Л.Оюун-Эрдэнэ: Тэвчиж болох зардлаа танахаар боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргасан.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хүргэе.
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох саналыг дэмжжээ. Иймээс энэ асуудлыг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Ийнхүү төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зардлаа танаж, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа. Бар жилийн босгон дээр тэтгэврийн нэмэгдүүлэх гэж байна. Усан бар жил шинэ сэргэлтийн жил байх болно. Цагаан сарын босгон дээр Монголын талд ногдох өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Энэ мэт улсаа өөд татаж, иргэдээ өөд татах төр засгийн бодлого урагштай байгаад талархаж байна.
ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГА, ҮҮНЭЭС ДЭЭШ ТЭТГЭВЭРТЭЙ ИРГЭДИЙН ХУВЬД 15 ХУВИАР НЭМНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй. Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна. Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52 хувь нь 3-р тунд, 78.345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхижүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа. Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа. 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна. Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна. Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой. Тиймээс л бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн суурийг тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас цаг алдалгүй эхлүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс дахин хүсье. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Тэтгэврийг нэмэхэд бодож байж, тооцоо судалгаа хийж байж алгуурхан нэмэх байсан юм болов уу. Арай огцомдчихсон юм болов уу гэж бодож байна. Тэтгэврийн огцом нэмэгдүүлэх нь цаашдаа цалин нэмэх, халамж нэмэх асуудал болно. Ийнхүү үнийн өсөлтийг ташуурдана. Бид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэрхэн барих вэ. Гэтэл одоо эрэлтийг дэмжсэн цалин тэтгэврийн инфляци үнийг илүү хөөрөгдөнө. Валютын ханшийг хэрхэн тогтвортой байлгах юм зэрэг олон асуудал тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой гарч ирнэ. Энэ тал дээр Засгийн газар илүү анхаараасай.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-УИХ-ын гишүүдээс ичиж байна. УИХ-ын чуулганаар тооцоо судалгаатай хэлэлцэх боломж байсан. Олон чуулганд ярьсан. Зарим нь биднийг попорлоо гээд доромжилж байсан. Дараагийн чуулганаар ярина гээд биднийг загнаж байсан. Яагаад гэнэт оруулж ирсэн юм. Ийм манлайлалгүй байж болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Нийтдээ 290 төсөл арга хэмжээг царцаах юм бол 575 тэрбум төгрөг гарч ирэх боломжтой байгаа. Хэлэлцүүлгийн үеэр үүнийг хасаад 575 тэрбумыг нэмээд өгчихье. Өнгөрсөн жил нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлого 24 хувиар өссөн байна. Энэ бол амжилт юм. Тэгэхээр 400 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байна. Засгийн газар маш зоригтой шийдвэр оруулж ирж байна. Үүнийг хамтдаа шийдэх боломж байсан юм. Мөн нийгмийн даатгалын сангийн 24 хувийн нэмэгдэл буюу 724 тэрбумыг нэмэх саналтай байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой төсвийн тодотгол хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2022 оны төсөв ярьж байхад төсвийн зардлын хяналтын дэд хороонд 290 төсөл арга хэмжээг царцаах юм бол 575 тэрбум хэмнэнэ гэсэн. Үүгээр бол энэ төсвийн тодотголоор 193 төсөл арга хэмжээг царцаагаад тэндээс 300 гаруй тэрбум хэмнэж байгаа юм байна. Энэ бол эх баригчдын хувьд том амжилт юм. Та нарт удтал алга ташин баяр хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-С.Одонтуяа гишүүн та асуудлаа ялгаж салгаарай. Хөгжлийн банк, Капитал банкны Б.Ундармааг яах юм бэ. Хөгжлийн банкны чанаргүй 26 зээлдэгчийг зарласан байна. Цаашилбал оффшорт гаргасан хөрөнгө мөнгө, Ерөнхий сайд хийж байсан хүний нөхөр Дубайн гэрээг хийгээд гадаадад гараад зугтаад алга болсон. Энийг яагаад оруулж ирэх талаар ажил хийхгүй байна вэ. Дээд шатны буруу үлгэр жишээнээс болоод төрийн бүх шатны албан хаагчид хөрөнгө мөнгө тансаг хэрэглээ рүү хошуурсан. Энийг яаж засах юм бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хөгжлийн банк, Капитал банктай холбоотой чанаргүй зээлдэгчдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ерөнхий сайд авлигатай зоригтой тэмцэх хэрэгтэй байна. Төрийн бүх шатны байгууллага авлига албан тушаалын хэрэгт идэгдсэн байна. Энэ хүмүүс рүү бид орох хэрэгтэй. Төрийн бүх шатны албан хаагчийг чанаржуулах байдал руу орох хэрэгтэй байна. Хөгжлийн банкны 26 чанаргүй зээлдэгчийг бүгдийг нь зарлах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бүх л сонгуулиар хэдэн хөгшчүүлээ хуураад байдаг. Энэ удаа нэмэхдээ бага байгаа хэсгийг нь их байгаа хэсэгтээ ойртуулсан байдлаар зохицуулж болдоггүй юм уу. Ахиж зөрүүг нь арилгана гэхээс ичдэг болоод байна. Ер нь бол зардлаа нэмсэн зүйл бий шүү. Хөгжлийн банкны луйврыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн банк сүүлийн хоёр жил шинэ зээл олгосонгүй. Нийт зээлийн багцын 55 нь чанаргүй зээл болчихсон. Уг нь бол энэ банк олон хөгжлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд идэвхтэй тоглогч болоод явж байх ёстой. Энийг цаашид яаралтай эргэлтэд оруулах талд дээр бүхий л боломжоо дайчилна. Чанаргүй зээлдэгч нартай хууль шүүх, эдийн засгийн бүхий л талаас нь шахаж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэхэд гурван хүндрэл үүснэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан тэтгэвэр тогтох нь ээ. Энэ арга хэмжээг авснаар тэтгэврийг зөрүүг арилгах биш эсрэгээр нэмэгдэх гээд байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлээд тэтгэвэр нэмэх боломж гарч ирж байна гэж ойлгож байна. Сангийн сайдаас асуухад тодорхой хэмжээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлаас хасагдах юм байна гэж ойлголоо. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн зардал, цалин мөнгөөс хасагдахгүй биз дээ?
