Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн Баасан гариг /2022.01.28/-т ээлжит бус хуралдсан. Улмаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх,
- Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх,
- Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шийдвэр гаргав.
ИНФЛЯЦИЙН ӨРНӨЛТЭЙ УЯЛДУУЛЖ БОДЛОГЫН ДАРААГИЙН АЛХМУУДЫГ ХИЙНЭ
Мөн Мөнгөний бодлогын хорооноос дараах мэдэгдлийг гаргасан юм. Тодруулбал, цар тахлын омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляци олон улс оронд огцом нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдсэн. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө.
Жилийн инфляци 2021 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляци эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байна. Мөн нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа.
Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцийн хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцийн хоёр дахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна. Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцийн өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