Цар тахлын нөхцөл байдал, шинэ төрлийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор Хятад улс хилийн хориг тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Урд хөрш ийн хилээ хааж, монголчууд бидэнд үндэсний бөгөөд дотоодын үйлдвэрлэл хичнээн чухал болохыг сануулсаар буй.
Өдгөө Хятад улс 2022 он дуустал хилээ нээхгүй байж болзошгүй гэсэн мэдээлэл, таамаглал гарсаар байна. Тухайлбал, Нью-Йоркт төвтэй "Goldman sachs" групп өнгөрсөн сард Хятадын хилийн хориг 2022 он дуустал үргэлжилж болзошгүйг анхааруулсан. Тус группийн шинжээчид “Хятад 2022 онд өвлийн олимп болон улс төрийн хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулах тул хилийн хатуу хоригоо бүтэн жилийн турш үргэлжлүүлж болзошгүй" гэж онцолсон юм. Мөн тэд дотоодын "Синовак" үйлдвэрийн вакцин омикрон хувилбарын эсрэг үр дүн багатай байгаа нь үүнд нөлөөлж буйг ч тодотгожээ.
Хятадын хамгийн том аялал жуулчлалын компаниудын нэг болох “Ctrip”-ийн ерөнхийлөгч Лян Жианжан Хятад улс хилээ зургаан сарын дараа нээнэ гэж таамаглаж байгаагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд хэлснийг sinorusfocus.com мэдээлсэн.
БНХАУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Гао Фу “Хятад улс ирэх хаврыг дуустал Covid-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлнэ. Дараагийн алхмууд цар тахлын хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас хамаарна” гэж хэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс хилээ нээхээс өмнө шинэ төрлийн Covid-19-ийн эсрэг сүргийн дархлаа тогтоохоор төлөвлөсөн бөгөөд үүний тулд тус улсын нийт хүн амын 83 хувь нь вакцинд хамрагдах ёстой аж.
Монголчууд бидний хувьд Эрээний хил хаагдана гэдэг "аюул". Хятад улс хилээ хааснаар Монгол Улсын импортын гол сувгууд хаагдаж, хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд түүний "хатуу буулт"-ыг хангалттай амссаар байгаа нь гашуун үнэн. Энэ нь урьдын адил бараа, бүтээгдэхүүний хомсдлыг гааруулж, инфляци өсч, төгрөгийн ханш улам сулрах бодит эрсдэл дагуулах нь тодорхой юм.
Манай инфляцийн сагсны 40 хувийг импортын бараа бүрдүүлдэг. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тээврийн зардлыг дагаад импортын барааны үнэ ихээхэн өсөлттэй гарчээ. Жишээ нь, жимсний үнэ дунджаар 51 хувиар өсч, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ ч багагүй хувиар өссөн нь инфляцийг хөөргөдөх гол шалтгаануудын нэг болов. Мах (24 хувь), сүү (19 хувь), талх, гурил, будаа (13 хувь), ногооны үнэ (44 хувь) тус тус өсчээ. Нэг кг чинжүү, цэцэгт байцаа 12 мянган төгрөг, лууван, манжин гэх мэт дотоодоос хангадаг ногооны үнэ мөн өссөн үзүүлэлттэй гарав. Өнгөрсөн намар тариаланчид өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн ургац хураасан, шатахууны үнэ өссөн ч зардал нь 20 орчим хувиар өсөх байтал лууван, манжингийн үнийг үндэслэлгүй нэмсэн байж болзошгүй байдал ажиглагджээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдсан ч дотоод эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны сүүлийн хоёр улиралд төсөөллөөс доогуур гарав. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхжил сул байгаа нь эдийн засгийн өсөлт саарахад голлон нөлөөлсөн. Тиймээс Төв банк бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байв.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2022.01.28) ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосноо зарласан билээ. Эх сурвалж мэдээлэхдээ тэтгэвэр, тэтгэмж нэмэх гэнэтийн шийдвэр нь эмзэг байгаа эдийн засагт хүнд цохилт болж буй тул бодлогын хүүг зайлшгүй нэмэх шаардлага тулгарч байгааг дуулгасан. Тиймээс Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гарах магадлал өндөр байна.
Урд хөрш хэрвээ хилээ 2022 оны турш нээхгүй бол Монгол Улсын засгийн газар цаг алдалгүй Хятадын талтай яриа хэлэлцээ хийж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй байх “авралын гарц” хайж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг шинжээчид онцолж байна. Эс бөгөөс хөрш орны хоригтой “хатуухан өдрүүд” энэ жилжин үргэлжлэх нь тодорхой юм.
Холбоотой мэдээ