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Он гарсаар Оюутолгой, Замын-Үүдийн боомт зэрэг эдийн засгийн нааштай үзүүлэлт гарч ирж байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн эргэн төлөлт ямар байна вэ. Капиталд банкинд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө үрэн таран болсон. Өнөөдрийн байдлаар 22.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байх жишээтэй. Цаашдаа ийм байдал үүсгэхгүй байх ямар боломж байна вэ. Нийгмийн даатгалын мөнгө найдвартай банкинд байгаа юу?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Капитал банкнаас 104 тэрбумын авлагатай байсан. Одоогийн байдлаар 30 орчим тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн. Үлдсэн 70 тэрбум төгрөгийн асуудлыг үе шаттай барагдуулах, хөрөнгөөр барагдуулах, битүүмжлэгдсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зэрэг үе шаттай ажил хийнэ. Ямар нэгэн байдлаар банк дампуурлаа гэхэд мөнгө алга болж, эзэнгүй үлдсэн асуудал байхгүй. Шат шатны шүүхийн шийдвэр гарах, битүүмжлэлээс гарах шүүхийн шийдвэр эцэслэн гарах зэргээр 70 тэрбумын авлага үе шаттай барагдана. Нөгөө талдаа хоёр банкинд мөнгө байсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байсан 30 орчим тэрбум төгрөгийг бүрэн барагдуулсан. Цаана нь 100 орчим тэрбум төгрөг байгаа. Тухайн хоёр банк дампуураагүй, үйл ажиллагаа явуулж буй учир түргэн шуурхай гарц шийдэл гаргахаар ажиллаж байна. Одоогийн нөхцөл байдалд нийгмийн даатгалын хөрөнгийг банканд байршуулаагүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-АН-ын дарга С.Эрдэнээс Нийгмийн даатгалын сангийн мөнгөө нэхмээр байна. Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. С.Эрдэнийн хүүд нь очиж хэлмээр байна. Чи гадаа гудманд жагсч байхаар аавынхаа “гадна” жагс.
Ахмадууд ядуу амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд Тэтгэврийн хуулийг олон ярьсан. Углуулгаар нь авч үзэхгүй бол косметик засвар амжилттай болохгүй. Тэтгэврээр улстөрждөг болсон. Сүүлдээ нэг хууль ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг нөхөр С.Одонтуяагийн тархийг угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэх шиг хийх ажилгүй нөхөртэй боллоо. Сүүлдээ цагаан саргүй болох юм байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн тухай хуулиар төсвийн орлого бууж байж төсөв тодотгодог үндсэн зарчимтай Үндсэн агуулгатай нийлэхгүйгээр төсвийн тодотгол орж ирж байна. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Алдагдлыг бид улам нэмээд байна. Асар их алдагдалтай нийгмийн даатгалын санг яах вэ гэдэг "толгойн өвчин" гарч ирнэ. Үүнийг дагаад халамж, цалинг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байхад тэтгэвэр 500 мянган төгрөг байж болохгүй. Үнийн өсөлт хүссэн хүсээгүй "явна". Үүнийг мөнгөний бодлогоор барина биз.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Он гараад удаагүй байхад тодотгол хийж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар ирсний дагуу оруулж ирж байна. Тодотголын хувьд эхний хагаст цар тахлын хууль байгаагүй бол дөрөв таван удаа тодотгол хийх шаардлага үүсч байсан. Тухайлбал, вакцин худалдан авах мөнгө байгаагүй. Цар тахлын хуулийн хүрээнд вакцин худалдаж авч чадсан. Энэ жил мөн адил. Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл өөдрөг сайн гарсан.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн гүйцэтгэл гарч, бидний яриад буй тоо бол бүгд урьдчилсан тоонууд шүү дээ. Бид нар баталгаажсан тоонд шийдвэрээ гаргах учиртай. УИХ-аар орж байж баталгааждаг тоо шүү. Тоогоо баталгаажуулаагүй байж төсөвт тодотгол хийх нь бодох ёстой асуудал.
Холбоотой мэдээ