УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад хандаж, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуултыг тавилаа. Тэрбээр "Хөгжлийн банкны чанаргүй 26 зээлдэгчийг зарласан байна. Цаашилбал, оффшорт гаргасан мөнгийг оруулж ирэх талаар Засгийн газар яагаад ажил хийхгүй байна вэ" гэв.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд өр төлбөртэй, зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-д өгөх шийдвэр гаргасан. Нэг жилийн хугацаанд зээлдэгч нарт бид хүсэлт тавьсан. Гэхдээ боломжтой мөртлөө төрийн байгууллагад энэ мэтээр өрөө төлөхгүй байдаг иргэн, аж ахуй нэгж байж болохгүй. Хуулийнхаа байгууллагад очоод учраа олно биз дээ гэх агуулгаар хандаж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкийг өөр түвшинд гаргахгүй бол зөвхөн төсвөөс том төсөл хэрэгжүүлэх боломжгүй. “Капитал” банктай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага зах зухаас нь шийдээд явж байгаа” гэв.