Эрх баригчдын "толгойн өвчин" Хөгжлийн банкны асуудал болоод байна. Сүүлийн хоёр жил огт зээл олгоогүй энэ банкийг дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тэгвэл МАН-аас өчигдөр /2022.01.28/ мэдэгдэл гаргаж, чанаргүй зээлдэгчдэд нам харгалзахгүй хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэв.
Уг мэдэгдэлд " 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуй нэгжид 3.2 их наяд төгрөгийн зээл олгож, 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид өрөө төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж, төлөх талаар ярьж эхэллээ. Үүнтэй МАН санал нийлэхгүй, улс төрийн нам харгалзахгүй хатуу тэмцэх болно" гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгсөн. Тэрбээр “Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд өр төлбөртэй, зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-д өгөх шийдвэр гаргасан. Нэг жилийн хугацаанд зээлдэгчдэд бид хүсэлт тавьсан. Гэхдээ боломжтой мөртлөө төрийн байгууллагад энэ мэтээр өрөө төлөхгүй байдаг иргэн, аж ахуй нэгж байж болохгүй. Хуулийнхаа байгууллагад очоод учраа олно биз дээ гэх агуулгаар хандаж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкийг өөр түвшинд гаргахгүй бол зөвхөн төсвөөс том төсөл хэрэгжүүлэх боломжгүй. “Капитал” банктай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага зах зухаас нь шийдээд явж байгаа” гэдгийг хэлсэн юм.
Одоогоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг шалгаж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.
Хөгжлийн банкнаас авсан 26 зээлдэгчийн нэр хэвлэлээр ил болсон. Эдгээр зээлдэгчдийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн билээ. Хөгжлийн банкийг “дампууруулсан” 26 компани дотор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас авхуулаад, улстөрчдийн халаасны компаниуд ч бий. Улмаар Хөгжлийн банкнаас “Улстөрчдийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Зориуд бусаар зээл авч, ажил хийх ёстой аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан" гэдгийг хэлж байв.