Зам тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тээвэрлэлтийн хүрээнд нэгдүгээр сарын 11-ээс 27-ны хооронд нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг, 14736 тонн ачааг татан авлаа. Одоогийн байдлаар Замын-Үүдэд задгай тэвштэй машинаар 136 , битүү машинаар 495 чингэлэг зөөж, Улаанбаатар хот болон бусад орон нутаг руу иргэд аж ахуйн нэгжийн ачаа барааг хүргэхээр замдаа гарсан байна. Эдгээр машинуудын дийлэнх нь Улаанбаатар хот руу ачаа бараа зөөвөрлөхөөр явсан бол үлдсэн 71 орчим нь орон нутаг руу гарлаа. Нийт жолооч нарын 340 нь Замын-Үүд сумаас, 336 нь Улаанбаатар хотоос, 19 нь бусад орон нутгаас бүрдсэн байна. Хятадын талаас суларсан чингэлгүүдийг буцаагаагүйгээс ажил саатсан ч сүүлийн хоёр өдөр буцааж эхэлсэн. Хятадын талаас бэлтгэж буй чингэлэг нийтдээ 985 байгаагаас нэмэлт гарсан хоосон чингэлгүүдийг шат дараалалтайгаар буцааж эхэлнэ. Мөн өмнө зогссон байсан нуранги ачаанууд болох нүүрс, төмрийн хүдэр зэргийг гаргах талаар судалж байна.
Улаанбаатар төмөр замын орлогч дарга Д.Амарбаясгалан
-Хятадын талд хүсэлт тавьсны дагуу Эрээн хүртэл чингэлгээс бусад бүх ачааг хүлээж авахгүй гэсэн хоригийг цуцалсан. Хятадын төмөр замын өртөө Эрдэнэт үйлдвэрийн зэс, төмрийн хүдэр зэргийг хагас вагоноор хүлээж авахаар болсон. Урьд нь хоногт найман галт тэрэг хүлээж авдаг байсан бол одоогоор 10 галт тэрэг хүлээн авдаг болсон. Үүнээс харахад уул уурхайн экспорт бага багаар өсөж байгааг мэдэгдэхэд таатай байна.
Өчигдөр 15 цагт Хятадын төмөр замын дарга, Улаанбаатар төмөр замын дарга нар импортын ачаа тээвэрлэлтийн талаар уулзалт зохион байгуулсан. Хятадын талаас мэдээлэхдээ "Монгол Улстай тээвэрлэлт хийхэд бэлэн байгаа ч Эрээн хот хөл хорио тогтоосонтой холбогдуулан Ардын засгийн газарт мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд хариу ирсэн дариуд эргэж мэдэгдэл хийнэ" гэсэн. Хэрэв нааштай мэдэгдэл ирвэл урин дулаан цагт барилгын ачаануудыг Улаанбаатарт ирүүлэх явцыг амжилттай зохион байгуулах юм. Эрээн өртөөн дээр өргөн нарийн царигийн паркийг өргөжүүлэх хоёр зөрлөгийн хүчин чадлыг дээшлүүлэх ажил цагаан сарын дараа эхэлнэ. Уг ажил эхэлснээр тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэн өдөрт хорин галт тэрэг зорчих боломжтой болох юм.
Зам тээврийн хөгжлийн сайдын 374 дүгээр тушаалаар ачааны тээврийн нэг тонн ачаа тээвэрлэхэд жишиг хэмээн тооцон гаргасан байдаг. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан жишгийн хүрээнд тооцвол 25 тонн ачаа тээвэрлэдэг байна. Тарифын хувьд төрийн байгууллага тогтсон үнэтэй байдаг бол хувийн байгууллагууд тохиролцоон дээр тулгуурлан үнэ тогтоодог. Үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан Засгийн газраас зохицуулж чадах хэмжээгээр арга хэмжээ авж эхэлсэн. Тиймээс асуудлуудаа тодорхой баримт нотолгоон дагуу хүсэлт гаргавал асуудлын дагуу арга хэмжээ авж байна. Мөн тээвэрлэлтийн үнэ ханш хэт өссөнтэй холбоотой санал гомдлыг 1900-1234 дугаар дээр хүлээн авж байна.
М.ГЭРЭЛМАА
Холбоотой мэдээ