Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалтын дүн гарахад Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо. Тогтоолыг тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл танилцуулав.
Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн төлөөлөгчдийг PCR шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч сонгогдсон аж.
Нийслэлийн МАН-ын өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сард болсон. Тэрхүү хурлаар нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм. Санал хураалтын өмнө тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хийх алхмуудаа тодорхойлсон “Шинэ алхам-Шинэ нийслэл” илтгэл тавьсан.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
Нийслэлийн МАН-ын хурал өнөөдөр /2022.01.29/ эхэлж байна. Уг хурлаар хотын дарга Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, нийслэлийн МАН-ын хурал болж аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэх юм.
Мөн дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын дүрэмд өөрчлөлт оруулах, бүтцээ өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.