Төв банк: Бодлогын хүүг нэмэгдүүлж, 6.5 хувьд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Төв банк: Бодлогын хүүг нэмэгдүүлж, 6.5 хувьд хүргэлээ

Төв банк: Бодлогын хүүг нэмэгдүүлж, 6.5 хувьд хүргэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2022.01.28) ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувийг нэмэгдүүлэх, урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх тухай хэлэлцжээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар мэдээлэл хийлээ.

Тус ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 6.5 хувьд хүргэх,
  2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 8 хувьд хүргэх,
  3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцлийг өөрчлөх зэрэг багц шийдвэр гаргажээ.

ЭРЭЛТИЙН ШАЛТГААНТАЙ ИНФЛЯЦИ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖЛИЙГ ДАГАН АЛГУУР НЭМЭГДЭХ ХАНДЛАГА ХЭВЭЭР БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Covid-19-ийн омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляци олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдэв. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө.

Жилийн инфляци 2021 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав.

Эрэлтийн шалтгаантай инфляци эдийн засгийн идэвхжлийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байна. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа.

Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцийн хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцийн хоёр дахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бродлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна.

Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцийн өрнөлтэй уялдуулж, бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

"САЙН ЦАГ ИРЖ БУЙГ ИЛТГЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД БАЙНА"

АНУ-ын Төв банкны бодлогын хүүтэй холбоотой гаргасан шийдвэр Монгол шиг хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө. Гэхдээ сайн цаг ирж байгааг илтгэх шинж тэмдгүүд бас байна.

Энэ оны сүүлээр инфляц бидний тооцоолсон хэмжээнд хүрч, 6+- хувь руу буурна. Уг нь жил бүрийн намар, хичээл эхлэхээс өмнө махны нийлүүлэлт өсч, үнэ нь буурдаг. Энэ онд энэ жишгийг давтсангүй. Учир нь 2021 онд ноолуурын үнэ өндөр байсан, хүүхдийн мөнгө гэх мэт халамж тарааж, хөл хорио тогтоосон зэрэг нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн. Ирэх сард инфляци хамгийн өндөр түвшинд хүрээд, бидний төлөвлөсөн хэмжээ рүү буурах хүлээлт байна.

Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун нийлүүлэгчдэд шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй олгосон. Зээлийн жилийн хүү 9 хувь.

"ЗАСГИЙН ГАЗРААС ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ ЗӨВ"

Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна. Чингис хаан банк хувь хэрэглэгчдийн мөнгийг түргэн өгч байна. Харин төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан, хуваарийн дагуу төлбөрийг нь гүйцэтгэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 орчим тэрбум төгрөгийн төлбөр гүйцэтгэсэн. Эдгээр банкуудад Тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, бид хяналт тавин ажиллаж байна.

Хөгжлийн банк тусдаа хуультай. 2020 оноос л манай хяналтад шилжсэн. Тус банкны олон зээл чанаргүй болсныг манай ханалтын ажилтнууд илрүүлсэн. Актив удирдлагын компани байгуулан, чанаргүй зээлүүдийг төлүүлнэ. Олон улсын сайн туршлагыг судлахад Актив удирдлагын компани өр, авлагыг сайн барагдуулдаг юм байна. Иймд бид энэ хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Одоогоор энэ хуулийг батлаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж