Нөлөө бүхий банкууд гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Нөлөө бүхий банкууд гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй

Нөлөө бүхий банкууд гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй

Монгол Улсын санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон шинэчлэл, өөрчлөлт нь хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн компани (хувьцаат) болж, хөгжлийн шинэ шатанд гарах.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Үүнд банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкууд нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зохицуулалтыг тусгасан билээ.

Мөн банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилгоор аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хувийг эзэмших зохицуулалттай болж, энэхүү шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангасан байх шаардлага тавигдсан.

Банкийг албадан татан буулгасан үед хуримтлалтай иргэн болон өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор иргэд хадгаламж болон харилцах дансан дахь өөрийн мөнгөн хөрөнгийг төлбөр барагдуулах дарааллын тэргүүн ээлжид авах зохицуулалтыг тусгасан билээ. Мөн бусад нэхэмжлэгчдийн төлбөрийн дарааллыг нарийвчлан зохицуулсан.

Хуульд заасан тодорхойлолт, нэр томъёог тодорхой болгож, банканд авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг нарийвчлан тогтоосон. Ингэснээр бодит байдал дээр гарч байсан аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлгогдох байдлыг залруулах ач холбогдолтой болжээ.

Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 -т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжих IPO гаргах төлөвлөгөөгөө Монголбанканд танилцуулсан. Энэ хүрээнд дээрх шаардлагыг хангаж, нээлттэй хувьцаат компани болох анхны зөвшөөрлийг Монголбанкнаас “Богд банк” ХХК-нд олгосноор тус банк Хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа гарган, олон нийтээс хөрөнгө босгосон билээ.

Банкны тухай хуульд 2018 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц санг урьдчилан (ex-ante) бүрдүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, улмаар “Банкны тогтворжуулах сангийн журам”-ыг 2021 онд баталснаар системд нөлөө бүхий банкууд уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлж эхэхлсэн. Cангийн үндсэн зорилго нь банканд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төрөөс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүйгээр банкны системээс хураамж хэлбэрээр бүрдүүлсэн хөрөнгөөр бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах юм.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор 100 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх” тухай шийдвэр гарсантай холбогдуулан арилжааны банкууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ нэмэгдүүлж, эрсдэл даах чадвар нь сайжирчээ.

Өнгөрсөн 2021 оны банкны салбарын голлох үзүүлэлтүүдийг авч үзвэл актив хөрөнгө 40 их наяд төгрөгт хүрч, зээлийн өсөлт 20 хувь давж, төгрөгийн зээлийн хүү түүхэн доод түвшин 14.5 хувь, хөнгөлттэй хөтөлбөрийн зээлийг оруулж тооцвол 13.8 хувь болж буурсан.

Хэдийгээр цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа ч санхүүгийн зуучлал ийнхүү хэвийн үргэлжилж, зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөл харьцангуй таатай болж ирж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд чухал дэмжлэг, эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэхэд нэг гол тулгуур, хөшүүрэг болох юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр, 2022 он банкны салбарт томоохон шинэчлэлийн жил болох нь.

Системийн нөлөө бүхий таван том банк 2022 оны эхний хагас жилд багтаан хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжаалах ёстой. Банкууд хөрөнгийн бирж дээр IPO хийснээр зөвхөн дотоодын гэлтгүй гаднын хөрөнгө оруулагчдад ч банкыг нээлттэй болгож байгаа хэрэг юм.

Гаднаас хөрөнгө татах нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүндийг өсгөх, дотоодын бизнесийн стандартыг сайжруулах, дэлхийн сайн жишгийг нутагшуулах зэрэг олон ач холбогдолтой. Иймд санхүүгийн салбарт бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын хувьд гаднын хөрөнгө оруулагчдад нээлттэй байх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай банкуудад Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргэн босголт, хөгжлийн банк зэрэг гаднын томоохон санхүүгийн байгууллагууд хувь эзэмшилтэй байдаг нь бусад хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болсоор иржээ.

Банк олон нийтэд хувьцаагаа арилжаалснаар нэг эзний бус, олон нийтийн хараа хяналтад орно. Энэ нь банкны засаглалыг сайжруулахаас гадна тухайн банкны үнэ цэн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны үнээр тогтдог болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк өөрөө өөрийгөө “сайн банк, том банк” гэж үнэлэх бус, энэ үнэлгээг олон улсын жишгээр зах зээл, зах зээл дээрх хувьцааны ханшийн хөдөлгөөн нь тодорхойлох нь.

Системийн таван том банкны хувьд нийтэд хувьцаагаа зэрэг шахуу санал болгож, нийт хувьцааныхаа 5–15 хувийг олон нийтэд гаргах аж. Зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бизнес төлөвлөгөөний төсөөллөөр 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо хийгджээ. Нэгэнт хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй санал болгох учир дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон банкны ажиллагсад гээд бүгдэд ижил нээлттэй байх зарчим үйлчлэх билээ.

Төв банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр, зарим банкны ажиллагсад тухайлбал, Хаан банкны ажиллагсад банкандаа зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болохоор гэрээ хэлцлүүд хийж байгаа аж.

Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй ажээ. Өнөөдрийн байдлаар тус банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Эйч Эс Интернейшнл” (Ази) Лимитед, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа аж.

Мөн хуулийн зохицуулалтаар заавал нээлттэй байх шаардлагагүй ч жижиг банкууд өөрийн саналаараа нээлттэй болох боломжтой. Энэ хүрээнд Богд банк нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож 30 тэрбум төгрөгийн хувьцааг амжилттай арилжаалсан.

Энд онцлоход, хуулинд нэг банкны нөлөө бүхий хувь эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон заалт орсон. Төв банкны хувьд энэ санаачилгыг дэмжмээр байвч нэгэнт хуулинд орсон энэхүү заалтыг ялгавартай мөрдүүлэх боломжгүй учир бүгдэд тэгш үйлчлэх зарчмаар асуудалд хандаж иржээ. Энэ хүрээнд маш хатуу шаардлага тавьж хангуулж байсны үр дүнд нэг эзэнтэй гэж яригдаж байсан хэд хэдэн банк хоорондоо нэгдэж нийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж