"Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг гишүүнтэй найз байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

"Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг гишүүнтэй найз байгаагүй"

Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ.


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МАНДУУЛ:

Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал хүнд байна. Монголбанкнаас манай банкинд шалгалт хийхэд 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй зээлийн ангилалд оруулсан. Мөн 200 тэрбум зээлийг эргэлзээтэй гэх ангилалд багтаасан. Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк. Энэ утгаараа зохих арга хэмжээг авч байна. Нийтдээ 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шүүхэд өгсөн. Банк ил тод, шударга ажиллах ёстой гэх зарчмынхаа хүрээнд эдгээр мэдээллийг вебсайтдаа байршуулсан. Одоогоор бид зээлдэгч нарт зээлээ төлөх шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбум зээлийн төлөлт хийгдлээ.

Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит банк. Бусад арилжааны банкнуудаас бодлогын банк гэдгээрээ ялгаатай. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хадгалдаггүй. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр эдгээр зээлүүд төлөгдөхгүй бол нөгөө талдаа манай банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадаад өр, төлбөрт төлж, алдагдалтай ажиллана. Хэрвээ эдгээр зээл төлөгдөхгүй ирэх жилд төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол Засгийн газар эдгээр зээл төлөгчдийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна.

Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. 2012 оноос хойш цугласан зээлийн асуудал яригдаж байна. Хамгийн анх 200 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бий болсон. 2012-2016 онд 990 тэрбум, 2017 оноос хойш 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл болсон. Энэ хугацаанд зээл төлөгдөхгүй удахаар барьцаа хөрөнгийн чанар алдагдаж байна. Бидэнд шууд барьцааг нь хурааж авах эрх байхгүй. Заавал шүүхээр шийдэгдэнэ.

Манай банкинд 66 зээлдэгчийн 74 зээлийн актив бүртгэлтэй байна. Энэ бүгд дээр бид дахин шалгалт хийж байна. Өчигдөр чанаргүй зээлтэй холбоотой бүх материал, шийдвэр гарсан процесс, баримт бичгүүдийг  АТГ-т шилжүүлсэн.  Манай банк цаашдаа хоёр чиглэл барьж ажиллана. Нэгдүгээрт, Шинэ сэргэлтийн бодлогоор тодорхойлсон 20 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд оролцоно. Хоёрдугаарт, экспортыг дэмжих төслүүдийг санхүүжүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:

2019 оны зургадугаар сарын 2-нд захирлын ажлаа хүлээж авсан. Тэгээд арванхоёрдугаар сарын 31-нд ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн хугацаанд хэвлэлд тайлангаа тогтмол тайлагнаж байсан. Би  захирал байхдаа ганцаараа нэг ч зээлийн шийдвэр гаргаагүй. ТУЗ-өөр хуулийн дагуу, дүрэм журмаараа зээл олгодог. 2019 онд гарсан гурван зээл нь намайг ажил авахаас өмнө батлагдсан, нөхцөл өөрчилсөн зээлүүд байсан. Тэрнээс бол шинэ зээлүүд биш.

Намайг захирлаар томилогдоход багцын чанар дээр ажилла гэсэн үүрэг өгсөн. Мөн Хөгжлийн банкны дотоод дүрэм журамыг сайжруул, олон улсын стандартад нийцүүлэх хувилбар руу дөхүүлэх ажлыг эхлүүлсэн. Зарим тохиолдолд ТУЗ-ийн шийдвэрээр өмнө гарсан зээлүүдийн нөхцөлийг өөрчилсөн. Жишээлбэл, "МАК цемент" ХХК-ны зээлийн нөхцөлийг өөрчилж, 20 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийлгээд графикт өөрчлөлт орж байсан. Үнэхээр цаана нь зээл аваад тодорхой хэмжээнд бизнес нь эхлээд зээлийн зарцуулалт нь батлагдсан тохиолдолд зээлийн нөхцөлийг өөрчилж бизнесийг нь дэмжих шийдвэрийг гаргаж байсан. Гүйцэтгэх захирлын ажлыг аваад зээлийн материалуудтай танилцахад  шаардлагад үл нийцэх барьцаа хөрөнгийн зээл их байсан. Энэ асуудлын хүрээнд Хөгжлийн банкны барьцаа хөрөнгийн зээлийн шаардлагыг илүү чангаруулсан.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай найз байгаагүй. Намайг ажил авахаас өмнө "Вертекс майнинг партнер" компани Хөгжлийн банкны харилцагч байсан. Барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байсан. Тэр үед 60-70 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Арванхоёрдугаар сард ТУЗ-өөр ороод зээл нь батлагдсан. Намайг захирал байхад зээл нь олгогдоогүй. Би арванхоёрдугаар сарын 31-нд ажлаа өгсөн. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2020 онд зээл нь олгогдож эхэлсэн.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж