Тойм: “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн түүхэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Тойм: “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн түүхэн долоо хоног

Тойм: “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн түүхэн долоо хоног

"Оюутолгой"-н хөрсөнд монгол, орос геологчид анх хөл тавьснаас хойш даруй нэгэн жаран илүү хугацаа улирчээ. Түүнээс хойш 33 жилийн дараа Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлд шилжиж, гадаадын тэргүүний технологи, хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээж, 42 жилийн дараа буюу 2009 онд "Оюутолгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, төсөл хэрэгжиж эхэлснээр 2013 онд уурхайн цогцолборын эхний ээлж ашиглалтад орсон түүхтэй.

Энэхүү ордыг ашиглаж эхэлсэн түүхийн хуудас дахин шинээр нээгдэж, өнгөрч буй долоо хоногийг монголчууд бид гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлсэн сайн мэдээтэй өндөрлүүлж байна. Мөн ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эцэслэн баталсан түүхэн мөч энэ долоо хоногт тохиов.

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


"Оюутолгой"-н гүнийн уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна

“Оюутолгой”-н уурхайн нийт баялгийн 80 гаруй хувь газрын гүнд бий гэдэг. Энэ баялгийг дэлхий дахинд гүний уурхайн олборлолтод сүүлийн үед нэвтрүүлж буй хамгийн шилдэг арга буюу блокчлон олборлох аргаар олборлох юм. Энэхүү уурхайн үйлдвэрлэлийн эхний шанг энэ долоо хоногт татав. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгөв.

Уурхайчдын тайлбарласнаар, блокчлон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан, гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга аж. Хүдрийн биетийн доор хөндлөн малталт хийдэг бөгөөд энэ нэвтрэлтүүдийг улаар таслах буюу огтлох түвшин гэж нэрлэдэг байна.

Хүдрийн биет нь улаар таслах түвшин дэх тэсэлгээгээр хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ. Тэсэлгээгээр бутарсан хүдрийг буулгуураар дамжуулан, хүдэр буулгах цэгт хүргэж, тэндээс бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран урсаж орж ирнэ. Хүдрийн урсгал нь цаашид уулын даралт дор тасралтгүй үргэлжилдэг байна.

Газрын гадаргаас 1380 метрийн гүнд байх далд уурхайд авто засварын газар, аврах төхөөрөмж, хоргодох байр, ажилчдын цайны газар, оффис, шатахуун түгээх газар гээд хэрэгцээт бүхнийг байгуулах ажил өрнөсөөр буй юм. Цаашид 100 жил ашиглахаар төлөвлөсөн "Оюутолгой"-н ордын нийт ажилчдын 90 орчим хувийг монгол ажилчид бүрдүүлж буй бөгөөд гүний уурхайг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулах хариуцлага хүлээн, ханцуй шамлан ажиллаж байна.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж нь багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм.

Энэ долоо хоногийн чихэнд чимэгтэй бас нэг мэдээ нь Монголын Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох өрийг барагдуулсан явдал байв. Тодруулбал, "Оюутолгой" төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, "Туркойс Хилл Ресурсес" компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид өнөөдөр гарын үсэг зурлаа.

Мөн энэ долоо хоногт "Оюутолгой"-н уурхайг дотоодын эх үүсвэрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулав. Тодруулбал, манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой" компанийг урт хугацаанд цахилгаанаар хангах гэрээг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд, “Диспетчерийн үндэсний төв” болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулж, дээрх компаниудын удирдлагууд гарын үсэг зурав.

Ёслолд оролцон, гэрээнд гарын үсэг зурсан “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ юм. “Оюутолгой” уурхайд аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад маш найдвартай цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бидний энэ хэрэгцээг Эрчим хүчний яам хэд хэдэн эх үүсвэрээс хангахаа мэдэгдэж байна. Энэ гэрээ талуудад үр өгөөжтэй шийдэл болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой” компанийн хооронд үр дүнтэй, харилцан ойлголцож, хамтран ажиллаж буйн нэг үр дүн" хэмээн онцолж, Монгол Улсын дотоодоос эрчим хүчээ хангахаар болж буй нь "Оюутолгой"-гоос оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ гэж цохон тэмдэглэсэн юм.


Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталлаа

Энэ долоо хоногт өрнөсөн бас нэг онцлох үйл явдал нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн, тэмдэглэлд гарын үсэг зурсан явдал байлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурав.

Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны гурав болон аравдугаар саруудад Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж, тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болжээ. Иймд 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх юм.

Төсөлд оролцогч “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асеева "Энэхүү төсөл нь манай хоёр орны хувьд их чухал ач холбогдолтой. Төслийн барилга угсралт, материал нийлүүлэхэд Монголын компаниуд оролцох боломжтой. Ингэхдээ төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана. Эхний ээлжид нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлнэ. Цаашдаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжөөд, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд өрнөх юм.

Дашрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан энэ долоо хоногт "Хийн хэрэглээ рүү шилжих замаар агаарын бохирдлыг багасгана. Манай улс хийн хэрэглээнд хэвшээгүй ч ойрын хугацаанд аажмаар хийн хэрэглээнд шилжих суурийг тавихаар дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станц байгуулах тооцоо судалгаа хийж байна. Цаашдаа шинээр бий болох хот суурин газрыг хийн хэрэглээ рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэрт нэвтрүүлэх боломжийг Эрчим хүчний яам судалж байна" гэж тэмдэглээд, Монгол Улс дотоодын хэрэгцээг хангах асуудлаар ОХУ-ын талтай урьдчилж зөвшилцсөн" гэв.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдэд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг анхааруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг анхааруулав.

Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэдгийг онцлов. Улмаар бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.


Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 мянга, бүрэн тэтгэврийнх 500 мянга болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцийн түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон юм.

Энэ долоо хоногт Засгийн газар, УИХ ээлжит бусаар хуралдсан. Чуулганыг ирэх сарын 1-ний өдөр хуралдуулах бөгөөд төсвийн тодотгол хийх, "Богд Зонхова" цогцолборын төсвийн мөнгийг тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зарцуулахаар болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянгаас 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянгаас дээш тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй" гэж хэлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад тусгай хэрэгцээт иргэдэд олгож байсан нэмэлт 100 мянган төгрөгийг 2022 оныг дуустал олгохоор болж, Засгийн газраас шийдвэрлэсэн. Бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөгт хүргэнэ. Бусад нь 15 хувиар нэмэгдэнэ. Үүнд нэмэлтээр 637 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Үүнийг цагаан сараас өмнө батлахаар ажиллаж байна" гэсэн юм.

УИХ-ын чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороод хуралдаж, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд байна.


Хөгжлийн банк нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл болжээ

Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг энэ долоо хоногт танилцуулав. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хөгжлийн банкийг 2011 онд байгуулж, том үнийн дүнтэй цөөн тооны зээл санхүүжүүлсэн. Энэ үндсэн үүргийнхээ хүрээнд нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл болжээ. Монголбанкнаас тус банканд хийсэн шалгалтын дараа дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой найман үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэ талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр мэдээлэв.

Тэрбээр “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой нийт найман үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Мөн тодорхой хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирол барагдуулсан болон зээлийг эргэн төлүүлсэн талаарх тодорхой мэдээллийг АТГ-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэсэн юм.


Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаас ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарлаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд Covid-19-ийн тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ гэж тооцоолжээ. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-нөөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэв.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.

Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж