"Намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана"

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

"Намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана"

"Намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана"

Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хуралтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хурлаар Хотын дарга, нийслэлийн удирдлагууд хууль тогтоох дээд байгууллагатай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ, өмнө нь хэрхэн ажиллаж байсан бэ гэх асуудал нэлээн хөндөгдлөө. Нэг үеэ бодвол нийслэлийн удирдлага болон хууль тогтоох дээд байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч чадсан уу. Цаашид ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

-Одоогийн Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл болон бусад асуудлыг дан ганц нийслэлийн асуудал гэж үзэж болохгүй. Энэ бол Засгийн газрын анхаарлын төвд байх асуудал. Би өөрөө энэ асуудлууд руу орж, тулж ажиллана” гэж мэдэгдсэн шүү дээ. Өнгөрсөн жил УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хэд хэдэн гишүүн нийслэлд очиж ажилласан. Тэндээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулах санал гарч, байгуулсан юм. Түр хорооны дэргэд байгуулсан Ажлын хэсгүүд хуралдаж байгаа. Өнөөдрийн 35 дугаар Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан сонгож, итгэл үзүүллээ. Хамтын ажиллагаа, уялдаа холбооны тухайд нэг чухал шийдвэр гарсан нь Засгийн газар нийслэлээс татан төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээн, түгжрэлийг шийдэх санхүүгийн боломжийг олгож байгаа юм. Харин УИХ-ын зүгээс 27 жилийн турш гар хүрээгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Нийслэл хот уг хуулийн дагуу шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажлаа эхэлж байна. Өнөөдрийн Бага хурлын дараа нийслэлд хийх ажлуудын бодлогыг өөрчлөх, шинэ арга барилыг нэвтрүүлэх байх гэж харж байгаа. Энэ бүхний гол зангилаа хоёрхон үгэн дээр тогтож байгаа юм. НЭГ БАГ. Бид өмнө нь ард түмэндээ хүчээ нэгтгэнэ, утаа, түгжрэл, ковидтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж амласан. Тэгвэл одоо хүний эрхийг хамгаалж, авлигатай тэмцэж, эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж амласан. Хурдны замын асуудалд анхаарах, төвлөрлийг задлахын тулд дагуул хотуудыг байгуулах, эдийн засгийн тусгай бүсийг бий болгох, хотын дүрэм, стандартыг тогтоох, байгаль, экологийн асуудалд анхаарах зэргээр маш олон чухал ажлыг төлөвлөн, хийж хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн МАН-ын 66 мянган гишүүн дотоод асуудлаа хэлэлцээд байгаа мэт боловч намаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг цаашид тууштай хэрэгжүүлэхээ бататгаж байгаа юм. Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн удирдлагын багийг эрх баригч МАН-ын зүгээс дэмжиж өгснөөр цаашдын ажил, бүтээн байгуулалт, бодлого, үйл ажиллагаанд нь дэм болж байгаа хэрэг. Намын дотоод асуудал ганц намын гишүүдэд хамаатай биш. Иргэдэд ч хамаатай юм. 2022 онд бид намын хяналт, хариуцлагын тогтолцоо, ёс зүйн асуудлуудад анхаарч ажиллана. Бид сонгуульд өрсөлддөг, оролцдог төдий нам биш. Иргэдэд амласан амлалтаа ямагт санаж явах, нэг нэгэндээ шаардлага тавьж ажиллах ёстой. Мөн манай нам боловсон хүчин, хүний нөөцийн чадвар дээр анхаарах хэрэгтэй. Аливаа хариуцсан ажлаа тухайн албан хаагч, удирдлага нь хариуцаж, үүрэг хүлээх хэрэгтэй. Ганц Д.Сумъяабазар гэдэг хүнд асуудлыг тохоод байж болохгүй. Ер нь бүх асуудлыг нэг хүнээс нэхнэ гэдэг өөрөө асуудал юм. Бид 2022 онд намын гишүүдийн ёс зүйн хариуцлагын асуудалд ихэд анхаарч ажиллана. Нийслэлээс сонгогдсон гишүүд нэгдэж, асуудлыг хэлэлцэн, шийдэж байна. Энэ бол хамтын хүч юм.

-Хууль тогтоох дээд байгууллагаас холбогдох хуулийг баталлаа. Мөн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг цогцоор нь шийдэхэд нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн тодорхой дэмжлэг үзүүлж байна. Тэгвэл нийслэлийн удирдлагуудаас хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар шахалт үзүүлэх ёстой вэ?

-Сая УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль гарлаа. Би Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хууль хаврын чуулганаас хэрэгжиж эхэлнэ. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн араас хяналтыг хэрэгжүүлэх байнгын хороо, түр хороо, олонх, цөөнхийн бүлэг ч гэдэг юм уу механизмыг эмх цэгцэнд оруулаад анх удаа энэ хууль хэрэгжиж эхэлж байна. Ажил хамтарч хэрэгжүүлж байгаа ч бидний ажлын чиг үүрэг өөр.  Жишээ нь би хяналт, шаардлага тавих эрхтэй хүн. Би зам тавихгүй, хог түүхгүй. Шийдвэр гаргагч тал нь нэг тусдаа, шийдвэр хэрэгжүүлэгч нь нэг тусдаа. Шийдвэр хэрэгжүүлэгчид нь нийслэлийн удирдлагууд болон Засгийн газар юм. Тэгэхээр ганцхан нийслэлийг шахаж шаардахгүй. Засгийн газарт мөн шаардлага тавина, шахаж шаардана. Нэг намын гишүүд мөн боловч төрийн ажил хийж байгаа тохиолдолд өөр өөрийн үүрэгтэй. Тэр хүрээндээ ажлаа хийнэ. Улаанбаатар хотын зам, нийтийн тээвэр,  тохижилттой холбоотой асуудалд манай нам ажил хийх мэргэжлийн ур чадвартай, иргэдийн таалалд нийцүүлж ажиллаж чаддаг хүмүүсийг тавихгүй бол ажил явахгүй. Үүнийг нуулгүй хэлэх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж