоотой холбоотойгоор мэдээлэл зөрсөн тул санхүүжилт дутуу олгогдсон тохиолдол гарсан байна. Одоо бол тухайн албан хаагчдад үндсэн цалин өгөөд нэмэгдэл олгохгүй байгаа. Энэ асуудлыг арилгах чиглэлийг төсвийн байнгын хорооноос өгсөн.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Төрийн үйлчилгээний алба хаагчид буюу жижүүр, манаач, цэвэрлэгч галч, дээшлээд багш эмч нар орж байгаа юм. Хамгийн их ажилтай байдаг хэрнээ хамгийн бага цалинтай байдаг хүмүүс юм.
Нэгжийн тухай хуулиар орон нутагт төсвийг шилжүүлсэнтэй холбоотойгоор төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл алга болчихсон. Нийслэл орон нутгийн нөхцөл байдал өөр байгаа.
Тиймээс орон нутгийн удирдлагууд хуулиа зөв хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний алба хаагчдын нэмэгдлийг олгоод явах ёстой шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-Нийгэмд таалагдсан хэрэгтэй шийдвэр гаргахаар би санаачилсан, бид хийсэн юм, манай бүлэг оруулж ирсэн, бидний гавьяа гэж өөрсдөдөө наадгаа болих хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газарт чиглэл өгснөөр яаралтай шийдэж байгаа юм. ҮАБ-ын гишүүд нэг зүгт харж байгаагийн шийдэл нь ахмадуудын тэтгэвэр нэмэгдэж байна. Өмнө нь Засгийн газрын тэргүүн байхдаа стратегийн орыг төрд буцаан авсны үр дүнд тэтгэврийн зээлийг тэглүүлж байсан. Энэ бол ахмад үедээ үзүүлж буй хуулийн том үзүүлэлт. Хоёр зүйлийг анхаараарай.
Инфляц үүсч янз бүрийн байдлаар эдийн засаг доголдох вий. Хоёрдугаарт, Хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө яаралтай буцааж авах хэрэгтэй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалт явууллаа. Тухайлбал, 42 гишүүн дэмжиж хууль эцэслэн батлагдлаа.
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт санал хураалт явууллаа. 44 гишүүн дэмжиж хууль эцэслэн баталагдлаа.
Байнгын хороо хуралдаж дуустал чуулган түр завсарлав
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед төсөлд тусгагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой шатлалаар нэмэгдүүлэхийг зарчмын хувьд дэмжиж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гаргах саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Үүнд:
1.Эрүүл мэнд, Онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах;
2.Улсын төсвөөс санхүүжин хэрэгжих зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нийт 63.0 тэрбум төгрөгөөр бууруулах
3.Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэн хийхээр тооцож, уг санхүүжилтийг 30.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах саналуудыг гаргасан байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршил, хүчин чадал өөрчлөх болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн санал хураалгаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн хэмээн танилцуулав.
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн билээ. Иймд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2023-2024 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх тул байнгын хороо хуралдаж дуустал чуулган түр завсарлав.
Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн нэмэгдлийг олгоно
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “ Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж буй.
Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно.
Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:
-Тэтгэврийн нэмэгдлийг талархан дэмжиж байгаа. Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Инфляцийн түвшин 13.4 хувьд хүрсэн байна. Иймээс үнийн өсөлтийн хохирогчид нь бага орлоготой иргэд, ахмад настууд байдаг. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэх асуудал хуулиар батлагдсан.
Инфляцид нийцүүлэн тэтгэвэр нэмэх нь нийгмийн захиалга байгаа юм. Хамгийн доод хэмжээ нь 800 мянган төгрөг болгох асуудлыг оруулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
-УИХ өнөөдөр "том" шийдвэр гаргаж тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох гэж байна. Гол нь тэтгэвэр бага тогтоож буй шалтгааныг УИХ арилгах ёстой. Долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр бодох юм бол тэтгэвэр гарт буй иргэдийн 80 хувь нь 500 мянгад хүрэхгүй. Тиймээс таван жил болгож байж нэлээд хэсэг ахмадууд 500 мянгаас дээш тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ахмадууд 500 мянга болчихлоо гээд хойшоо сууж болохгүй.
Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хууль бий. Энэ хуулийг хэлэлцэх юм бол жил бүр тодорхой хөрөнгө оруулалт шаардана. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлбэл 50 тэрбум төгрөг зарцуулаад хэл амгүй тэтгэврээ нэмээд явна.
Энэ хуулийг хэрэгжүүлбэл тэтгэврийн доод хэмжээ бүрдэнэ, тэтгэврийн зөрүү арилна. Энэ хуулийг сайн шахаж шаардаж өгөөрэй.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
-Төсвийн байнгын хорооноос нэг асуулт байна. 217 тэрбум төгрөгөөр эрүүл мэнд, онцгой байдлаас бусад байгууллагын урсгал зардлыг бууруулна гэсэн байна. Ийм урсгал зардлаас 217 тэрбум төгрөг гарах уу гэдэгт эргэлзэж байна. Тэтгэвэр нэмэх Засгийн газрын тогтоол гаргахдаа анхаарахгүй бол та бүхний ярьж буйгаар тэтгэвэр тогтоовол маш том гажуудал үүсэх нь ээ. Авч буй цалин, НДШ төлсөн хугацаанаас хамаараад тэтгэвэр тогтоодог зарчмаа гажуудууллаа. Хэлж буйгаар одоо бүрэн тэтгэвэр авч буй хүмүүсийн 52 хувь нь доод тэтгэвэр авч байна.
А.Ариунзаяа сайдын ярьж буйгаар үзэх юм бол бүрэн тэтгэвэр авч буй иргэдийн 72 хувь нь доод тэтгэвэр авагч болоод, доод тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 78 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо байна.
Үндсэндээ цаашдаа төлсөн шимтгэлээс хамаараад тэтгэвэр авдаг тогтолцоог эвдэж, хүн бүр ижил тэтгэвэр авахаар болж байна. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргахдаа доод тэтгэвэр авагчдын мөнгийг нэмдэг юм байгаа биз. Бусад тэтгэвэр авагчдын тоог нь ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлээд явчихмаар юм. А.Ариунзаяа сайдын ярьж буйгаар 15 хувиар нэмбэл дээд тэтгэвэртэй хүмүүсийнх нь өндөр нэмэгдээд дунд ярьж буй эмч, багш нарынх бага нэмэгдэх нь.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Төсвийн байнгын хорооноос асууя. Хөгжлийн банкны хулгай луйвартай холбоотой, гадаадаас 500 сая ам.доллар зээлж аваад эрх мэдэлтэй хүмүүс хуваагаад авчихсан. Ирэх оны төсөвт авсан зээлээ төлөх шаардлага үүсч байна. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах вэ. Улсыг хохиролгүй болгоход тун хэцүү гэж ойлгогдож байна. Зээл аваад алга болчихсон, Хөгжлийн банк дампуурах түвшинд хүрэх гэж байна. Энэ бүр, эрүүгийн хүнд гэмт хэргийн асуудал болчихоод байна.
Байгалийн баялгийг хувааж аваад алга болдог байсан бол одоо гадаадын зээл тусламжийг хуваагаад авчихсан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
-Хөгжлийн банкны нийтдээ 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум шүүхэд явж байгаа. Зарим нь шүүх дээр буцсан. Яагаад гэвэл эцсийн өмчлөгчөө хэрэгжүүлдэггүй. Жишээ нь “Хөтөл “байгаа. Хөтөл хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө шүүхээс буцаагаад байдаг. Орлого хаашаа хэнд очдогийг бүгд мэдэж байгаа. Эцсийн өмчлөгч “Хаан” банкинд хүртэл яригдаж байгаа. Нүүрээ хувиргаад хэвлэлээр мөнгө төлөөд троллоор дайруулаад байдаг. Энэ зүйлийг хойноос нь хөөцөлдвөл дорхноо төлөгдөнө.
1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг институтээр нь нэг бүрчлэн ярих ёстой.
Төрийн мөнгийг банкиндаа байршуулаад буцаагаад төлөхгүй байгаа “Чингис хаан” банк , “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нарт хариуцлага хүлээлгэх ёстой. “Хаан банк”-ийг авсан жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчийг бид гаргах ёстой. Яахаараа дороос нь хяналт, шалгалт явуулаад хуулийн хүмүүс “болохгүй” гээд бичиг явуулаад байхад, болно гээд гаргаад явдаг юм. Төрийн мөнгөний хойноос УИХ-ын гишүүд хөөцөлдөхгүй бол болохгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Та нар төрийн мөнгө гээд ярих юм. Төрд мөнгө байдаггүй. Татвар төлөгч ард түмний мөнгө байдаг. “Манайхны” санаачлаад байгаа хууль зөв байхгүй юу.
Инфляцид ард түмний цалин тэтгэврийг идүүлчихээд дараа нь аргалсан байдлаар нэмж байна. Төрийн албан хаагчдын цалин мөнгийг нэмэх асуудал дараа яригдана.
Ванга шиг хэлье. Удахгүй бензин тосны үнэ нэмэгдэнэ. Цаашдаа яах вэ. Нэг мөр асуудлаа шийдэх ёстой. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байх нь байна. Харин ч багаар нэмж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:
-Засгийн газраас оруулж ирсэн саналын дагуу тэтгэврийг 500 мянгаар нэмэгдүүлж байгаа. Цаг үеэ олсон зөв шийдвэр. УИХ-аас тэтгэврийн зардлыг баталж өгч байна. Өнөө маргаашийн хүрээнд нэг асуудал байна. 500 мянгаас дээших тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой.
Ингэхэд дундаж тэтгэвэртэй хүмүүсийнх хамгийн багаар нэмэгдээд байна. Гэтэл эсрэгээр өндөр тэтгэвэртэй хүмүүсийнх хамгийн их нэмэгдэж байна.
Тэгэхээр дундаж тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр судлаач ээ. Ямар суурь судалгаа хийж байгаа вэ.
ХНХ-ЫН САЙД А.АРИУНЗАЯА:
-Тэтгэвэр тогтоолт жигд нэг үнэ байдаггүй. Тухайн хүний ажилласан жил НДШ-ээс тогтоогддог учир өндөр цалинтай хүн хамаагүй өндөр шимтгэлийг төлж байгаа. Тэгэхээр өндөр тэтгэвэр авдаг хүн бага тэтгэвэр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарим угтаа бол буруу юм.
Яагаад шударга бус зарчим үүсээд байна вэ гэхээр жил болгон инфляцийн түвшин тухайн хүний авч буй тэтгэврийн үнэ цэнийг хэвээр нь хадгалсан бол 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан хүн, өнөөдөр тэтгэвэртээ гарч буй хүний зөрүү өдий хэмжээнд хүрэхгүй байсан юм.
Засгийн газрын тэргүүний зүгээс 15 хувиар шударгаар нэмье, нөгөө талдаа Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барьсан.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Д.Ганбат гишүүний ярьсан төрөөс гэхгүй боловч улсын төсвөөс НДС-д үзүүлэх татаасын хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрнэ. Одоогийн яваа тооцооллоо НДС-ийн алдагдал ДНБ-ний 6 хувьд хүрэх юм бол өнөөгийн үнэ цэнээр 15.6 их наяд төгрөгийн асуудал шийдэх ёстой юм билээ. Энэ хэмжээ улам нэмэгдэнэ. 11 хувьд хүрвэл 27 их наяд төгрөгийн хэмжээнд хүрнэ.
