ТОЙМ: Бэр гуйлгахдаа өөрөө хэлмэрч хийсэн

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Бэр гуйлгахдаа өөрөө хэлмэрч хийсэн

Ньюс агентлаг та бүхэнд энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


Одоогоос долоон жилийн өмнө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Монголд ирсэн Мина Тамура өдгөө монгол хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Түүний ханийг Б.Төгөлдөр гэдэг. Тэднийг ДБЭТ-ын балетчин хос гэдгээр нь уншигч та бүхэн сайн мэдэх биз. Минатай монгол ёс заншлын талаар ярилцаж,  Монгол бэр болсон дурсамжаас нь хуваалцлаа.

-Гэр бүлээрээ Японд амьдарч байгаа гэсэн үү. Монголд хэзээ ирэх вэ?

-Японд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Би Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрт балетчнаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Бид бага охиноо Японд төрүүлсэн. Энд нөхрийнхөө визийг сунгуулахаар ирээд, түр хугацаанд амьдарч байна. Ирээд жил гаруй болж байна. Саяхан жижигхэн балетын сургалт нээж, хүүхдүүдэд багшлах болсон. Удахгүй Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа.

-Анх Монгол Улсыг зорин ирэх болсон дурсамжаасаа хуваалцаач?

-Би өмнө нь Америкт нэг жил, Францад хоёр жил суралцсан. Токиод балетын хувийн компанид ажиллаж байгаад хүүхдэд балет заах сонирхолтой болсон юм. Тэгсэн Монголд ажилладаг япон найз маань “Монголын дуурийн театрт бүжиглэх боломжтой” гэж надад хэлсэн. Тэгээд л Монголын талаар юу ч мэдэхгүй мөртлөө шууд зориод очсон.

Анх 2014 оны есдүгээр сард Монголд Дуурийн театрт орох шалгалт өгөхөөр хоёр гурван хоногийн хугацаатай ирж байсан. Тэгээд багш маань “Театрт ажиллаж болно” гээд, тухайн оны арваннэгдүгээр сараас суурин амьдарч эхэлсэн дээ. Учир нь Японд балетчин байх, мэргэжлээрээ ажиллах  их хэцүү. Өөрсдөө тасалбараа зарна, цалин багатай байдаг. Бэлтгэл хийхдээ хүртэл төлбөр төлдөг. Харин Монголд улсаас тогтмол цалин өгч, уран бүтээлчид нь тусгай өрөө, ширээтэй. Бэлтгэлдээ бүрэн цагаа зарцуулж, мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан учраас маш сайхан санагдсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

“10-20 МЯНГАН ХҮН ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ӨВДСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ”

Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газраас  цагаан сарын баяраар хөл хорихгүй байхаар  шийдвэрлэсэн. Баярын дараа халдварын нөхцөл байдлын төлөвийг хэрхэн тооцож байна вэ. Магадгүй шинэ жилийн дараа цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдсэнтэй адил түүх давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй?

-Цар тахлын дөрөв дэх давлагаа ид дундаа үргэлжилж байна. Омикроны дэгдэлтийн оргил үе орон нутаг руу тэлэх хандлагатай байна. 21 аймагт хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн. Энэ үед цагаан сарын баяр тохиож байна. Баяр, амралтын өдрүүдэд иргэд золголт хийж нэг дор олуулаа цугларах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Хэрэв Засгийн газрын уриалснаар иргэд гэр гэртээ цагаан сарын баярыг тэмдэглэж өнгөрүүлбэл цар тахлын дөрөв дэх давалгааг хүндрэл багатай даван туулах чухал ач холбогдолтой. Цар тахал, аливаа халдварт өвчнийг хохирол багатай даван туулсан эсэх нь нас баралтаар тодорхойлогддог. Тиймээс бид цар тахлын өмнөх давлагааны үеийн туршлагуудтай харьцуулж аль болох хохирол багатай даван туулах талаас анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн хувьд энэ жил золголт алгасч, гэртээ өнжихийг хүсэхгүй болов уу. Магадгүй баярын дараах цар тахлын давлагаа дэгдэж болзошгүй. Ийм  эрсдэлийг  Эрүүл мэндийн яам байгаа юу?

-Цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдэхэд шинэ жилийн баяр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Олуулаа цуглаж шинэ жил тэмдэглэх, баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан нь өвчлөл нэмэгдэх шалтгааны нэг байсан. Үүнтэй адил цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэвэл олон хүн халдварт өртөж, илүү их хохирол амсах эрсдэлтэй. Тэр дундаа эрсдэлт бүлгийн /өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, архаг суурь өвчтэй, вакцинд хамрагдаагүй/ хүмүүс халдварт өртвөл хүндрэх, улмаар амь насанд аюултай. Тиймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, ойр дотнын хүмүүсээ бодож гэр бүлийн хүрээнд цагаан сарын баярыг тэмдэглэхийг зөвлөе. Эрүүл мэндийн яамны зүгээс нийслэлийн хэмжээнд орны зохион байгуулалт, амбулаторын үзлэгийн цагийн хуваарь, эмнэлгийн анхан шатны нэгж байгууллагуудын хүний нөөц, ажиллах цагийн хуваарийг төлөвлөгөөний дагуу гаргаж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

“НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ МИНИЙ ХОББИ”

"Би ном гээч этгээдийн ид шидэд итгэдэггүй том толгой явсаар их сургуульд ордог жилээ яагаад ч юм гэнэт л ном уншъя, ном унших зуршилтай больё гэж шийдсэн намрын тэр дулаахан өдрийг сайн санадаг. Анх өөрт байсан 16 мянган төгрөгөө халааслаад, номын дэлгүүр рүү явж билээ" хэмээн өгүүлэх түүнийг Л.Цэнгүүн гэдэг.  Тэрбээр одоо 20 настай. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд график дизайнер мэргэжлээр суралцдаг. Хоёрдугаар курсийн оюутан. Чөлөөт цагаараа ном уншиж, тэмдэглэл хөтлөх дуртай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэзээнээс номонд "хорхойсч" шимтэн уншдаг болсон бэ?

-Би чинь сүүлд л номонд дурлаж эхэлсэн. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард их сургуульд ордог жилдээ “Ер нь л ном уншиж эхэлье” гэж шийдсэн. Тэрнээс өмнө амьдралдаа гуравхан ном л уншсан байдаг. Оюутан хүн мөнгө төгрөг багатай байсан учраас үеэлтэйгээ мөнгөө нийлүүлээд ном худалдаж авахаар “Интерном” дэлгүүрийг зорин очсон. Тухайн үед надад 16 мянган төгрөг байсан.

Анх яг ямар төрлийн ном уншихаа мэдэхгүй хүний хөгжлийн “Цойлогсод” ном, нөгөөх нь уран зохиолын “Луун шивээст охин” номыг худалдан авсан. Тэгээд л 2021 онд нэг л мэдэхэд номын хорхойтон болчихсон байсан  даа.

-Өнгөрсөн 2021 онд 40 гаруй ном уншсан гэсэн үү?

-Тэгсэн. Ном уншаад эхлэхээр худалдан авалт хийхдээ ялгаж сурдаг юм билээ. Сонирхол татсан номуудаа уншиж, он дуусахад 40 ном болсон байсан. Монгол ном нэг ч байхгүй. Эдгээрийн 25 нь хүний хөгжлийн ном байсан. Үлдсэн 15 ном нь уран зохиолын ном. Яагаад монгол ном уншдаггүй вэ гэдэг дээр түүх ярихад, би 10 дугаар ангидаа Төв аймгийн Баян сумын дунд сургуулиас хотод шилжиж ирээд, хотын хүүхдүүд ном их уншдаг юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд нэг найзаасаа ном гуйсан чинь “Оройгүй сүм” номыг өгсөн. Тухайн үед тэр номны шашинлаг үг хэллэгийг ойлгохгүй, дундаас нь орхичихсон. Тэр үеэс хойш ном уншихаасаа зүрхшээдэг болчихдог юм билээ. Тиймээс дандаа орчуулгын ном эсвэл англи хэлтэй ном уншдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

“БАРИМТАД ТУЛГУУРЛАЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА”

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс цар тахлын үед Засгийн газар, улс, нийслэлийн онцгой комисс алдаатай үйл ажиллагаа явуулж, халдварын тархалтыг нэмэгдүүлсэн талаарх дата мэдээллийг нэгтгэн гаргажээ. Энэ талаар тус хөдөлгөөний гишүүн Ц.Чинбатаас тодрууллаа.

-Засгийн газар болон УОК-ыг та бүхэн яагаад алдаатай үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэх болов?

"NoDoubleStandard" хөдөлгөөн өнгөрсөн жилийн зургадугаар сарын 25-наас эхлэн Засгийн газар болон УОК, ЭМЯ-нд найман шаардлага хүргүүлсэн. Тухайн үед манай иргэний  хөдөлгөөний зүгээс Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх, Covid-19-ийн үед төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах, удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх, Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа хүргүүлсэн. Үүний төлөө иргэдтэй нэгдэж жагсаал, цуглаан ч зохион байгуулсан. Тухай бүрд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдийгөө өмгөөлж, цар тахлын онцгой үед Засгийн газар хамгийн сайнаар ажиллаж байгааг мэдээлж байлаа. Гэвч бодит статистикаас харвал, хөл хорионы дэглэм ард иргэдээр даажигнасан жүжиг болоод өнгөрсөн. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, олон аж ахуйн нэгжийн бизнесүүд хөл хорионоос болж дампуурсан. Харин эрх мэдэлтнүүд халдварын тархалтыг бууруулах нэрийдлээр улсаас их хэмжээний төсөв батлуулж, тоглолт хийсэн. Хандив тусламж, зээл гээд Засгийн газар хангалттай санхүүжилт авсан ч хэрэгжүүлсэн ажлууд нь ямар ч үр дүнгүй байсан. Үүнийг иргэдээс гадна тоо баримт баталж байна.

