Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр Монгол Улсын 2022 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүд яг хэдэн тэрбум төгрөг аль төсөв дээр тавигдаж байна вэ. Тэтгэврийн доод хэмжээг инфляцитай уялдуулан нэмж байна уу, нэг удаагийн арга хэмжээ юу хэмээн тодрууллаа. Хариуд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Төсөвт төлөвлөснөөс давж орсон орлого 320 гаруй тэрбум төгрөг байгаа. Түүнчлэн тэвчиж болох зардлууд мөн 300 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Эдгээрийг төсвийн тодотголоор оруулж ирж байна.
Нийт инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байна гэж ойлгож болно. Нийт тэтгэврийг 15 хувиар нэмж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэе, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэх гэж байна. Энэ арга хэмжээнд нэмэлтээр 637.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 499 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийг 500 мянга болгоод нэг мянган төгрөг нэмж байгаа юм уу гэж хүмүүс асууж байна. Тийм зүйл байхгүй. Бүх хүмүүсийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж байгаа" гэдгийг хэллээ.