Б.Пүрэвдорж гишүүний яриад буй санал поп ард түмэнд таалагдах санал боловч ирээдүйд НДС-ийн алдагдлыг ихээр нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийж, тэтгэврийн нас , НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлж, энэ их зөрүүг хаахаас өөр замгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
-А.Ариунзаяа сайд тэтгэврийг 15 хувиар нэмэхдээ Засгийн газрын бусад гишүүдийн саналыг бодож үзээрэй. 15 хувиар нэмнэ гээд хатуу суугаад байх юм бол та мэргэжлийн хувьд маш том алдаа гаргасан сайд болно шүү. Ялангуяа 400-600 мянгын хооронд тэтгэвэр авч байгаа иргэд ихэнх нь доод тэтгэвэр рүү гулсаад орно.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:
-Хоёр жилийн өмнө тэтгэврийн зөрүүний асуудлаар ярьж байсан. Хоёр жилийн өмнө зээл тэглэх шийдвэр гарч байхад косметик засвар хэрэггүй, тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой гэдгийг мөн ярьж байсан. Тиймээс эхний хуулиа өргөн барьсан.
Тэтгэврийн хууль тэтгэвэртээ гарчихлаа. Эзэнтэйгээ хамт үхдэг байсан нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг хийж эхлэхгүй бол жил бүр ийм л юм яриад сууж байна.
Нийгмийн даатгалын реформыг төсөвтэй хамт явуулахгүй болохгүй. Нийгмийн даатгалын багц хуулиа хурдан хугацаанд явуулъя. Өнөөдрийн хувьд Ерөнхий сайдад НДС-ийн талаар асуулга тавьж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэх болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Учир битүүлэг зүйл их байна. Зөв тооцоолол хийхгүй бол болохгүй.
Хөгжлийн банктай холбоотой асуудал харамсалтай байна. Доторхыг нь үзэхээр нөгөө л нэг луйвар хийдэг хүмүүс явж байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй.
Өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүн рүү шилжүүлээд хоёр чих ав гээд сууж болохгүй. Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн авчихсан сууж байна. Энэ зөв үү. "Оюутолгой"-той тэнцэх Говь-Алтай аймагт байрлах ордыг нэг хүн авчихсан сууж байна. Тэгэхээр ийм зүйлээ бодмоор байна. 2022 онд ямар эрсдэл байна аа. Эрсдэлээ яаж тооцож байна. Эдийн засгаа хэрхэн эрүүлжүүлэх юм бэ.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:
-2022 онд эрсдэл байна. Гадаад дотоод гэж харах хэрэгтэй. Гадаад талд бид эдийн засгийн глобалчлалын үед эрсдэл дагуулж байна. Хэт их интеграцлагдсан эдийн засгийн хооронд маш их хамааралтай. Инфляциар дамжиж орж ирэх эдийн засгийн эрсдэл их байна. Бид үйлдвэрлэл багатай эдийн засагтай орон.
Гаднаас авч импортолж буй бүх бараанд инфляци шингэж орж ирж байна. Хил гаалийн асуудлаас болж экспортын биет хэмжээ үлэмж хэмжээгээр 2021 онд буурсан.
Энэ нь 2022 оны эхний улиралд бүтэн үргэлжлэх төлөвтэй байна. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Боомтын асуудлыг сайжруулах тал дээр урд хөрштэй ажил хийж байна. Удахгүй болох олимпийн үеэр айлчлал хийж, хил гаалийн асуудлаа тавих, боомтын асуудлаа нээх тухай ярилцана.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Тэтгэвэр нэмж буй байдал чинь эмгэнэлтэй байна. Ямар ч зарчим байхгүй хэн нэгэн дарга нэм гэхээр нэмдэг. Тооцоолол, хуулийн судалгаа байхгүй байна. Ингэж болохгүй. Ч.Хүрэлбаатар даргыг идсэн гэж бодохгүй байна. Найз нөхөд нь идсэн гээд байх юм. Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Гэхдээ богдын боорцог шиг юм аа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан дээр. Би шинэ соёл оруулж байгаа шүү аймагтаа. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Тэр тал руу оруулж байгаа.
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойших чуулганы хуралдаан 14:00 цагт эхэлнэ.
Чуулган: Тэтгэвэр, тэтгэмж нэмэх төслийг өнөөдөр батална
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийж батална.
Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/