"Царцаасан төслүүдийг 2023 он руу шилжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

"Царцаасан төслүүдийг 2023 он руу шилжүүлнэ"

"Царцаасан төслүүдийг 2023 он руу шилжүүлнэ"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2022.01.30/ хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг  Засгийн газарт чиглэл болгосон. Тиймээс төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсан. Мөн тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би өнгөрсөн оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр 290 төсөл арга хэмжээг царцааж, 570 тэрбум төгрөг хэмнэх, үүнийгээ ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, импортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэх саналыг дэвшүүлж байсан. Засгийн газраас хуулийн төслийн хүрээнд 190 төсөл арга хэмжээг царцааж, ахмад настны тэтгэврийг нэмэх болсонд талархаж байна. Цаашид царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хэрхэн үргэлжүүлэх, 499.000 төгрөгийн тэтгэвэр авдаг иргэд энэ хуулийн өөрчлөлтөөр 1000 төгрөгийн нэмэгдэл хүртэх нь гэсэн шүүмжлэл байгаа талаар тодруулъя" гэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг 15 хувиар нэмж байна. Хүн бүрд доод тал нь 15 хувь нэмэгдэнэ гэж ойлгож болно" гэв. 

Дашрамд дурдахад, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөөний 3.8 тэрбум, Богд Зонхова цогцолборын төсөв болох 32 тэрбумыг танах талаар яригдаж байсан билээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өчигдөр /2022.01.29/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг төсвийн тодотголоос хассан талаар дуулгасан. 

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр "Царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хасаагүй, төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн" гэлээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж