Засгийн газраас Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан. Хэдийгээр “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн байнга шүүмжилдэг ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Ахмадаа хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг. Харин энэ удаа цомхон хүрээнд тэмдэглэх бололтой.
Цагаан сарын баяр хаяанд ирсэн ийм үед олны хөлд дараастай байх газрын нэг нь "Нарантуул" зах. Түм түжигнэж, бум бужигнасан энэ газрыг зорин ирэх хүний тоо сүүлийн үед эрс багасчээ. “Нарантуул” захын худалдаачид шинэ жил, цагаан сарын өмнө урд хөршөөс их хэмжээгээр бараагаа татдаг байсан. Гэтэл өнөө жил урд хөрш хилээ хаасны улмаас тэд модоо барихад ойрхон болжээ. Уулзсан худалдаачид наймаа муу, гүйлгээгүй болсон тухайгаа ярьж "Юун ашиг манатай" гэж бухимдацгааж байв. Худалдаачид цагаан сарын бараагаа татаж чадаагүй учраас “жоорны” хэдэн бараагаа дэлгэжээ. Ингэхдээ тэд үндсэн лангуугаа түрдээ хаан хүмүүсийн нүдэнд харагдахуйц ил зарахын тулд захын төв хаалганы урд хэсэгт бэлгүүдээ дэлгэн тавьжээ. Ингэхгүй л бол захын гол руу орж юм худалдан авах хүн олддоггүй аж.
Энд хамгийн их эрэлттэй бараанд оймс, гар нүүрний алчуур, трико орж байна. Хавар, намар өмсөхөд тохиромжой трико нэг ширхэг нь 15 мянган төгрөг, оймс 6000 төгрөг, ванны том алчуур 15 мянган төгрөг, гар нүүрний алчуур 8000 төгрөг, эрэгтэй арьсан түрийвчийг 12-30 мянган төгрөгөөр тус тус зарж байна. 10-аас дээш авбал ширхэг тутамд 1000-2000 төгрөг хямдруулна гэдгийг худалдаачид хэлж байв.
Хил хаагдсан учраас монголчуудад хэдийн танил болсон хятад, цагаан майкууд алга. Харин "Монгол" гэсэн бичигтэй футболк 8000 төгрөгийн үнэтэй байв. Хоёр жилийн өмнөх үетэй харьцуулахад дээрх футболкны үнэ 5000 төгрөгөөр нэмэгджээ.
Иргэдийн олонх нь үнэ ханш судалж, нааш цааш холхилдоно. Гэвч тор дүүрэн бэлэг худалдан аваад явж байгаа нь ховор. Ерөнхийдөө ойр зуурын бэлэг цуглуулах аж. Эндээс харвал иргэд үнийн өсөлтөд багагүй нэрвэгдсэн нь илт.
ХАВРЫН ТАРЧИГ САРУУДЫНХ ШИГ ХООСОН БУУХ НЬ ЭНҮҮХЭНД БАЙНА
“Нарантуул” зах дээр 10 дахь жилдээ наймаа хийж буй Б.Буяндэлгэр “Цагаан сарын дараа гурав, дөрөвдүгээр саруудад захын худалдаачид заримдаа хоолны мөнгөгүй, хоосон харих нь бий. Гэтэл энэ жил юун цагаан сар вэ. Одоо яг хаврын тарчиг саруудынх шиг хоосон буух нь энүүхэнд байна. Бараа зарагдахгүй, хүн амьтан ч авахгүй юм. Цагаан сарын өмнөх өдрүүдэд наймаачид хоорондоо ганц ч үг ярих завгүй наймаагаа хийгээд орлоготой байдаг байлаа. Өглөө эрт ирж наймаагаа эхлүүлээд орой харуй бүрий болсон хойно харьдаг байсан. Гэтэл одоо бид өглөө аажуу уужуу ирээд орлого орохгүй болохоор нарны голтойд л гэр рүүгээ явчихдаг болсон” гэлээ.
Худалдаачдын хувьд цагаан сараас өмнө ахмадын тэтгэвэр нэмэгдвэл худалдан авалт сайжирна гэх хүлээлттэй байна.
Харин иргэд барааны үнэ өссөн талаар толгой сэгсрэн, шогширон ярьцгааж байв. Тухайлбал, орон нутгийн худалдан авагч Н.Батсуурь “400 мянган төгрөгөнд цагаан сарын бэлгээ базаахаар ирсэн. Гэвч олигтой юм аваагүй байтал бараг дуусчихлаа. Өмнө жил 3000 мянган төгрөгөөр зарагдаж байсан оймс 6000 мянган төгрөг болчихсон байна. Зориод ирсэн юм чинь яаж хоосон буцах вэ дээ. Тиймээс гар нүүрийн алчуур, хэдэн оймс, трико л авлаа” гэв. Цааш явбал хоосон лангуу олон таарна. Орлого гэх олигтой зүйлгүй, эргэлтийн мөнгөгүй болсон наймаачид лангуугаа ийнхүү хаажээ.
Нарантуул зах дээр шинэ мөнгөө солих үйлчилгээ хэдийнэ бий болжээ. Иргэд хуучин мөнгийг шинээр солиулдаг бөгөөд олонх нь 5000-ын шинэ дэвсгэрт солиулдаг аж.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛГҮЙ МОНГОЛ
Жил бүрийн энэ өдрүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргадаг ч энэхүү уриалга амжилт олдоггүйг “Нарантуул” захаас харж болно. Энд “Янмал” болон “Тод” үйлдвэрийн оймсноос өөр монголын үндэсний үйлдвэрийн бараа алга. Дээрх хоёр үйлдвэрийн оймс 6000 төгрөгөөр зарагдаж байна. Хоёр жилийн өмнө 3000 төгрөгөөр зарагдаж байсан ч мөн л үнээ нэмжээ.
Уг нь иргэдийн хувьд болж өгвөл монгол бараа бүтээгдэхүүнээ сонгох хүсэлтэй. Харамсалтай нь монгол брэндийн бүтээгдэхүүний сонголт, үнэ ханшид хэрэглэгчдийн хүсэл, халаасны хэмжээтэй дүйцэхгүй байгаа нь үнэний хувьтай.
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хоёрдугаарт үнэ ханш хямд биш. Ялангуяа эрчүүдэд өгөх бэлэг үнэндээ хомсхон. Эрэгтэйчүүдэд хаягласан цамц, түлхүүрийн оосор, нэрийн хуудасны сав, хэтэвч, тэлээ, даалин, бээлий, ороолт гээд тоочвол эр хүнд бэлэглэж болох монгол бүтээгдэхүүн бас байна. Мэдээж, энэ бүгд хямд төсөр биш. Тиймээс л иргэд үнэ хямдаар нь “Нарантуул” захыг зорьж байна.
ЗАДГАЙ ДЭЭВРИЙГ БИТҮҮЛЖ БОЛНО, ГЭХДЭЭ БАРААНЫ ҮНЭ ӨСНӨ
Нөгөөтэйгүүр тус захын задгай дээврийг битүүлээд, түрээслэгчид болон хэрэглэгчдэдээ тав тухтай дулаахан орчин бүрдүүлэх асуудлыг хөндөх цаг болжээ. Худалдаачид болон захаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ч өвлийн хүйтэнд гадаа зогсох нь тааламжтай биш.
Энэ асуудлын талаар “Нарантуул” захын эзэн, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хэвлэлд ярихдаа “Задгай дээврийг битүүлж болно. Тав тухтай орчин бүрдүүлж ч болно. Гэхдээ эцсийн үр дүндээ хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өснө. Тийм учраас хэрэглэгчдийн гap дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд битүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, битүүлчихвэл тэр бүгдийн үнэ өснө. Гэсэн хэдий ч энэ хугацаанд бид өөрсдийн нөөц бололцоог хангалттай шавхаж түрээслэгч нэг бүрээ ажилтай, орлоготой байлгах гэж, түрээслэгч нэг бүрийн ард байгаа гэр бүлийн гишүүдийг хоногийн хоолтой байлгах гэж хичээсээр ирсэн. Одоо биднээс хамаарах зүйл байхгүй боллоо. Хил гааль хаалттай бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа учраас бизнес эрхлэгчдийн арга мухардаад байна. Энэ бол төр засаг, улстөрчдийн үйл ажиллагаа муу байгаатай холбоотой” гэж тодотгож байжээ.
Холбоотой мэдээ