Монголчууд цагаан сардаа бэлтгэж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ цаг үетэй зэрэгцэн Хятадын Ухань хотод covid-19-ийн дахин нэг мутаци, дэлхийд BA2 гэсэн мутаци хувилбарууд бүртгэгдлээ. Эрүүл мэндийн яамнаас ч сар шинийн баярын үеэр халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа ч бодит амьдрал дээр энэ уриалгыг дэмжиж байгаа иргэн, аж ахуйн нэгж лав алга, амралтын өдрийн дүр зургийг харвал. Covid-19-ийн халдвар мутацилагдах бүртээ халдварлах чадвар нь илүү их нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.
Монгол Улсад өчигдрийн байдлаар 56178 хүн covid-19-ийн халдвар авч, гэрийн хяналтад эмчлүүлж байна. Харин 10591 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 2680 нь хүүхэд, 1298 нь жирэмсэн эхчүүд байна. Нийт нас баралт 2034 болж, 6520 хүн хүндэвтэр, 902 хүн хүнд, 109 нэн хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Нас барсан иргэдийн 75 хувь нь 65-аас дээш насны ахмадууд, 0-11 насны хүүхдүүд нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байгааг ч тус яамнаас мэдээлсэн. Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр хоёр хоногийн дараа болно. Ахмадуудынхаа амар мэндийг мэдэж, ах дүү, хамаатан саднаараа золгодог уламжлалт баяр. Хоёр жилийн хугацаанд Цагаан сар тэмдэглээгүй монголчууд энэ жил сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Улсын онцгой комисс ч хөл хорио тогтоохгүй гэдгээ мэдэгдэж, иргэдийг гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахиж шинэлэхийг уриалж байгаа. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр зах, худалдааны төвүүд хөл гишгэх зайгүй өнгөрөв.
Аливаа зүйлийг заавал төрөөр хааж, боолгохоос илүү иргэд хариуцлагатай байх чухал цаг үе ирээд байна. Сар шинийн баяртай зэрэгцээд хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа энэ үед хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах ухамсар одоо л шаардлагатай байна. Эрүүл мэндийн яамнаас “Халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх эрсдэл их байгаа учир аль болох халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсэв. Тиймээс цагаан сараар шинэ хувилбар дотоодод орж ирэх эрсдэл өндөр байна. Тэр дундаа шинэ хувилбар 5-аас доош насныхны дунд тархах эрсдэл өндөр байна” гэдгийг ч анхааруулж байгаа. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа “Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байна. Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл SARS, Covid-19 хоёрын бусад хувилбаруудтай адилхан. Эмзэг бүлэг, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдсан. Эдгээр бүлгийн хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна. Олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзаж, вакцинаа хийлгэхийг зөвлөе. Иргэд үүнийг ухамсарлах хэрэгтэй. Нууц үе богиносч, хүн бүрийг өвчлүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа. Гол нь шинж тэмдэггүй үед нь бусдаас халдвар авах эрсдэлтэй байна” гэдгийг анхааруулсан.
Тиймээс сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, цагаан сараа “хар нулимс” болгохгүйн тулд иргэн бүр хичээх цаг ирлээ. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж үг бий. Энэ удаад иргэдийн ухамсарт найдахаас өөр гарцгүй болж байна. Ухамсартай байж Сар шинийн баярын зөвхөн гэр бүлийн хүрээнд, цахимаар золгох уриалгад нийтээрээ нэгдэх хэрэгтэй байна, монголчуудаа.