-Та бүхний гаргасан дата мэдээлэлд цар тахлын үед хүний эрх зөрчигдсөн ямар тоо баримтууд байна вэ?

-Халдварт өвчнөөр далимдуулж хүний эрхэд халдсан, хууль зөрчсөн үйлдлийн олон кейс бий. Тоо баримтын хувьд орлогогүй болсон, бизнес нь дампуурсан, Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн тоон дээр зөрүү гарсан зэрэг дата мэдээллийг бид нэгтгэж, боловсруулж байна. Монгол Улс нэг сая 500 мянга гаруй хүний ажиллах хүчний нөөцтэй. Эдгээрээс 1.1 сая орчим нь хөдөлмөр эрхэлж байна. Харамсалтай нь, цар тахлын үед ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувийнх нь орлого 2021 оны эхний 7-8 дугаар сард буурсан. Энэ бол Засгийн газраас гаргасан хөл хорионы дэглэмтэй холбоотой. Иргэд халдварын тархалтыг хумих бодлогыг дэмжиж, өөрсдөө эдийн засгийн хувьд хүнд байсан ч олон сар тэвчиж, дуугүй явсан. Эрх мэдэлтнүүд харин гаргасан шийдвэрээ өөрсдөө зөрчиж байсан. Үүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг 600 мянган хүний ажлын байр хөл хорионы үеэр 80 хувь буурсан. Харин тушаал, шийдвэр гаргагчид тэмдэглэлт ой, баяр ёслолд төсвийг гамгүй цацсан. Үр дүнд нь халдварын тархалт дахин оргил үедээ хүрч, кластер өвчлөл нэмэгдсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

“ПЯНЗ ЦУГЛУУЛАХ НЬ ҮНЭТЭЙ ХОББИ БИШ”

Шинэ үеийн хамтлаг дуучид пянз гаргах нь түгээмэл болж. Сонсогч залуусын хэрэглээнд пянз хэдийнэ дээгүүр байр эзлэх болсон.  Цахим орчинд “Пянз толгойт” хэмээх нэрээрээ танигдаж буй пянз цуглуулагч  Р.Бат-Оргилтой ярилцлаа.

-Өөрийгөө яагаад “Пянз толгойт” гэж  нэрлэсэн бэ? Английн “Radiohead”/Радио толгой/хамтлагаас санаа авсан уу?

-Багаасаа хөгжим сонсдог байсан. Хүн ямар нэг зүйлийг сонирхлоо болгож, түүндээ цаг зав бүхнээ зориулаад  эхлэхээр үргэлж боддог шүү дээ. Би пянз сонирхож эхэлснээсээ хойш байнга пянзны тухай боддог болсон/инээв/. Пянз миний толгойд байнга эргэлдэж байдаг. Тийм учраас “Пянз толгойт” гэж нэрлэсэн. Цаашдаа нүүр номдоо пянзны талаар бичлэг оруулахыг зорьж байна даа.

-Хэзээнээс пянз цуглуулж эхэлсэн бэ?

-Би олон улсын худалдааны мэргэжилтэй. Хүмүүст гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалж өгдөг. 2016 онд нэг найздаа Америкаас пянз тоглуулагч захиалж өгсөн юм. Захиалга ирээд шалгаж үзэх гээд 110 вольтод ажиллах ёстой тоглуулагчийг 220 вольтод залгаад шатаачихсан. Хүний захиалсан бараа эвдэлсэн болохоор мэдээж төлбөрийг нь буцааж төлсөн. Тэгээд эвдэлсэн тоглуулагчаа янзлуулаад өөрөө авсан. Тэгж анх тоглуулагчтай болсон доо. Ер нь тэрнээс хойш пянз сонирхож эхэлсэн.

-Таны цуглуулгад хэр их пянз байгаа вэ?

-Яг нэг бүрчлэн тоолж үзээгүй. Барагцаагаар 140-150 пянзтай. Ямар нэг хөгжмийн төрөл жанрт баригддагүй. Гэхдээ ерөнхийд нь дөрвөн хэсэгт хувааж болно. Нэгт, Монголын хамтлаг дуучдын пянз. Монгол уран бүтээлч нарыгаа юун түрүүнд дэмжихийг хичээдэг. Тэдний гаргасан пянзыг  чадвал бүгдийг нь цуглуулахыг зорьдог. Хоёрт, “Electro,“Upbeat”,“Dance”урсгалын уран бүтээлч нарын пянзнууд. Гуравт, оюутан насандаа сонсдог байсан хамтлагуудын пянз.  Мөн орчин үеийнх гэж дөрөв хувааж болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж